Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01183

 

 

 

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01183

 

 

М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/00929 дугаар шийдвэртэй М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Т ГХОХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 521,413,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Я.У, хариуцагчийн төлөөлөгч О.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, Г.Ж, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь Т ХХК-тай нийт хоёр удаагийн түрээсийн гэрээг байгуулсан. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ТүГ-21/48-48/05 тоот түрээсийн гэрээгээр нийт 40 ширхэг ачааны вагоныг, нэг вагон хоногийн 90,000 төгрөгөөр тохиролцож түрээсэлсэн бөгөөд вагонуудыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн байсан.Т ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөөгүй. Энэ гэрээний дагуу 40 ширхэг ачааны вагоны 24 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 8 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, үлдсэн 8 ширхэгийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус буцаан хүлээн авсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс вагонуудыг хүлээн авсан өдөр хүртэл нийт түрээсийн вагон хоног нь 1709, түрээсийн гэрээний төлбөр 153,810,000 төгрөг болсноос 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 11,970,000 төгрөгийг хасаж, 141,840,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн авлагатай байна.

1.1. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ТүГ-21/46-46/04 тоот түрээсийн гэрээгээр 145 ширхэг ачааны вагоныг, нэг вагон хоногийн 109,000 төгрөгөөр тохиролцож түрээслэсэн. Вагонуудыг 2021 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн.Т ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөөгүй. Уг гэрээний 145 ширхэг ачааны вагоны 76 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 42 ширхэгийг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 27 ширхэгийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буцаан хүлээн авсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс вагоныг хүлээн авсан өдөр хүртэл нийт түрээс бодогдох вагон хоног 4269, түрээсийн гэрээний төлбөр 465,321,000 төгрөг болсноос 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 259,552,000 төгрөгийг хасаж, 205,769,000 төгрөгийн авлагатай байна.

Иймд ТүГ-21/48-48/05 тоот түрээсийн гэрээний үүрэгт 141,840,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, түрээсийн гэрээний 7.2-т заасныг үндэслэн алданги 70,920,000 төгрөг, ТүГ-21/46-46/04 тоот түрээсийн гэрээний үүрэгт 205,769,000 төгрөг, алданги 102,884,500 төгрөг, нийт 521,413,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Манай тал 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл өгч гэрээг цуцалсан. Талуудын хооронд гэрээгээр түрээслүүлэгчээс үл хамаарах шалтгаантай бол вагоныг ашигласан эсэхээс үл хамаарч хүлээлгэн өгөх хүртэл төлбөр тооцохоор заасан. Манайхаас шалтгаалсан зүйлгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Мөн гэрээний 8.1-д төлбөрөөс хасах тухай заагаагүй, хугацаа хойшлуулах тухай заасан. Хариуцагч хугацаандаа хүлээлгэн өгөх боломжтой байсан ч тээвэр хийсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч байгууллага сонгон шалгаруулалт зарласны дагуу оролцож, талууд 2021 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрийн гэрээнүүдийг байгуулсан. Эхний гэрээгээр 40 ширхэг хагас вагоныг 1 ширхэгийг өдөрт 90,000 төгрөгөөр тооцож нэг жилийн хугацаатай байгуулсан. Дараагийн гэрээгээр 145 ширхэг хагас вагоныг өдөрт 109,000 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Сонгон шалгаруулалт зарлахдаа тодорхой хэмжээний заалтуудтай, зөвхөн Сэлэнгэ аймгийн төмөртэй өртөөнөөс төмрийн хүдэр тээвэрлэнэ гэж нөхцөл заасан байсан. Гэтэл түрээслэгч тал давуу байдлаа ашиглаж хугацаанаас өмнө вагоныг буцаан авах шаардлага тавьсан. Таван толгой Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орох болсноор гэрээний хугацааг наашлуулна гэсэн шаардлага тавьсан. Иймд нүүрс тээвэрлэхийг бидэнд зөвшөөрч, гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг наашлуулж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн вагон хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацаа, тоонд маргахгүй.

Харин нэхэмжлэгч хүлээн авсан вагоныг аль гэрээний дагуух вагоныг буцаан авснаа буруу тооцож нэхэмжилсэн байна. Тухайлбал: Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан 100 ширхэг вагоныг ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 24 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 76 ширхэг гэж тооцсон байна. Гэтэл хэргийн баримтаар ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 20 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 80 ширхэг байна.

Дараагийн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан 50 ширхэг вагоны хувьд ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 8 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 42 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан 35 ширхэг вагоны ТүГ-21/48-48/05 тоот гэрээнийх 12 ширхэг, ТүГ-21/46-46/04 тоот гэрээнийх 23 ширхэг байна. Буцаан хүлээн авсан вагон аль гэрээнийх гэдгээс хамаарч өдрийн түрээсийн үнэ өөр тул зөрүү их үүсэж байна.

Мөн давагдашгүй хүчин зүйлийн улмаас сүүлийн 35 хагас вагоныг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тухайн вагонуудыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ачаа тээвэрлээд Эрээн хотын чиглэлд явсан боловч өөрөөс үл хамаарах шалтгаанаар саатсан. Коронавирус цар тахлын улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Улсын Эрээн хотын захиргаанаас 83 тоот мэдэгдэл гарч, нүүрс болон төмрийн хүдэр түүнтэй ойролцоо задгай бараа бүтээгдэхүүнийг Эрээн хотын хилээр нэвтрүүлэхгүй байх хорио цээрийн дэглэм тодорхойгүй хугацаагаар тогтоосон. Тухайн үед Эрээн хот чиглэлд 1500 гаруй вагоны цуваа үүсч, тодорхойгүй хугацаагаар хил хаагдсан талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Дээрх нөхцөл байдалтай холбоотой хариуцагч компанид Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон. 2021 оны 11 дүгээр сар хүртэл тооцоо нийлж үлдэгдэл 66,689,906 төгрөг болохыг баталгаажуулсан. Үүнээс өмнөх хугацааны төлбөрт талууд маргаагүй. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 274,650,000 төгрөгийг төлсөн.

Талуудын гэрээний 8.1-д заасны дагуу сүүлийн 35 вагонд хариуцагчаас төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Бусад төлбөрийн тухайд зохих төлбөрийг бүрэн төлсөн. Түүнээс гадна нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн тул тэрнээс хойшхи хугацааны төлбөр, алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Т ГХОХХК-иас 347,609,000 /гурван зуун дөчин долоон сая зургаан зуун есөн мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 173,804,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,765,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,895,995 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д хийсэн дүгнэлт илт үндэслэлгүй, шүүх тооцооллыг буруу гаргасан байна. хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байдаг.

4.1.а. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ТҮГ- 21/48-48/05 дугаар гэрээгээр 90,000 төгрөгийн үнэтэй 40 ширхэг вагоны төлбөрийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож 153,810,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан. Талууд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ТҮГ-21/48-48/05 дугаар гэрээгээр 90,000 төгрөгийн 40 ширхэг вагоныг 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн "Төрийн өмчийн түрээсийн гэрээнд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэрээ байгуулж түрээсийн гэрээний хугацааг дахин харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тухайн 40 ширхэг вагоныг хүлээлгэн өгөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 40 ширхэг вагоноос 20 ширхэг вагоны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 285 хоног ашиглаж төлбөл зохих төгрөг нь 25,650,000 төгрөг болсон. Мөн 8 ширхэг вагоныг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нийт 152 хоног ашиглаж 13,680,000 төгрөг болсон байдаг. Дээрх хугацаанд 28 ширхэг вагоныг нийт 437 хоногт ашигласан тул төлбөл зохих төгрөг нь 39,330,000 болсон байдаг. /Нэхэмжлэгч дээр дурдсан үйл баримтад огт маргаагүй болно/

4.1.б. Харин 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой 40 ширхэг вагоноос үлдэх үр шимийг хүртэх боломжгүй болсон тул хариуцагчаас тус нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авсаны хүчинд 12 ширхэг вагоныг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, энэ 12 ширхэг вагон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тулгарсан тул түрээсийн гэрээний 9.1-д заасны дагуу төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болно.

4.1.в. Талууд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ТҮГ-21/46-46/04 дугаар гэрээгээр 109,000 төгрөгийн үнэтэй 145 ширхэг вагоны 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн "Төрийн өмчийн түрээсийн гэрээнд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэрээ байгуулж түрээсийн гэрээний хугацааг дахин харилцан тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тухайн 145 ширхэг вагоныг хүлээлгэн өгөхөөр гэрээнд өөрчлөлт оруулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 145 ширхэг вагоноос 80 ширхэг вагоны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн, нийт 1060 хоног ашиглаж төлбөл зохих төлбөр нь 115,540,000 төгрөг болсон байдаг. Тухайлбал тооцоолол хэргийн 29, 104 дүгээр талд авагдсан тул зохигч ашигласан хоногоор адил тооцоолол гаргасан байдаг. Иймд дээрх 80 ширхэг вагоноос 4 ширхэг вагон төлөвлөгөөт засварт орж, 10 ширхэг вагоныг 7 хоног ашиглаж 66 ширхэг вагоныг 15 хоног бүтэн ашигласан ба 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн тухайн вагонуудыг нийт 1060 хоног ашиглаж 15,540,000 төгрөг болсон гэх хариуцагчийн тооцоолол үндэслэлтэй тул шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3-д дурдсан 130,800,000 төгрөгийн тооцоолол буруу байна. Мөн 42 ширхэг вагоныг 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд 798 хоног ашиглаж, 86,982,000 төгрөг болсон байдаг. Дээрх хугацаанд 122 вагоныг 1690 хоног ашигласан тул зохих төлбөр нь 202,522,000 төгрөг болсон ба хариуцагч нь нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 274,465,000 төгрөг төлж, төлбөрийг бүрэн барагдуулсан билээ.

4.1.г. Харин 145 ширхэг вагоноос үлдэх 23 ширхэг вагоныг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ашиглах, үр шимийг хүртэх боломжгүй болсон тул хариуцагчаас тус нөхцөл байдалд тохируулан арга хэмээ авсны хүчинд 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 23 ширхэг вагон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тулгарсан тул түрээсийн гэрээний 8.1-д заасны дагуу төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болно.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан Төрийн өмчийн түрээсийн гэрээний 3.3, 3.6, 3.7-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь түрээслүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар буюу түрээслэгчийн буруутай үйлдлээс түрээслэгч нь тухайн вагонуудыг ашиглаагүй бол төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэх агуулгыг харилцан тохиролцсон гэрээний зохицуулалт юм. Харин гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс хамаарах үр дагаврыг гэрээний 8.1-д зохицуулж өгсөн. Мөн гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны зохицуулалтыг 8 дугаар зүйлд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн зохицуулалтай хольж хутган хэрэглэж буй шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Шүүх дээрх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дах хэсэгт заасныг зөрчиж талуудын гэрээний зохицуулалт, хүсэл зоригийг буруу тайлбарласан гэж хариуцагчаас үзэж байна. Энэ утгаараа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь шүүх "нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан, үүнд хариуцагч маргаагүй гэрээ цуцлагдсан" гэх агуулгаар дүгнэлт хийсэн тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйл 289.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид гэрээг цуцлах түүнээс үүсэх үр дагаврыг тайлбарлаж өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан Төрийн өмчийн түрээсийн гэрээг нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цуцалсан болох нь хэлэлцүүлгийн үед тогтоогдсон бөгөөд уг өдрөөс хойших гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, цуцалснаас хойш 35 вагоны төлбөр төлөх үүргийг хариуцагч биелүүлэх боломжгүй, нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй байхаар хуулийг тайлбарлаж хэрэглэхээр байгааг шүүх анхааралгүй хууль болон үйл баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил гаргасан байна.

