Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0007/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч                                                  Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Г.Б,

Шүүгдэгч                                                          Л.М, Л.У, Д.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М, Л.У, Д.М нарт холбогдох 1839004430262 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 09 дугаар  сарын 23-ны өдөр Хэнтий  аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн  хамт Хэнтий аймаг, Жаргалтхаан  сумын 2 дугаар баг Оонотын  4-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Л.М

 

Монгол улсын иргэн, 1987 оны 04 дугаар  сарын 24-ны өдөр Хэнтий  аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 32  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн  хамт Хэнтий аймаг, Жаргалтхаан  сумын 2 дугаар баг Баянцогт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Л.У

 

Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар  сарын 11-ны өдөр Хэнтий  аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 34  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  ээж дүү нарын хамт Хэнтий аймаг, Дэлгэрхаан  сумын 3  дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Д.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.М, Л.У, Д.М хамтран 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 26-ны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас иргэн О.А, Д.М нарын алдуул 119 хонь, ямааг завшиж 6.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.М, Л.У, Д.М нар нь хамтран 2018 оны 08 дугаар сарын 22-26-ны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас иргэн О.А, Д.М нарын алдуул 119 хонь, ямааг завшиж 6.090.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.А мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018.08.26-ны өдөр содон шинж тэмдэгтэй хонь маань байхгүй болохоор нь хонь ямаагаа тоолж үзэхэд хонь 53, ямаа 66 дутаад өөрийн нутаглаж байгаа ойр орчмын айлуудаар хайсан... 2018.09.02-нд манай дүү Б, М гэх хүний хонь ямаанд үзэхэд манай алга болсон ямаанаас 2 ямаа байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 хуудас/

Хохирогч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн: “... манай хонь ямаа Анхбаяр гэх хүний хонь ямаанд байдаг юм. 2018.08.22-ны өдөр А хонь ямаагаа тэмдэг хйиж тоолсон. 2018.08.26-ны өдөр дахин хонь ямаагаа тоолж үзэхэд 120 гаран тооны бог дутсан гэсэн. Би өөрийн хүүгийн хамт хонь ямаагаа тоолоход 4 хонь 5 ямаа Анхбаярын алга болсон малтай хамт алга болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/

Гэрч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 8 сарын сүүлээр олон тооны хонь ямаа тууж явсан 2 хүн байсан. Би уулзаагүй. Тэд манайхаар ороогүй. 11 цаг өнгөрч байхад тууж явж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/

Гэрч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018.08.26-ны өдөр манай хүргэн М манай хүү М утсаар ярьж манайд хүрээд ирээч гэж ярьж байсан. Дараа нь охин У утсаар ярьж бид хэд аймаг явах гэсэн юм гэж хэлсэн. Хүү М хамт үдээс хойш Дэлгэрхаан сум руу явсан. ... Манал бид 2 очиход О саравчинд хонио туугаад очсон байсан. У хонь малаа айлд аваачиж өгөх гэж байгаа юм гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/

Гэрч М.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Мөнхгэрэл машинаас бууж ирээд манай хонь ямаа юм. Танай хонинд 7 хоног тавъя гэж хэлсэн. Би тэгээ гэсэн. Мөнгэрэл өөрийн унаж явсан машинаараа 2-3 удаа хонь ямаагаа очиж авчирсан. Маргааш нь тоолж үзэхэд 32 хонь, 56 ямаа, нийт 88 бог байсан. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/

        Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49-50, 53-55 хуудас/

2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 001313 дугаартай эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/

2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 001313 дугаартай эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/

Л.У мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018.08.22-ны өдөр манай гэрийн баруун урд байх Хөндлөн булаг гэх голоос хонь ямаа манай гэрийг чиглээд ирсэн. Манай хоньтой нийлэх гээд байхаар нь цааш хөөж явуулсан. Орой болоход хүн сураглаж ирээгүй. 2018.08.23-ны өглөө өөрийн хашаатай хонь ямааг гэрээс зүүн тийш бэлчээсэн. Нөгөө айлын хонь ямаа манай баруун талд хоносон. 4 хоног болоход хүмүүс сурж ирэхгүй болохоор нь 2018.08.26-ны өглөө Хэнтий аймаг явах гээд манай нөхөр М-н эгч Д-д аваачиж харуулах гээд хойш нь тууж явсан. Тэр өглөөгөө өөрийн нөхөр М-р төрсөн ах М рүү утсаар яриулж хонь ямаагаа хойш нь тууж явах гэсэн юм та ирээд туулцаад өгөөч гэж хэлүүлсэн. Мөнхгэрэл ахын машинд 8 ямаа 4 хонь ачаад Жаргалтхаан сум руу явуулсан. Нөхөр бид 2 Жаргалтхаан сум орсон. Мөнхгэрэл ахад ачуулж явуулсан 8 ямаа 4 хонийг нядлаад Хэнтий аймагт бойнд өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/

Л.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018.08.27-ны өдөр дүү У утасдаад манай гэрт хэдэн хонь ямаа тавина гэж хэлсэн. Би яаж авчрах вэ гэж асуухад У хөлөөр нь тууж явъя гэж хэлсэн. У өөрийн нөхөр М хамт Дэлгэрхаан сумаас хойш Тавангийн энгэр гэх газар руу тууж явсан. Тэгээд М дахин над руу утасдаж 46-16 ХЭА улсын дугаартай портер маркийн автомашинаар өөдөөс нь очоод орой болчихлоо тууж явж амжихгүй. Миний машинд ачаад аваад явъя гэж хэлсэн. Урангэрэл түүний нөхөр М бид 3 нийлж байгаад айлын өвөлжөөн дээр хонио хашаад нийт 4 удаа портероор зөөсөн. 39 хонь 67 ямаа зөөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бусдын алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.А, Д.М нарт нийт  6.090.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь нэхэмжилэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хохирол төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.М, Л.У, Д.М нарыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.У-г 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.М-г 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгаж, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У, Д.М нарт оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У, Д.М нарт оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Д.ГАНЗОРИГ