Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01182

 

 

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01182

 

 

  Х СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01307 дугаар шийдвэртэй, Х СӨХ-ны нэхэмжлэлтэй С.М-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 976,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай СӨХ нь Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны *** байрны ** тоотод оршин суугч С.М нь манай байрны подвалын өрөөний өмчлөгч бөгөөд энэ байрандаа худалдаа үйлчилгээ явуулж байгаа юм. Бусад байр өмчлөгчийн ижил байрны дундын өмчийг ашиглаж байгаа. Гэвч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй олон жил болж байна. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т орон сууцны өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцохыг үүрэгжүүлсэн бөгөөд СӨХ нь гишүүдтэйгээ гэрээ байгуулах шаардлагагүй юм. СӨХ-ноос удаа дараа төлбөрөө төлөхийг бичгээр болон утсаар С.М-д мэдэгдэж байсан.

Иймд С.М-гаас 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны засвар үйлчилгээний төлбөрт төлөөгүй 976,860 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ төлбөрийг тооцохдоо 1 м.кв-ийг 230 төгрөгөөр тооцож гаргасан, мөн банкнаас сар бүрийн төлбөр дээр цаасны мөнгө болох 200 төгрөгийг нэмж тооцсон гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны *** байранд 2005 оноос одоог хүртэл оршин сууж байна. Уг байр нь 2003 онд ашиглалтад орсон 2018 он хүртэл СӨХ-гүй байсан. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Х СӨХ-д харьяалагдаж эхэлсэн гэх боловч надтай тус СӨХ-ны дарга болох Г.Т нь гэрээ хийх санал тавихдаа орон сууцны м.кв тутмаас 700-800 төгрөгөөр тооцож гэрээ хийнэ гэхэд нь ямар үндэслэлээр энэ үнийг тогтоосон шалтгааныг асуухад хариулаагүй болно. Орон сууцны тухай хууль, Барилгын тухай хууль болон холбогдох хууль дүрмийн дагуу айл өрхөөс м.кв-ийг нь 200-300 төгрөгөөр тооцож авдаг журам байхад дээрх төлбөрийг нэхэж гэрээ хийнэ гэхэд нь миний бие татгалзсан болно. Би уг байраа өмчилж авснаас хойш 2015 оны 10 дугаар сараас мөн оны 11 дүгээр сар хүртэл хувиараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч тухайн үед санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан үйл ажиллагаагаа зогсож байсан. Мөн 2 удаа үерт автаж өөрсдөө засвар хийсэн. Тухайн үед тус СӨХ-той ханан дээр тавьдаг хаяг, рекламын гэрээг хийсэн. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй орон сууцны зориулалтаар ашиглан амьдран сууж байсан. Сууц өмчлөгчтэй гэрээг зохих журмын дагуу тухайн үед нь байгуулаагүй, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулаагүй бичиг баримтаар нэхэмжлэл гаргаж буйг эсэргүүцэж байна. *** байрны ** тоот нь орон сууцны зориулалт бүхий хагас давхар буюу *** давхарт байрладаг болно. Нийтийн орц ашигладаггүй, цахилгааны тэжээл нь тусдаа орсон, тусдаа шат хаалгатай өргөтгөл бүхий орон сууц юм.

Би 2018 оноос хойш Х СӨХ-оос зардал гаргуулж ямар нэгэн засвар үйлчилгээ авч байгаагүй. Зуны улиралд усархаг бороо орсны улмаас их хэмжээний үерийн ус тус дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11, 12, *** байрны урд зам дээр дүүрч тунардаг. Улмаар *** байрны буланд байдаг гараашийн хонгил руу ус цутгаж урсан манай баруун талын ханыг нэвтлэн усанд автуулдаг. Үүнээс үүдэн хананы шохой унаж, будаг халцарч жил бүр гэртээ засвар хийдэг гэхэд хилсдэхгүй. Мөн *** байрны хойд талын байшингийн хаяавч бүх хэсгээрээ цуурч ангайсан байсныг өөрсдөө зардал гарган нөхөж бетон цутгасан боловч нэмэлт засвар хийгээгүйгээс манайх руу хойд талаасаа чийг цохиж ханын шохой будаг халцарч унадаг. Ийм нөхцөл байдалтай олон жил хохирч явж байгаад оршин суугч миний бие хариуцдаг байгууллагад нь удаа дараа өргөдөл өгч хөөцөлдсөөр ** байр, ** байрны дунд үерийн ус зайлуулах суваг хоолойг шинээр хийлгүүлсэн.

