Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 212

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 сарын 06 өдөр             Дугаар 212                                         Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 2-9 тоотод оршин суух, ЖЭ 88111084 регистртэй/ Боржигон овогт Ганхуягийн Хулангийн нэхэмжлэлтэй

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р баг, отрядын байрны 55 тоотод оршин суух, Хилийн 20 дугаар отрядад хил хамгаалалтын албаны шуурхай жижүүр ажилтай, /ЖЯ 91031417 регистртэй/ Ноён дуляд овогт Өлзийсайханы Баттогтоход холбогдох

 

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 02-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Хулан, хариуцагч Ө.Баттогтох нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Хулан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ө.Баттогтохтой 2010 онд танилцаж, дотно харьцаатай болсон. 2012 оноос хоёр гэрийнхээ хооронд ирж очоод явдаг байсан. Ө.Баттогтох 2012 оны 10-р сард цэрэгт явсан. Тэгэхэд би жирэмсэн болоод үлдсэн. 2013 оны 10-р сард цэргээс халагдаад тэндээ улиран ажиллах болсон. Би дөнгөж 3 сартай нялх хүүхэдтэй учир бид хоёрыг үлдээж, Баттогтох буцаад явсан. 2013 оны 12 сард би хүүтэйгээ араас нь очиж 3-4 сар сайхан амьдарсан. Баттогтох сургалтанд Улаанбаатар хот явсан учир би хүүтэйгээ  Дорнод аймагт ирсэн. Тэр цагаас хойш тусдаа амьдарсан. Албан ёсоор гэр бүл болоогүй. Энэ хооронд өөр хүнтэй холбоотой болсон сураг сонсогдсон. Иймд нэгэнт хамт амьдрахгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй учир 2013 оны 07-р сарын 04-нд төрсөн хүү Мөнхтэнгэрт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд хүү Мөнхтэнгэрийн эцгээр Ө.Баттогтохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Баттогтох шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжлүүлсэн. Шинжилгээний хариутай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Хулан нь хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Г.Хулан, Ө.Баттогтох нар нь 2010 оноос эхлэн дотно харьцаатай болж тэдний дундаас хүү Х.Мөнхтэнгэр нь 2013 онд төрж, эрүүл энх бойжиж байгаа ба хүү Х.Мөнхтэнгэрийн эцэг нь хариуцагч Ө.Баттогтох мөн болох нь ЖЮ13270434 тоот төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн тодорхойлолт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 29-ний өдрийн 3338 тоот шинжээчийн дүгнэлт /Хүний геномын микросателлит D3S13588, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX FGA локусын аллелиар Ө.Баттогтох нь Х.Мөнхтэнгэрийн биологийн эцэг байх боломжтой байна. Ө.Баттогтох нь Х.Мөнхтэнгэрийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна. БУ-ны доктор, ДНХ-ийн шинжээч С.Ганболд/ гэх дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч Ө.Баттогтохыг хүү Мөнхтэнгэрийн эцгээр тогтоож,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч Г.Хулангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хуланд олгож, Ө.Баттогтохоос хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 982200 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 28123 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 07-р сарын 04-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Хулангийн Мөнхтэнгэрийн эцэг нь  Ноён дуляд овогт Өлзийсайханы Баттогтох мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07-р сарын 04-ний өдөр төрсөн хүү Мөнхтэнгэрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Өлзийсайхан овогтой Баттогтохоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Г.Хулан, Ө.Баттогтох нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Хулангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хуланд олгож, Ө.Баттогтохоос хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 982200 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 28123 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА