Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01108

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01108

 

 

 Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/01118 дугаар шийдвэртэй, Ц.С-ын нэхэмжлэлтэй УБТЗ-д холбогдох 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/ll/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, тухайн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:УБТЗ- 2015 оноос Улаанбаатар Өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сард УБТЗ ын Нэгдүгээр орлогч дарга И.В.М-х хуралдаж, намайг олон асуудалд буруутгасан. Хариуцагч талаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно гэж заасныг зөрчиж, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах арга хэмжээ аван, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар татах хэсгийн тэргүүлэх нягтлан бодогчоор ажиллуулахаар тушаал гаргасан.

Иймд УБТЗ-аас Хөдөлмөрийн хуулийн холбогдох үндэслэлгүйгээр намайг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн тул Улаанбаатар Өртөөний ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаар албан бичгийн дагуу Ц.С-д арга хэмжээ авч, ажил албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/873 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Ц.С-д холбогдох сахилга, хариуцлагын асуудлыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанд нэхэмжлэгч өөрөө оролцон, албан тушаал бууруулах арга хэмжээ хүлээлгэхээр шийдвэрлэснийг мэдсэн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УБТЗ-д холбогдох 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлаа үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, тухайн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргалаа. Үүнд:

4.1.Ажил олгогчоос Ц.С-ыг ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй, харин албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн үйл баримтыг шүүх ажлаас халсан гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй. Мөн Ц.С-ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажлаас халсан гэж үзнэ гэсэн дүгнэлт нь 1999 оны Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалттай нийцсэнгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох үндэслэлд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж буй нөхцөлийг оруулсан нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 тогтоолын 15-д заасан байдаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хувийн эрх зүйн харилцаан дах иргэнд хариуцлага хүлээлгэдэг ганц салбар эрх зүй болохын хувьд дээрх заалтыг зайлшгүй мөрдөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах ёстой байтал дээрх зохицуулалтууд аль нь хэрэгжсэнгүй.

4.2. Ц.С д хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 20- ны өдөр гаргасан, Ц.С-ыг халах талаар түүнд мэдэгдээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил олгогч Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд Ц.С өөрийг нь халж байгаа талаар тодорхой мэдэхгүй явсан. Байгууллагын бичиг хэргийн ажилтан түүнд илгээсэн цахим харилцсан зурваст(чат) буй маргааны үйл баримт болсон тушаалд Ц.С-ыг ажлаас халсан талаар шийдвэр болон үндэслэлийн алийг нь ч дурдаагүй. Шүүх Ц.С-ыг ажлаас халсан гэж үзсэн төдийгүй, энэ тушаалаар халагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан УБТЗ-ын даргын 2019 оны Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.14-д зохицуулсан боловч Ц.С-д УБТЗ-ын Хүний нөөцийн алба ямар ч тушаал шийдвэр гардуулан өгөөгүй. Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүний нөөцийн албанд өргөдөл гаргахад салбар нэгжээсээ ав гэсэн хариу өгсөн тул Улаанбаатар өртөөнд очиж асуухад Хүний нөөцийн менежер тушаал гардуулан өгсөн. Уг тушаалыг хүлээн авч танилцахад түүнд хариуцлага хүлээлгэх тухай өмнө цахим зурвасаар буюу чатаар ирүүлсэн тушаал байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.С өөрийг нь уг тушаалаар ажлаас халсан болохыг тухайн өдөр мэдэж, гардан авсан өдрөө шүүхэд гомдлоо гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй. Ажил олгогч ажилтанд тушаал, шийдвэрийг гардуулан өгөх хууль болон журмаар тогтоосон үүргээ биелүүлээгүйг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

4.3. Нэхэмжлэгчийн ажлаас халагдсан тушаал хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хуульд нийцсэн эсэхийг хянаж, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг болон шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тухай зарчмыг үл хэрэгсэн ажил олгогч ажилтнаа яллаж, хууль бусаар ажлаас нь халсныг нөхөн зөвтгөжээ. Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэргийн үйл баримтын хүрээнд шинжлэн судлахад нэхэмжлэгчийг ажлаас халсан үйл явдал нь Ц.С-ын гэм бурууг тогтоогоогүй байх үед хамаарч байгаа нь тодорхой байсан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг гаргах үед тогтоогдсон баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөллөө. Дээрх үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргалаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/ll/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, тухайн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

4.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр УБТЗ-д Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

4.2. Авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зөрчил арилгуулах тухай 06/10461 дугаартай албан бичигт Ц.С нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн компанитай гэрээ байгуулан бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон, мөн Улаанбаатар өртөөний даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх талаар зохион байгууллалтын арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг 14 хоногийн дотор ирүүлэхээр заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдүүдийг оролцуулан нэхэмжлэгчийг байлцуулан хуралдаан зохион байгуулж, даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/ll/135 дугаар тушаалаар албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэжээ.

5. Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласан, хариуцагч нь Улаанбаатар төмөр замын эрх бүхий этгээдүүд оролцсон хуралдаанд нэхэмжлэгч оролцсон тул өөрт нь хариуцлага хүлээлгэснийг мэдсэн, тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түүний фэйсбүүк /facebook/-ийн чатаар илгээсэн, тэрээр хүлээн авсан гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн маргаан бүхий тушаалыг мэдээгүй гэсэн тайлбар нь Улаанбаатар татах хэсгийн тэргүүлэх нягтлан бодогчоор томилуулах тухай хүсэлт болон Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/l/522 дугаар тушаалаар няцаагдаж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн, 129.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.1. Ажил олгогч нь ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь түүнийг ажлаас халсантай адилтган үзэх тул энэ агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

Хариуцагч тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн цахим хаягаар илгээсэн болох нь бичиг хэрэг хариуцсан ажилтан Н.Тунгалагийн тайлбар /хх-77/, үзлэгийн тэмдэглэлээр /хх 214-220/ тогтоогдсон байна. Нэхэмжлэгч тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргах байтал 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргаж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

6.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дүгээр албан бичгээр хариуцагчид зөрчил арилгуулах шаардлага хүргүүлсэн, уг шаардлагын дагуу хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаалаар нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/873 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны гаргасан зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд ажил олгогчийн тушаал гарах үед нэхэмжлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байсан нь тушаалд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй гэж үзэх, улмаар тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм. Иймд хууль бусаар ажлаас халсан гэх гомдол үндэслэлгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/01118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН