| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0002/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 04
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Д.Цолмон,
Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...од холбогдох 1808049911424 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Д.... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксигаар үйлчлүүлж яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын урд талын авто зам дээр шалтгаангүйгээр хохирогч М....г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч М....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны дунд буудал гэх газраас төв замруу орох гээд улсын дугаартай цагаан өнгийн аванте ХД маркийн машинтай явж байсан чинь замын хажууд нэг залуу гар өргөөд яармаг явах уу айлд очих гэсэн юм гэхээр нь суулгаад яармагийн хуучин эцэс гэх газар нэг айлын гадаа очсон юм. ... яармагийн гүүр гараад 5 шарын төмөр замын гарам гараад залуус хорооллын урд талын зам дээр явж байсан чинь хойд суудал дээрээс нөгөө залуу гэнэт үсэрч босч ирээд машины түлхүүр сугалж авсан тэр үед би сандраад машины тормоз гишгээд машин зогсоох үед баруун гараараа миний хоолойг хувцасны захаар боогоод тавихгүй байсан. Би нилээн ноцолдож байгаад гарыг нь тавиулаад эргээд хартал миний нүүр лүү хэд хэдэн удаа хоёр гараараа ээлжлэн цохисон. Ингээд цохиулснаас болоод хамраас цус гараад одоо боль гэж хэлээд арай гэж машинаасаа буутал араас бууж ирээд надтай зууралдаад байсан тэгж байтал хоёр эргүүлийн цагдаа хүрээд ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
2.Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны орой хадам ах Амартайвантай 0.5 литрийн хэмжээтэй болон 0.75 литрийн хэмжээтэй Хараа гэдэг нэртэй архи хувааж уучихаад яармагт амьдардаг ах ...тай уулзах гээд гэрээсээ гараад гэрийн гаднаас машинд гар өргөн суусан юм. Тэгээд яармагийн хуучин эцэст хашаа байшинтай ах ...ын гэрийн гадаа машинаа хүлээлгэчихээд гэр лүү нь орсон чинь ах маань байхгүй болохоор нь нөгөө машиндаа эргэж суугаад гэрлүү явж байсан. Сонсголонгийн гүүрээр гарч байснаа санаад байгаа юм тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм. ... үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шинжээчийн 1270 тоот дүгнэлт
1.М....н биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, /1.7см урт, 0.6 см гүн/ хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2.Нэмэлтээр оношлогдсон баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал /1.7 см урт, 0.6 см гүн/ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх бүх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 40-41 х/,
4.Шинжээч Т.Чимэд-Очирын: “... 2018 оны 10 дугаар сарын 29-ны ГССҮТ-д хийгдсэн КТГ-ийн шинжилгээнд тархи доргилт илрээгүй тул дүгнэлтэнд тусгагдаагүй, харин КТГ-ийн шинжилгээнд эрүүний зүүн талд хаван хавдартай гэсэн тул оруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 44-45 х/
5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21 х/
6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23 х/
7.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 24 х/
8.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 25-26 х/
9.Хувийн байдлын тодорхойлолтууд /хх 27-28 х/
10.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 39 х/
11. Хохирлын баримт /хх 35 х/
12.Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 29-33 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д.... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксигаар үйлчлүүлж яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын урд талын авто зам дээр ямар ч шалтгаангүйгээр хохирогч М....г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М....н “... нөгөө залуу гэнэт үсэрч босч ирээд машины түлхүүр сугалж авсан тэр үед би сандраад машины тормоз гишгээд машин зогсоох үед баруун гараараа миний хоолойг хувцасны захаар боогоод тавихгүй байсан. Би нилээн ноцолдож байгаад гарыг нь тавиулаад эргээд хартал миний нүүр лүү хэд хэдэн удаа хоёр гараараа ээлжлэн цохисон. Ингээд цохиулснаас болоод хамраас цус гараад одоо боль гэж хэлээд арай гэж машинаасаа буутал араас бууж ирээд надтай зууралдаад байсан тэгж байтал хоёр эргүүлийн цагдаа хүрээд ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
Шүүгдэгч Д....ын “... нөгөө машиндаа эргэж суугаад гэрлүү явж байсан. Сонсголонгийн гүүрээр гарч байснаа санаад байгаа юм тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм. ... үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 1270 тоот дүгнэлт
1.М....н биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, /1.7см урт, 0.6 см гүн/ хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2.Нэмэлтээр оношлогдсон баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал /1.7 см урт, 0.6 см гүн/ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх бүх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 40-41 х/,
Шинжээч Т.Чимэд-Очирын: “... 2018 оны 10 дугаар сарын 29-ны ГССҮТ-д хийгдсэн КТГ-ийн шинжилгээнд тархи доргилт илрээгүй тул дүгнэлтэнд тусгагдаагүй, харин КТГ-ийн шинжилгээнд эрүүний зүүн талд хаван хавдартай гэсэн тул оруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 44-45 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Д.... нь хохирогч М....г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 40-41 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч Д.... хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч Д.... хохирогч М....д нийт 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй тул хохирлыг төлсөн гэж үзэх боломжгүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй, мөн баримт дутуу тул хохирлын асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Д....од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, мөн торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.
Д....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр хүний эрүүл мэндэд халдсан зэргийг харгалзан түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д....ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д....од мэдэгдсүгэй.
4.Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирлын асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