| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0010/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0010/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц холбогдох 1839004160249 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1965 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймаг, Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 24-10 тоотод оршин суух хаягтай, Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 01 сарын 27-ны 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, мөн шүүхийн 2005 оны 10 сарын 14-ний 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2011 оны 12 сарын 16-ны 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 20 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2013 оны 03 2 сарын 21-ний 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сар 20 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Д.Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 07 дугаар сараас 20-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Дулааны энгэр” гэх газраас иргэн Д.М-н 1 тооны адууг нууцаар, хууль бусаар авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 07 дугаар сараас 20-ноос 26-ны хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Дулааны энгэр” гэх газраас иргэн Д.М 1 тооны адууг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.М мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний сартай хонгор зүсмийн хязаалан байдас МӨ тамгатай сувиа гүү маань 2018 оны 07 сарын 22-26-ны хооронд Хэнтий Аймгийн Баянхутаг сумын 1-р багийн нутаг дулааны энгэрээс хулгайд алдагдсан. Тэгээд би тэр хавийн айлуудаар алдсан адуугаа сураглахад Ц, А нар нь Баянхутаг сумын иргэн Дэндэв гэх айлын гадаа өдрийн цагаар нядалж авч явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний адуунаас Цэрэндорж захиран зарцуулах эрх байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
Гэрч Ж.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 07 сард Ц, А хоёр М-н сартай хонгор зүсмийн адууг ажиллаж байсан. Тэгээд би Ц, М адуу юм бишүү гэж асуухад Ц нь би аргална гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад өгсөн …” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
Гэрчээр Г.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хониндоо яваад ирж байхад Ц нь адуу тууж ирээд А нийлж байгаад хонгор зүсмийн нэг тооны адуу бариад гэрийн баруун талд нядалсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
Гэрчээр О.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “... хэний адуу гэдгийг мэдээгүй, Д.Ц надад зааж өгсөн адууг нь би барьж өгсөн. Цэрэндорж нь цуг ирсэн Төмөө гэх залуутай хамт нядалсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/
Гэрчээр Б.Т мөрдөн байцаалтад өгсөн: “... Ц 7сарын үеэр өөрийнхөө адуунаас хүрэн зүсмийн үрээ барьж аваад Д-н гадаа Ц, Д бид 3 ажилласан. Тэгэхэд Ц надад хөгшин нь баларсан хэд хоногийн өмнө хүргэнийхээ гүүг андуураад ажиллачихсан байна лээ гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/
Яллагдагчаар Д.Ц-н өгсөн мэдүүлэг: “... 2018 оны 08 сарын үеэр банкны зээл нэхэгдээд мөнгөний хэрэг болоод байхаар нь 2018 оны 08 сарын 20-оор байх шиг яг өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр таксины зогсоол дээрээс Байгаль гэх эмэгтэйтэй Баянхутаг сум орж адуу ажиллаж ирэх гэсэн юм хөлсийг чинь өгье гэж хэлээд Байгалийн приус маркийн тээврийн хэрэгслийг хөлслөөд Баянхутаг сумын “Сайрын Ам” гэх газар руу явсан. ...хонгор зүсмийг хязаасан байдсан гүүг барьж аваад Дэндэвийн гадаа авчирч уяад байж байхад Д-н баруун урд дээр байдаг Б-н малыг харж байсан А-л гэх залуу морьтой давхиж ирсэн. Тэгээд барьсан хонгор гүүгээ ажиллах гээд А-г гуйгаад бид 2 хамт ажилласан. Тэгээд бид ажилласан адууныхаа махыг Байгалийн машинд хийгээд аймгийн төв орж ирээд шинээр баригдсан бойны эзэн Д-д 500.000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Малын үнэлгээ /хх-ийн 27 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Ц-н бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д 650,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Д.Ц-с унагатай гүү авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Ц бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