Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 180/2019/0022/Э |
Дугаар | 19 |
Огноо | 2019-01-21 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0022/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Ц. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.д холбогдох эрүүгийн 1839005880008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Антентын 01-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц. /РД: СБ85032011/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц. нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Антентын 01-02 тоотод согтуугаар Б.Мөнх-Эрдэнэтэй маргалдан улмаар Б.Мөнх-Эрдэнийн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц. нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Антентын 01-02 тоотод согтуугаар Б.Мөнх-Эрдэнэтэй маргалдан улмаар Б.Мөнх-Эрдэнийн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид нарыг гэрт нь ороход Цоомоогийнд тал шил архи байсан. Бид нар тэр архийг хувааж ууж байхад Цоомоо надад хандаж, дүү ахдаа архи авчирж өгнөө гэхээр нь би яахаараа чамд архи авч өгдөг юм бэ гэхэд Цоомоо чи надыг чи гэж хэллээ, ах гэж хүндэлсэнгүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би Цоомоотой маргалдаж байгаад би чамтай хэл амаа олохгүй юм шиг байна явлаа гэж хэлээд босоод эргээд алхахад миний араас тэврэх шиг болоод баруун гуя руу маань нэг удаа хутгалсан. Тэгэхэд миний баруун хөлнөөс цус гарч, халуун оргиод эхэлсэн. Би тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна, ухаан балартсан байсан. Нэг мэдэхэд машинд суулгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Гэрч С.Ганцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгээд Мөнх-Эрдэнэ, Ц. хоёр хоорондоо маргалдаж муудалцаад байсан. Тухайн үед би муудаж байгаад больчих байх гэж бодсон боловч улам хоорондоо маргалдаж, муудалцаж байгаад Ц. нь уурандаа Мөнх-Эрдэнийн баруун гуя руу нь нэг удаа хутгалчихсан юм. Тэгээд Мөнх-Эрдэнийн баруун гуянаас нилээн цус гараад ирэхээр нь бид хэд сандралдаад Мөнх-Эрдэнийг яаралтай эмнэлэгт аваачиж өгье гээд түүнийг аваад сумынхаа Эрүүл мэндийн төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны №20 дугаартай:
“Б.Мөнх-Эрдэнийн биед баруун гуяны дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.гийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Ц.г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь “...Ц. нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” /хх-ийн 64 тал/ гэсэн учир шүүгдэгч Ц.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ц. нь түүнд торгох ял оногдуулахыг зөвшөөрч тохирсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, Ц.гоос гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц. нь түүнд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш эхний 4 сард тус бүр 100.000 төгрөг, дараагийн 3 сард тус бүр 200.000 төгрөгөөр, нийт 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА