Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01129

 

А-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01009 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.А-гийн хариуцагч “М-” ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 36,820,075 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний хүү М.Э- нь 2018 дугаар 11 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан. М.Э- нь нас барахаасаа өмнө Капитрон банкны Замын-Үүд салбараас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 22,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авах үедээ “М-” ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, амь нас эрсдвэл зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Замын-Үүд дэх “М-” ХК-ийн салбарт хандахад шүүхээр шийдвэрлэгдсэний дараа шийднэ гэсэн хариу өгсөн. Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргахад нөхөн төлбөрөө гаргуулахад шаардлагатай баримтыг бүрдүүлж даатгагчид хандана уу гэсэн хариу өгсөн. “М-” ХК-д хандахад 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/1287 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Бид ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид хөөцөлдөж чадахгүй байж байгаад өнөөдрийг хүрсэн. М.Э- болон “М-” ХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.7.1-д “Даатгуулагч нас барсан бол зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгоно” гэсэн заалтаа зөрчиж “М-” ХК нь нөхөн төлбөрийг одоо болтол олгоогүйгээс Капитрон банканд их хэмжээний зээлийн төлбөрт ороод байна. Иймд “М-” ХК-аас 36,820,075 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “М-” ХК-тай М.Э-, Н.А- нар нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай ипотекийн барьцаа хөрөнгө, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулж, гэнэтийн ослын улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгуулсан. Даатгуулагч М.Э- нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтан намар-2018 бартаат замын тэмцээнд оролцож байхдаа осолд орж нас барсан. Тус ослын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 124 тоот хариу мэдэгдэх хуудаст хэрэг бүртгэлийн шатанд хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдсэн, амь хохирогч М.Э- нь өөрийн амь нас, эрүүл мэндийн баталгааг гаргаж уг тэмцээн, уралдаанд сайн дурын үндсэн дээр оролцсон байх бөгөөд тэмцээнд оролцсон УАЗ 469 маркийн 55 дугаартай автомашины жолоочийг тэмцээний дүрмийн дагуу оролцсон гэж тогтоосон. Мөн даатгуулагч нь тухайн осолтой холбоотой баримт материалыг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буюу осол гарснаас хойш 1 жил 9 сарын дараа манай компанийн нөхөн төлбөрийн албанд хүлээлгэн өгсөн болно. Иймд даатгагчийн зүгээс дараах үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Үүнд: тус тохиолдол нь даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй, Ипотекийн барьцаа хөрөнгө, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.5.9.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1  дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн. Иймд даатгагч “М-” ХК нь хууль болон даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.А-гийн хариуцагч “М-” ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 36,820,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар П.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. “М-” ХК-тай хийсэн гэрээний 3.1.2-д зээлдэгчийн зээлийн төлбөрийг нөхөн төлөхийг хүссэн банкны өргөдлийг үндэслэн олгох тухай нөхөн төлбөрийн нөхцөлд заасан байгаа ба даатгуулагчийн эхнэр Н.Алтай-Од нь Замын үүд сум дахь “М-” ХК- ийн салбар дээр талийгаач Э-ыг нас барахад 7 хоногийн дараа очиж уулзсан талаар гэрч М.Энхболд гэрчилсэн байгаа. Иймд зөвхөн даатгуулагч хүсэлт өгөх бус Капитрон банк ч мөн нөхөн төлбөр төлөхийг хүссэн өргөдлийг “М-” ХК-д гаргах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Даатгуулагчийн эхнэр Н.А- нь “М-” ХК-д нөхөн төлбөрийн талаар хэдийгээр бичгээр хандаагүй ч очиж уулзахад нь эрүүгийн хэргийг шалгасны дараа олгоно гэсэн буюу тухайн үед зөвлөгөө өгөөгүй олгохоос татгалзсан байгаа нь нөхрөө алдаад сэтгэл санааны уй гашуудал болсон үед баримтаа бүрдүүлэх боломжгүй байдалд байсан мөн эрүүгийн хэрэг шалгаж дуусаагүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан буй болсон байхад шүүхээс нөхөн төлбөр олгоход шаардлагатай баримтуудад хамааралгүй тул “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай гэж үзэж боломжгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч байгууллага талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй. Харин даатгалын гэрээний 13.5.9.7 болон даатгалын баталгааны 4.7-д заасан даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр даатгалын нөхөн төлбөр авах материал болон хүсэлтийг гаргаагүй гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Гэрч н.Энхболдын мэдүүлгээр М.А- “М-” ХК-ийн Замын-Үүд дэх салбарт очиж уулзсан хэдий ч тэрээр даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл, гомдол, хүсэлт болон баримт материалыг “М-” ХК-д хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогддог. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлөө гэрээ болон баталгаанд заасан баримтыг бүрдүүлэн “М-” ХК-д хандах талаар хариу өгсөн. Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч тал даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлийг “М-” ХК-д хугацаандаа өгөөгүй нь нотлогдоно. Мөн нэхэмжлэгч нь “М-” ХК-ийг эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа даатгалын нөхөн төлбөрийг олгох тухай хариу хэлсэн гэх гомдол гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн талаарх баримт нь даатгалын нөхөн төлбөр олгох баримтад хамаарахгүй. “М-” ХК нь эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа даатгалын нөхөн төлбөр олгоно гэж хэлж байгаагүй бөгөөд хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлсэн байдлаа гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж ойлгуулахаар энэ мэт тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч П.А- нь хариуцагч “М-” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 36,820,075 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.а.Зээлдэгч М.Э-, Н.А- нар нь “Капитрон банк” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлжээ. Улмаар зээлдэгч нар нь “М-” ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ипотекийн барьцаа хөрөнгө, зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 13-19-р тал/

 

3.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.Даатгуулагч М.Э- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших “Их-Овоо” гэх газарт “Алтан намар-2018” автомашины уралдаанд оролцох явцдаа осолд орж нас барсан болох нь талуудын тайлбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар тогтоол зэргээр тогтоогджээ. /хх-ийн 8, 114-117-р тал/

4.а.Нас барагч М.Э-ын эхнэр Н.А- нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдлоо гаргасан байх бөгөөд хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Улмаар Н.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр ипотекийн барьцаа хөрөнгө, зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, төлбөр гаргуулах зэрэг эрхийг нас барагч М.Э-ын ээж буюу нэхэмжлэгч П.А-д шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч П.А-д 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 56 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хх-ийн 133-134, 216-р тал/

 

4.б.Даатгуулагч М.Э- нь автомашины уралдаанд оролцох явцдаа буюу гэнэтийн ослын улмаас нас барсан байх тул Ипотекийн барьцаа хөрөнгө, зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээнд зааснаар даатгалын тохиолдолд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4.в.Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Мөн талуудын байгуулсан Ипотекийн барьцаа хөрөнгө, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 13.5.9.7-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоногийн дотор хүлээлгэн өгөөгүй бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана” гэжээ.

 

4.г.Нэхэмжлэгч тал хууль буюу гэрээнд заасан баримт, материалыг бүрдүүлэн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч “М-” ХК-д хүсэлтээ гаргаж, дээрх гэрээнд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, даатгалын тохиолдол бий болсон 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 жил 8 сар гаруй хугацааны дараа хариуцагч байгууллагад хандсан байх тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. /хх-ийн 207-р тал/

 

4.д.Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор баримт материалыг хүлээлгэн өгөх хугацааг талууд гэрээгээр 90 хоног гэж тохиролцсон, талуудын энэхүү тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно. Нөгөө талаар нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

5.Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/01009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН

                         ШҮҮГЧИД                               Д.ЗОЛЗАЯА

  Г.ДАВААДОРЖ