Х СӨХ-ны төлөөлөгч Г.Т нь тайлангийн хурал болон бүх гишүүдийн хурлыг зарлаж мэдэгддэггүй, ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус оршин суугчдад мэдээлэл өгдөггүй, уулздаггүй. Мөн нэхэмжлэлд удаа дараа бичгээр, утсаар мэдэгдэж гэжээ. Гэтэл энэ хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөх тухай мессеж ирсэн. Ер нь жилд нэг, нэг удаа л ийм мессеж ирдэг. Орон сууцны насжилт болон орон сууцны аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр мэргэжлийн түвшин дутмаг, сууц өмчлөгчдийн эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалах үндсэн чиг үүргээ ухамсарладаггүй биелүүлдэггүй, хувийн харилцаа доголдолтой. Мөн интернэт болон тог усны доголдолд дуудлага өгсөн оршин суугчдыг чирэгдүүлж дээврийн цоожны түлхүүр үзелийн хаалганы түлхүүр зэргийг засварчдад өгөхгүй цаг алдуулдаг. Миний бие тус байранд амьдарсан үеэс эхлэн орцны үүдэнд байрлах сандалын савхан мод сольж, төмөр хөлийг газарт гагнаж тогтоосон, торон төмөр хаалт 2 ширхэгийг худалдан авч шатны хажууд бэхэлж, төмөр үнсний сав хийж гагнасан. Метал хавтан өнгөт хуулга ашиглаж *** тоо бүхий дүрсийг байрны хананд өндөрт өлгөж тогтоосон. Өөрийн сууцныхаа доторх халаалтын шугамуудыг солихдоо тус байрны ** дүгээр орц, ** давхарын шугам хоолойг давхар сольж өөрийн мөнгөөр засварлуулсан. Мөн 2015 оны өвлийн улиралд **, *** байрны урд замд тогтсон мөсөн хучлагийг би гэр бүлийн хамт цэвэрлэж байсан, жил дараалан хохирол амсаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч С.М-гаас 968,760 төгрөгийг гаргуулж, Х СӨХ-д олгож, нэхэмжлэлээс 8,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,994.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-гаас 27,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байр "Х" СӨХ-ны гишүүн биш бөгөөд мөн манай тоот нь тусдаа хаалгатай бөгөөд дундын өмчлөлийн орц, хаалгаар огт орж гардаггүй, дундын эзэмшлийн зам талбайг ашигладаггүй. Манайх "Х СӨХ-өөс ямар нэг үйлчилгээ авдалгүй тул сар бүрийн СӨХ-ны засвар үйлчилгээний төлбөрт нэхэмжилж байгаа 18,090 төгрөгт ямар, ямар ажил үйлчилгээ хамаарч байгаа талаар тодруулахад төлбөрийн задаргааны талаар ямар ч мэдээлэл өгдөггүй, шүүхэд ч энэ талаар баримт өгөөгүй.

4.2. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаарах 331,020 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2018 оны 05 дугаар сард 12 дугаар байрны оршин суугчид хурал хийж, хурлын протокол үйлдсэн. Энэ хуралд би оролцсон. Уг хурлаас гарсан шийдвэрийг дүүрэгт хүргүүлж, *** байрыг ** сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэсэн. С.М нь өөрийн эзэмшлийн подволын хэсгийг тусдаа объект, тусдаа орц гарцтай гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Учир нь энэ подвол *** байрны салшгүй нэг хэсэг учраас дундын эд хөрөнгийн өмчийг ашиглаж, эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, 12а байрны ус, цахилгаан, дулааныг ашигладаг. Гомдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 2 өмчлөгч байхад зөвхөн С.М-гаас төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж тайлбар гаргаж байна. Тухайн байранд хэдэн өмчлөгчөөс үл хамаарч сууцны тоогоор оршин суугчийг тодорхойлдог. Орон сууцны эрчим хүчний гэрээнд С.М өөрийгөө бүртгүүлсэн учраас төлбөрийг нэхэмжилсэн. Иргэний хуульд сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэх үүрэгтэй, гэрээ байгуулах шаардлагагүй гэж заасан. Хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаанд хамаарна. 2014 оны бүх гишүүдийн хурлаар айл өрхүүдээс 1 м.кв 230 төгрөгөөр, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй айл өрхүүдээс 800 төгрөгөөр тооцохооршийдвэрлэсэн. С.Мгаас 800 төгрөгөөр тооцоогүй, 230 төгрөгөөр тооцож байхад төлбөрөө төлдөггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч С.М-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 976,860 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **, **, ** дүгээр байрны оршин суугчдын 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрээр Х сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан, хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөөгүй болох нь холбогдох баримт, талуудын тайлбар, төлбөрийн баримтаар тогтоогдсон байна.

 4. Дор дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.1. Хариуцагч татгалзлаа нотлохоор Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн тухай 02-01/2006 дугаартай дүгнэлт /хх-23/, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 3/239 дугаартай албан бичгийг /хх-37/ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Чингэлтэй дүүргийн архивт Х СӨХ-ны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл болон бусад холбогдох баримт байхгүй нь тухайн холбоог байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын дээрх дүгнэлтэд Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** дугаар байрны арын авто зам дээгүүр ус их хэмжээгээр урсаж хуримтлагдан тогтож байгаа нь авто замд эвдрэл үүсэх, ** дугаар байрны зоорийн давхар усанд автах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгааг дурдаад тус авто замын ашиглалтад ус зайлуулах байгууламжийг шинээр зураг төсөл, шийдлийг гаргаж төлөвлөн барьж гүйцэтгэх нь зүйтэй гэжээ. Энэ нотлох баримт нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн зардал гаргуулах тухай хэрэгт хамааралгүй баримт байна.

Иймд шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь судалж үзээгүй гэх гомдол үндэслэлгүй.

4.2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх тул нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2018, 2019 оны төлбөрийг төлөхөөс хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар татгалзах эрхтэй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Х СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг айл өрхийн ашигтай талбайн 1 м.кв-ыг 230 төгрөгөөр тооцохоор тогтоосон нь бүх гишүүдийн ээлжит 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч С.Мгаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 609,960 /17,940*34 сар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

4.3. Х СӨХ-ны харьяалдаг Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, Бага тойруу, *** байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр С.М, О.М нар бүртгэлтэй болох нь холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд Х СӨХ-ны зүгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг оршин суугч С.М-гаас шаардсан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/01307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...968,760... гэснийг 609,960 гэж, ...8,100... гэснийг 366,900 гэж,

2 дахь заалтыг ...27,800... гэснийг 18,949 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН