| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0011/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0011/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.А,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.У
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А холбогдох 1839003440278 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т164-р байрны 09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Н.А
/Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-164 дүгээр байрны гадна иргэн М.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-164 дүгээр байрны гадна иргэн М.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 07 дугаар сарын 05, 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд давтан үйлдлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-164 дүгээр байрны гадна иргэн М.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.Х мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018 оны 07 сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-164 дүгээр байрны зүүн талаасаа ордог орцны үүдэнд Н.А-д зодуулсан. Намайг гэнэт барьж аваад багалзуурдаад нүүрэн дээр нэг удаа цохисон. Тэр үед Наранцэцэг намайг салгаж авч явсан. Намайг зодуулах үед Л, Н нар харсан. Зодуулснаас хойш хамраас цус гарч хамрын яс хугарсан. ... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү, мэдрэл муутайгаараа далимдуулаад ийм үйлдэл удаа дараа гаргаж байгаа залуу юм. Эцэг эх нь энэ хүүхдээ холбогдох байгууллагад нь байлгахгүй групын мөнгийг нь аваад гэрээрээ байлгаад ийм асуудал гаргуулаад зүгээр байгаад байдаг...” гэх мэдүүлэг.
... Би 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 11 цагийн үед гэртээ найз Н, Х нартай нэг шил 0.75 литрийн архи хувааж уучихаад унтсан. Тэгээд 16 цагийн үед сэрээд Наранцэцэгийн хүүхдийг бойн дээр буюу ажил дээр нь аваачиж өгөх санаатай явах гэж байсан. Тухайн үед Н өөрөө бойн дээр ажиллаж байсан ба би хүүхдийг нь харж байсан юм. Тэгээд хүүхдийг нь тэргэн дээр түрээд явж байсан чинь Муурын байшингийн зүүн талаасаа 2 дахь байранд байх Нямсүрэнгийн гэрт хүмүүс шуугилдаад архи ууж байх шиг байсан. Би өглөө нь архи уусан байсан болохоор тэднийх рүү орж дотроо засаж ганц хундага архи ууя гэж ороод тэгээд Нямсүрэнтэй юм ярьж байгаад надад ганц хундага архи хийж өгсөн. Тэрийг нь уучихаад байж байтал тэдний хүү А гэнэт над руу уурлаад намайг түлхээд унагасан. Би угаасаа А сэтгэцийн өөрчлөлттэйг мэддэг учраас тэднийхээс бушуухан гараад явсан. Тэгсэн чинь А хойноос чулуу барьж ирээд миний толгой руу цохисон. ...намайг чулуугаар цохих үед Т163 дугаар байранд өрөө хөлсөлдөг Б.М хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-29 тал/
Гэрч Б.Л мөрдөн байцаалтад өгсөн: “... манай байрны Хэрлэнчимэг эгч согтуу манай байрны үүдэнд зогсож байсан түргэний машины жолоочийг чи согтуу байна гээд байсан чинь манай байрны тэнэг Ш, Х эгчийг яагаад дарвалзаад байгаа юм бэ гэж хэлээд заамдаж аваад нүүрэнд нь цохисон чинь Х-г эгчийн хамраас цус гарсан. Тэгтэл Н эгч Х эгчийг дагуулаад гэртээ орсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/
Гэрч Г.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Х-г эгчийг манай байрны тэнэг Ш гэгч гараараа багалзуурдаж байгаад нүүрэнд нь 1 удаа гараараа цохисон. Ямар ч шалтгаангүй цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/
Гэрч О.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...А, Х энэ зун зодсон гэж сонссон. Ер нь бол согтуу хүн харагдвал эрэгтэй, эмэгтэйгүй зоддог. Муурын байшинд олон хүн зодсон гэж сонсож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/
Гэрч Н.Э мөрдөн байцаалтад өгсөн: “... Ш өнгөрсөн зун Х гэдэг хүүхнийг зодсон гэж сонссон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/
Гэрч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: “... Х эгчийг 2018 оны 07 сарын эхээр улсын баяр наадмын өмнө муурын байшинд амьдардаг А зодож хамрыг нь хугалсан. Тэгээд Х-г эгчийн хамраас нь цус гараад байшингийн үүдний довжоон дээр нэлийсэн цус тунасан байсныг А-н ээж У эгч 25 литрийн цэнхэр савтай ус гаргаж ирээд цусан дээр асгаад цусыг нь урсгаж цэвэрлэсэн. Х-г эгч рүү А дайраад байх үед Урнаа эгч боль гээд хорьж чадахгүй байсан чинь А, Х эгчийг заамдаж аваад нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон. Дараа нь У эгч Х нөхөртөө зодуулсан гээд худлаа яриад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
Гэрч Б.Л-н мөрдөн байцаалтад өгсөн: “... А ер нь сэтгэцийн хувьд эрүүл гэхэд ч хаашаа юм, эрүүл биш ч гэхэд хэцүү тийм л хүн, зан харилцааны хувьд түргэн, цочмон зантай их сонин хүн. А-д хүн зодуулсан асуудал ер нь байнга гарч байдаг. Миний мэдэхээр Х, Н эгч, манай ээж У нар А нэг их сүртэй гэмтэж бэртэж байгаагүй ч гэсэн зодуулж цохиулж л байсан. Намайг хүртэл энэ оны хавар 03 сарын 20-ны үеэр шиг санаж байна гэрт орж ирээд намайг жирэмсэн байхад өшиглөж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/
2018.07.10-ны №327 дугаартай шинжээчийн
1. М.Х-н биед 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгийн язарсан шарх, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 46 тал/ гэсэн дүгнэлт
2018.09.03-ны №398 дугаартай шинжээчийн:
1. М.Х-н биед зулайн хуйханд шарх, хүзүүнд зулгаралт, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 50 тал/ гэсэн дүгнэлт
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.11.06-ны өдрийн № 28 дугаартай
Шинжээч эмч Х.О шүүх хуралдаанд өгсөн: ...Догширлын байдал нь буюу ухамсарт ухааны алдагдлын байдал нь таталт ойр ойрхон өгөөд, үргэлжилсэн таталтанд орсон үед ухамсарт ухаан балартдаг учраас гэнэтийн үйлдлүүдийг хийх аюултай байдаг. Харин эмээ байнга уугаад намжилтын байдалтай байхад заавал догшроод байдаггүй. Тайван байлгаад байвал догшролд орохгүй. Энэ хүний хувьд эмчийн зүгээс заавал албадан эмчлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сэтгэцийн архаг өвчин эмчлэгдэхгүй болсон учраас уналтыг цөөрүүлэхийн тулд байнгын эм ууж байгаа. Тэрнээс бүрэн эмчлэх эмчилгээ биш байгаа. Хийсэн хэргийг нь хараад үзэхэд албадан эмчлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Алтаншагайгийн хувьд ар гэрийнхэн нь иргэний шугамаар Улаанбаатарт эмчлүүлж болно. Орон нутагтаа ч эмчлүүлж болно... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Гэвч шүүгдэгч нь хэрэг хариуцах чадваргүй талаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 56-58 хуудас/ гарсан байх тул түүнд холбогдох хэргийг “хэрэг хариуцах чадваргүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал... мөнгө төгрөг нэхэмжлэхгүй /хх-29 хуудас/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас шүүгдэгч Н.А-д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинжээч эмч Х.О-н “Хийсэн хэргийг нь хараад үзэхэд албадан эмчлэх шаардлагагүй гэж үзэж байгаа.” гэсэн мэдүүлгийг үндэслэн эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн Мэдрэл, сэтгэцийн тасагт эмчлүүлэх санал гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Н.А холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн 1839003440278 дугаартай хэргийг “хэрэг хариуцах чадваргүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр түүнийг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн Мэдрэл, сэтгэцийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.А-г эмчлэх арга хэмжээ авахыг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэл, сэтгэцийн тасагт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