4.3 Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь гэрээ байгуулж байгаа этгээдүүд нь байдал өөрчлөгдөхийг мэдэж байсан үед хэрэглэгдэх бөгөөд шүүхийн үзэж байгаагаар талууд коронавирус цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот дахь шинэ төрлийн халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 83 тоот мэдэгдэл гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагаас тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар төмөр замын боомтоор оруулахыг зогсоох талаар мэдэж байсан мэтээр дүгнэлт гаргаж хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Зохигч хэлэлцүүлгийн явцад дээрх нөхцөл байдал буюу БНХАУ-төмөр замын боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах талаар хэн аль нь мэдээгүй болохоо тайлбарласан байдаг. Гэвч шүүх мэдэж байсан мэтээр дүгнэлт хийн Иргэний хуулийн 220 хэсгийн 220.1, 220.3, 220.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчТ ХХК-г төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө" гэж тайлбар гаргаж байгаагүй, энэ талаар хийсэн шүүх хариуцагчийн тайлбар, татгалзлыг буруугаар ойлгож, тайлбарласан гэж үзэхээр байна. Хариуцагч Т ХХК нь хууль зүйн шинжлэх ухаанд /force majeure/ гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэх утга агуулгаар тайлбарлагддаг хэн ч тааварлах боломжгүй, мөн талууд маргаан бүхий зүйлийг ашиглах боломжгүй, хүчин зүйл тулгарсан гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж дээрх маргаан бүхий 35 вагоны түрээсийн төлбөрийн үүргийг биелүүлэх боломжгүй гэж маргасан. Учир нь талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний 8.1, 9.1-д зааснаар бодитоор хойшлуулах арга хэмжээ аваагүй, гэрээнд заасны дагуу маргаж буй 35 вагоныг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн хугацаанд ашиглаагүй тул түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал давагдашгүй хүчин зүйлийн улмаас 35 вагоны хөлс төлөх боломжгүй гэх тайлбарыг гаргаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 35 вагон Олон-Овоо өртөөнд ачаанд орсон. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот хилээ хаасан. Энэ хугацаандТ ХХК нь 35 вагоныг ашиглаж, тээвэрлэлт хийж үр шимийг хүртсэн учраас хөлс төлөх үүрэгтэй. Хариуцагч компани 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Олон-Овоо өртөөнд вагондоо ачаагаа ачиж, төмөр зам дээр ачилтын зөвшөөрөл хүлээж байх явцдаа 2022 оны 03 дугаар сард ачилтын зөвшөөрөл гарч тээвэрлэлтээ хийсэн. Манай вагонд ачаагаа ачиж, зам дээр цуваанд зогсох, хилээр нэвтэрч гарч ирж үйлдэл нь гэрээнд заасанд нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна.

Вагон засварт байх хугацааны төлбөрийг хасаагүй гэж тайлбарлаж байна. Манай байгууллага засварт байх хугацааны төлбөрийг хасаж, 35 вагоны төлбөр болох 347,609,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн төлбөл зохих төлбөр 347,609,000 төгрөгөөс тооцож, алданги болон төлбөл зохих төлбөр нийт 512,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Манай вагонд ачаа ачиж, цуваанд зогсож буй үйл баримт нь манай эд хөрөнгийг ашиглаж буй хэлбэр юм. Тийм учраас давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж үзэхгүй байна гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт орууллаа.

2. Нэхэмжлэгч М ТӨХК нь хариуцагч Т ГХОХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 521,413,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ТүГ-21/48-48/05 дугаартай төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч нь ачааны 40 вагоныг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаагаар түрээслүүлэх, хариуцагч нь түрээсийн төлбөрийг вагон/хоногоор төлөх ба 1 вагон/хоногийн төлбөр 90,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч нь ачааны 40 вагоныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал байхаар өөрчилсөн, хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 вагоныг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 8 вагоныг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 вагоныг тус тус нэхэмжлэгчид буцаан өгсөн.

3.2. Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ТүГ-21/46-46/04 дугаартай төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр ачааны 145 вагоныг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар түрээслүүлэх, хариуцагч нь түрээсийн төлбөрийг вагон/хоногоор төлөх ба 1 вагон /хоногийн төлбөр 109,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 2021 03 дугаар сарын 31-ний өдөр ачааны 105 вагоныг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ачааны 40 вагоныг тус тус хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 8 сарын хугацаатай байхаар өөрчилсөн, хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 80 вагоныг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 42 вагоныг, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 23 вагоныг тус тус нэхэмжлэгчид буцаан өгсөн.

3.3. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 274,465,000 төгрөгийг төлсөн үйл баримтын тухайд маргаагүй.

