| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0019/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0019/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
Шүүгдэгч О. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.д холбогдох 1839000000287 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, аав, ахын хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг, Улаан-Өндөрийн 4-9 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар 01 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, ялаа эдэлж байгаад 04 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх О. /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-79 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан Д.Уранчимэгийн өмчлөлийн Тоёота Королла Спасио маркийн 62-63 ХЭҮ улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн автомашины дотор байсан Э.Машбат, Д.Уранчимэг, М.Сүмбэр нарын жолооны үнэмлэх, Э.Машбатын Төрийн банкны виза карт уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг зориуд хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-79 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан Д.Уранчимэгийн өмчлөлийн Тоёота Королла Спасио маркийн 62-63 ХЭҮ улсын дугаартай автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн автомашины дотор байсан Э.Машбат, Д.Уранчимэг, М.Сүмбэр нарын жолооны үнэмлэх, Э.Машбатын Төрийн банкны виза карт уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг хулгайлсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6, 10-12 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/,
Хохирогч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд манай нөхөр удалгүй 20-30 минутын дараа гэртээ ирсэн. Машинаа байрны гадаа байрлуулсан гэж байсан. ...Маргааш өглөө нь 08 цагийн үед бага хүүгээ сургуульд хүргэж өгөх гээд манай нөхөр машинаа халааж байя гээд гарсан. Тэгснээ эргэж орж ирээд машин байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гараад харсан манай машин байхгүй болсон байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,
Гэрч Э.Машбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед дэлгүүр орж ахуйн хэрэглээний зүйлс авахаар гэрээсээ гараад эхнэр Д.Уранчимэгийн Тоёота Королла Спасио маркийн 62-63 ХЭҮ улсын дугаартай авто машиныг жолоодон 99 маркетаас юмнуудаа аваад замаараа “Эвт” худалдааны төвийн урд талын “МТ” колонкоос машиндаа 20.000 төгрөгөнд бензин хийгээд 22 цаг 30-40 минутын үед гэрийнхээ гадаа буюу С79 дүгээр байрны гадаа хамгийн хойд талын өөрийнхөө орцны үүдний харалдаа зогсоол дээр машинаа зүүн тийш харуулж байрлуулаад түгжээд дэлгүүрээс авсан юмнуудаа аваад гэртээ орсон. Маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 08 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гараад ирсэн чинь машин байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгснөөс хойш 2 цаг гаруйн дараа манай машин Саригийн 10 дугаар гудамжнаас олдлоо гэсний дагуу очиход манай машины ард болон урд талын гупер нь хагарсан, баруун хойд талын дугуй нь юу ч үгүй болтлоо хагараад бүр хамер нь салбайчихсан, обудны төмөрний хэв нь алдагдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
Гэрч Н.Пүрэвдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнийн 01 цагийн үед манай гэрийнхэн унтаж байсан чинь гаднаас манай хамгийн бага төрсөн дүү болох О. орж ирсэн. Тухайн үед О. архи уучихсан бололтой согтуу байсан. Тэгээд юм ярилгүй буцаад гараад явсан хойно нь би араас нь гараад хөөе чи унтаач гэж хэлсэн. Тэгсэн чинь хашааны гадна машинтай хөдлөх шиг болсон. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагийн үед сэрээд харсан чинь О. ирчихсэн орны урд талд газар унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 002 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 тал/,
Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 72 тал/,
Шүүгдэгч О.ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...би машиныг нь аваад явсан нь үнэн. Мөн дотор нь байсан бичиг баримтуудыг аваад кармалж байсан, согтуу явж байгаад хаясан юм шиг байна. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.ийн Д.Уранчимэгийн өмчлөлийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн автомашины дотор байсан жолоочийн үнэмлэх, банкны виза карт, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ зэргийг зориуд хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд О.ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Уранчимэг нь үнэлгээгээр тогтоогдсон хохирол, төлбөрийг бүрэн авсан тул цаашид О.аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 100 тал/ гэсэн учраас шүүгдэгч О.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О. нь урьд шүүхээс ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ХМШЗ/46 дугаартай шүүгчийн захирамжаар 04 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан бөгөөд, хяналтын хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр дээрх санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.г автотээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах, бусдын баримт бичгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.ид Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж шүүгдэгч О.н нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.250.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор О.д оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 01 хоног дээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.250.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 83 хоног болгон нэмж нэгтгэн шүүгдэгч О.н биечлэх эдлэх хорих ялыг 06 сар 24 хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.ид оногдуулсан 06 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч О.г цагдан хорьсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА