Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0016/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                               М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Я.Сансар,

Шүүгдэгч                                                          П.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О холбогдох 1839000000223 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1974 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Хангал 11-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар, мөн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 385 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан П.О

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.О нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6-р баг, Хангал хороололд иргэн Ж.Э  маргалдан улмаар зүүн далны орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  П.О  нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6-р баг, Хангал хороололд иргэн Ж.Э  маргалдан зүүн далны орчимд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 сарын 27-ны өдөр Г манайд орж ирээд намайг 2 үхэр ажиллаад өгөөч гэхээр нь би маргааш болохгүй юм уу гэхэд машин ярьчихсан өнөөдөр ажиллахгүй бол болохгүй гэхээр нь би Г-д очиж 2 үхэр ажиллаж өгсөн. Үхэр ажиллахад О Г-н эхнэртэй гэдэс арилгаад махыг нь зөөж өгч байсан. Үхрээ ажиллаж дуусаад Г-н гэрт нь архи уугаад О бид 2 хоорондоо муудалцсан. Яг юун дээрээс болж муудсанаа санахгүй байгаа юм. Бид 2 муудалцаад би О-г цааш нь түлхээд гарах гэсэн. О намайг нааш ир гэхээр нь би буцаад гэр рүү орох гээд тонгойтол зүүн мөр хавьд О хутгаар хатгасан. Тэгээд би шууд гэрлүүгээ яваад гэртээ очоод эмч дуудсан. Эмч ирээд гэрт надад оёдол тавиад боогоод ерөнхийдөө гайгүй байна гээд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18 тал/

 

Гэрч Н.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “… Э-р би 2 шүдлэн үхэр төхөөрч янзлуулсан. Би согтоод Э-ы гэрт нь тасраад унтсан. Тэгсэн Э нь О-д хутгалуулчихлаа гээд байсан...”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30 тал/

 

Гэрч В.Э-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 09 сарын 27-ны өдөр Э-г О хутгаар хатгачихлаа эмгнэлэгт хүргээд өг гэж Г ахын эхнэр Ц надад утсаар хэлсэн. ...Э-ы гэрт ирсэн чинь эмч нар ирээд Э-д оёдол тавьж байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 тал/

 

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 441 дугаартай шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт:

1. Ж.Э биед зүүн далдны дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 35 тал/

 

 Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч П.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч П.О-с нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. П.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-г 680  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан 680 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Д.ГАНЗОРИГ