Харин хариуцагч хугацаа хэтрүүлсэн эсэх, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг төлөх эсэх тухайд зохигч маргаантай байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

4.1. Хариуцагч гэрээний хугацаа дуусахад 100 вагон буцаан өгснөөс 20 вагон нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ТүГ-21/48-48/05 дугаартай гэрээний, 80 вагон нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ТүГ-21/46-46/04 дугаартай гэрээний зүйл байна. Дээрх 100 вагонаас 5 вагон засварт байсан нь хэргийн 29 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн вагоны түрээсийн хоногийн тооцооны 3, 53, 86, 139 дэх мөрөнд, 31 дүгээр талд авагдсан вагоны түрээсийн хоногийн тооцооны 19 дэх мөрөнд тус тус тусгагдсан, гэрээний 3.5-д зааснаар нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг хасч тооцсон байхад шүүх эдгээр вагоны түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ТүГ-21/46-46/04 дугаартай гэрээний зүйл болох 80 вагоны 4 вагон засварт байсан, үлдэх 76 вагонаас 10 вагоныг 7 хоног түрээсэлсэн нь хэргийн 29 дүгээр талд авагдсан дээрх тооцооны баримтын 11, 52, 56, 62, 70, 77, 117, 123, 133, 137 дугаар мөрөнд тусгагдсан, нэхэмжлэгч эдгээр вагоны түрээсийн төлбөрийг 7 хоногоор тооцож нэхэмжилсэн байхад шүүх 15 хоногоор тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50 вагон, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 35 вагон тус тус буцаан өгсөн байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн боомтод чингэлэггүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, металл бус хүдэр, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импорт, нэвтрэлтийг түр зогсоосноор дээрх 35 вагон /2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буцаан өгсөн/ 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Олон-Овоо өртөөнд нүүрстэй зогссон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх 61-63/, Улаанбаатар төмөр замын Статистик бүртгэлийн төвийн вагоны хөдөлгөөний талаарх баримт /хх 90-92/, Эрээн хот дахь шинэ төрлийн коронавирусийн халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх штабын мэдэгдэл /хх-94/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын албан бичиг /хх-107/, галт тэрэгний биечилсэн хуудас /хх 195-198/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн удаа дараагийн албан бичигт /хх-97, 170, 173/ энэ талаар мэдэгдэж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд 35 вагоныг нэхэмжлэгчид хугацаа хэтрүүлэн буцаан өгсөн нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй байх тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар дээрх 35 вагоны хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.

 5.1. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ТүГ-21/48-48/05 дугаартай гэрээний зүйл болох 40 вагоны тухайд:

- 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгсөн 20 вагоноос засварт байсан 1 вагоны түрээсийн төлбөрийг хасч 19 вагоны түрээсийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 25,650,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буцаан өгсөн 8 вагоны түрээсийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 13,680,000 төгрөг,

- 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буцаан өгсөн 12 вагоны түрээсийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 16,200,000 төгрөг, нийт 55,530,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

5.2. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ТүГ-21/46-46/04 дугаартай гэрээний зүйл 145 вагоны тухайд:

- 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгсөн 80 вагоноос засварт байсан 4 вагоны түрээсийн төлбөрийг хасч, үлдэх 76 вагоноос 10 вагоны түрээсийн төлбөрийг 7 хоногоор тооцож 7,630,000 төгрөг, 66 вагоны түрээсийн төлбөрийг 15 хоногоор тооцож 107,910,000 төгрөг, нийт 115,540,000 төгрөг,

- 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буцаан өгсөн 42 вагоны түрээсийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 86,982,000 төгрөг,

- 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буцаан өгсөн 23 вагоны түрээсийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 37,605,000 төгрөг, нийт 240,127,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Иймд дээрх хоёр гэрээний үүрэгт хариуцагч нь нийт 295,657,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 274,465,000 төгрөгийг хасч, үлдэх 21,192,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/00929 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 318.1 гэсний дараа 326 дугаар зүйлийн 326.2 гэж нэмж, ...347.609.000 /гурван зуун дөчин долоон сая зургаан зуун есөн мянган/... гэснийг 21,192,000 гэж, ...173.804.500... гэснийг 500,221,500 гэж,

2 дахь заалтын ...1,895,995... гэснийг 263,910 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,895,995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.БЯМБАСҮРЭН