| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 101/2022/04678/И |
| Дугаар | 210/МА2023/01165 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2023/01165
| 2023 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2023/01165 |
К-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01249 дугаар шийдвэртэй К-ийн нэхэмжлэлтэй У.З-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 179,006,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2022 оны 01 дүгээр сарны 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Монгол Улсын иргэн У.З-тай ажил хэргийн шугамаар 2022 онд танилцсан. Түүнтэй зарим бизнес дээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, түүний хүсэлтийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 вон буюу 119,337,692 төгрөгийг түүнд нэг сарын хугацаатай зээлүүлэхдээ У.З-аар гар бичмэл бичүүлж авсан болно. Тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул цагдаагийн байгууллагад хандсан боловч 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 544 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан болно. Өнөөдрийг хүртэл хугацаанд У.З-аас зээлсэн мөнгийг төлж барагдуулахыг шаардсан ч өгөхгүй байна. Иймд У.З-ас 119,337,692 төгрөгийг гаргуулна.
У.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа тул 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 267 хоногийг өдрийн алданги 569,668 төгрөгөөр тооцоход 159,315,696 төгрөг болох боловч хуульд заасны дагуу алдангид 59,668,846 төгрөг, нийт 179,006,538 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "В ХХК-ийн М барилгын В1 давхарт байрлах Э караокег ажиллуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр н.О нь БНСУ-ын иргэн К-г дагуулж ирэн 1,000 орчим м.кв талбайг караокены чиглэлээр тохижуулж маркетинг, менежментийг нь бүрэн хариуцаж танайд 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэхэд миний зүгээс уг саналыг хүлээж авсан. Үүний дараа зураг төсөл, засвар тохижилт хийнэ гэж К 2021 оны 12 дугаар сард караокены үйл ажиллагааг нийтэд үйлчлэхийг зогсоолгосон. Би 2022 оны 01 дүгээр сард 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хэзээ хийх вэ гэж асуухад К би урьдчилгаа 50,000,000 вон буюу 119,337,692 төгрөгийг БНСУ-аас гуйвуулга хийдэг хүнээр дамжуулаад чиний данс руу шилжүүлье гээд К нь 50,000,000 воныг хөрөнгө оруулалтын 1,000,000 ам.доллараас хасаж тооцъё би чамд 50,000,000 вон зээлдүүлсэн гэсэн бичиг хийгээд өг гэж хэлсний дагуу бичиг хийж өгсөн. Үүнээс хойш тохирсон хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Нэхэмжлэлд дурдсан гэрээний дагуу зээлдүүлсэн гэх 119,337,692 төгрөгөөс ойролцоогоор 20 орчим сая төгрөг шилжүүлсэн.
К нь 2022 оны 12 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн найз нөхөд, залуучууд эмэгтэйчүүдийг авчирч хаалттай байсан караокег нээлгэн мөн клуб руу орж шоуддаг байсан ойролцоогоор 190 сая гаруй төгрөгийн үйлчилгээг авсан тул төлбөр хийгээгүй. Караокены үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой орлого тасалдаж, алдагдалд орсон тул 119,337,692 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.
2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Э нэртэй караокед 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай хэлцлээс үүдэлтэй миний ажиллуулдаг караокед эхлээд 50,000,000 вон өгье үүнийг хөрөнгө оруулалтаас хасаж тооцно хэмээн намайг төөрөгдөлд оруулж дүр үзүүлэн хийсэн байна. Иймд миний ажиллуулдаг караокены ашиг орлого алдагдсан тул К-д дээрх мөнгийг өгөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "В" ХХК-ийн М барилгын В1 давхарт байрлах караокег ажиллуулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын эхээр О нь БНСУ-ын иргэн К-г дагуулж ирэн 1,000 орчим м.кв талбайг караокены чиглэлээр тохижуулж маркетинг, менежментийг нь бүрэн хариуцаж танайд 1,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэхэд би саналыг хүлээж авсан. Үүний дараа зураг төсөл, засвар тохижилт хийнэ гэж К 2021 оны 12 дугаар сард караокены үйл ажиллагааг нийтэд үйлчлэхийг зогсоолгон уг хугацаанаас хойш хаалттай байсан караокег нээлгэж, клуб руу орж наргиж цэнгэж, шоуддаг байсан бөгөөд нэг удаагийн үйлчилгээндээ хамгийн үнэтэй сет болох 2-14 сая төгрөгийн архи, дарс, ус, ундаа, хоол гэх мэт олон удаагийн үйлчилгээг авсан байдаг. Хөрөнгө оруулалтын талаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр К-тай уулзахад уг мөнгийг шилжүүлэх, дуусгавар болгох буюу үүнтэй холбоотой ямар ч хэлцэл хийх эрмэлзэл, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байсан. Энэхүү зээлийн гэрээнд заасан үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл зөвхөн гэрээ хийсэн мэт гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан. Иймд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу 50,000,000 воныг зээлүүлж улмаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болно. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд дурдагдсан үйл ажиллагаа болон үйлдлийг хийж байгаагүй, түүний эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг баарны үйл ажиллагааг зогсоогоогүй болно. Харин хариуцагчийн гуйлтын дагуу түүнд итгэн мөнгө зээлсэн бөгөөд энэхүү зээлсэн мөнгөө баталгаажуулж зээлийн гэрээг бичгээр үйлдэн гарын үсэг зуралцсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 болон 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээт чөлөөт байдлыг зарчмын дагуу хуульд үл харшлах гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд хариуцагч У.З- зээлийн гэрээний гар бичмэлийг өөрөө бичиж өгсөн байдаг. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.З-аас 119,337,692 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч K-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 59,668,846 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У.З-ын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,210,933.46 төгрөг, хариуцагчаас төлсөн 754,638 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.З-аас 754,638 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Kim Dongsu-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
6.1.Нэхэмжлэгч К болон хариуцагч У.З нар 2021 онд ажил хэргийн шугамаар танилцаж, У.Замбагын караокег засан сайжруулж, сүүлийн үеийн чанартай караоке болгон ажиллуулахаар харилцан тохирч, үүнтэй холбоотой 50,000,000 вон шилжүүлсэн болох нь Кгийн мэдүүлгээс /хх-6/ харагддаг. Тухайн үед У.З- нь К-гийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 вон авсан гэсэн бичиг үйлдсэн нь Иргэний хуулийн 281 дугаар заасан зээлийн гэрээний харилцааг үүсгэх зорилготой бус харин У.З-ын мэдлийн караокег засан сайжруулах зорилготой байсан, засан сайжруулалтыг хийсэн. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээ байгуулахын тулд нэг тал нь гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө тал саналыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулснаар хуульд заасан эрх, үүргийг хүлээх бөгөөд хариуцагчийн хувьд зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох үүргийг хүлээх хүсэл зориг байгаагүй зөвхөн гэрээ хийсэн мэт гадаад илэрхийллийг бий болгох, дүр үзүүлэх зорилготой байсан. Энэхүү зээлийн гэрээ нь хамтран ажиллах хэлцлийг халхавчилж дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.
6.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй байхад 119 сая төгрөгийг хариуцагч тал аваагүй гэдгээ нотол гэж нотлох үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон. Сүхбаатар дүүргийн Покурорын 2022 оны 544 дугаар тогтоолд гэрч У.З-ын тайлбар, Д.Б, Э.О нарын мэдүүлгийг үгүйсгэж байгаа шүүхийн үндэслэл тодорхойгүй, үндэслэл муутай байхын зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлалгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсаныг үндэслэн шаардлага гаргасан. Гэтэл бодит байдалд тухайн гэрээ хүчин төгөлдөр зээлийн гэрээ биш тул гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй. Иймд хариуцагч 119,000,000 төгрөг болон үүний 50 хувийн алдангийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч К нь хариуцагч У.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 179,006,538 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарны 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 50,000,000 вон буюу 119,337,692 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. У.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 119,337,692 төгрөг, алданги 59,668,846 төгрөг, нийт 179,006,538 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ К манай караокед 1,000,000 ам долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож урьдчилгаа 50,000,000 вон буюу 119,337,692 төгрөгийг өгнө гэж бичиг хийлгэж авсан. Гэвч 20,000,000 орчим төгрөг шилжүүлсэн, өөр мөнгө орж ирээгүй гэж тайлбарлан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчийг 50,000,000 вон бус монгол мөнгөөр 50,000,000-60,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн гэж татгалзсан тул энэ тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын хувьд 50,000,000 вон өгөөгүй, харин 50,000,000-60,000,000 төгрөг авсан гэдгээ хариуцагч нотлох үүрэгтэй юм гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагаас 119,337,692 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн нотлох үүргийг буруу хуваарилсан байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэдгийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр БНСУ-ын иргэн К-гаас 50,000,000 вон болох 119,337,692 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлж авсан нь үнэн болно. Тухайн зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги өгөх болно. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны хооронд зээлэв гэсэн агуулгатай баримт авагдсан.
Хариуцагчаас дээрх баримтыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн дурдаад байгаа гэрээний дагуу зээлдүүлсэн гэх 119,337,692 төгрөгөөс миний Төрийн банкны дансанд 20 гаруй хоногийн хугацаанд ойролцоогоор 20,000,000 орчим төгрөг цувуулж шилжүүлсэн, үүнээс өөр мөнгө орж ирээгүй гэсэн тайлбар гаргасан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч хариуцагчид 119,337,692 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж харилцан адилгүй тайлбар гаргасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид дансаар шилжүүлэн өгсөн гэх боловч тухайн дансны хуулга хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүх тодруулаагүй байна.
4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, дээрх баримтын дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн эсэхийг тодруулж, мэтгэлцүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааныг эргэлзээгүйгээр шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/01249 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.БЯМБАСҮРЭН