Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 214

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 сарын 07 өдөр                Дугаар 214                                     Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1-р багт оршин суух Улаан-Малгайт овогт Цэндийн Нарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 05-р сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.Нарантуяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985-1989 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд миний 1985-1989 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улаан-Малгайт овгийн Цэндийн Нарантуяа нь 1985 оны 01-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2000 оны 05-р сарын 26-ны өдрийн 32 тоот цалингийн лавлагаа /1985 оны 01-р сарын 01-ээс 1989 оныг дуусталх хугацаанд авч байсан цалингийн бичилт бүхий/, Ц.Нарантуяад 1981 оны 12-р сарын 23-ны өдөр олгосон МҮЭ-ийн гишүүний № 487678 дугаартай бат илэрхийлэх, гэрч Д.Ган-Очирын шүүхэд өгсөн: “Ц.Нарантуяа нь 1985-1989 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Ямар нэгэн хүлээн авалтын арга хэмжээ болоход тэр гуанзандаа хүлээн авалт хийдэг байсан. Гуанз нь хажуудаа зочид буудалтай байсан болохоор албан томилолтоор явж байгаа хүмүүс гуанзанд хоол захиалж идээд буудалд нь байрладаг байсан. Нэгдлийн гуанз нь  1990 онд татан буугдсан. Учир нь нэгдэл тараад өмч хувьчлал явагдаад гуанзгүй болсон. Ц.Нарантуяатай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1974-1984 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар, 1984-1990 он хүртэл зааварлагчаар, 1990-1994 он хүртэл сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Гантөмөрийн шүүхэд өгсөн: “Ц.Нарантуяа нь 1985-1989 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан.  Нэгдлийн гуанз нь  1990 онд татан буугдсан. Учир нь нэгдэл тараад өмч хувьчлал явагдаад гуанзгүй болсон. Бид байнга л хоол иддэг байлаа. Ямар нэгэн хүлээн авалтын арга хэмжээ болоход тэр гуанзандаа хүлээн авалт хийдэг байсан. Гуанз нь хажуудаа зочид буудалтай байсан болохоор албан томилолтоор явж байгаа хүмүүс хоолоо  гуанзанд захиалж идээд буудалд нь байрладаг байсан. Ц.Нарантуяатай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1979-1993 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян суманд бригадын тоо бүртгэгч, багийн засаг даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ц.Нарантуяагийн 1985 оны 01-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улаан-Малгайт овгийн Цэндийн Нарантуяа нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА