| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1107/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 12
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч М...., түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт ...гийн ...т холбогдох 1808046890436 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5 аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт ...гийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
М.... нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “Sinotruk Zz 3257 M3847W” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц....ын жолоодож явсан “Mazda Demio” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ц....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал Сонсголон бетон зуурмагийн үйлдвэр талаас гарцнаас гэнэт “Sinotruk Zz 3257 M3847W” маркийн ...улсын дугаартай автомашин гарч ирж миний жолоодож явсан автомашины баруун талаас ирж мөргөсөн. Би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27-31 х/,
2.Иргэний нэхэмжлэгч И....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний том хүү Ц.... нь миний өөрийн эзэмшлийн Mazda Demio маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явах үед “Sinotruk Zz 3257 M3847W” маркийн ...улсын дугаартай автомашин мөргөсөн зам тээврийн осол гарсан болно. ... үнэлгээгээр гарсан бүх зардлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 35-36 х/,
3.Шүүгдэгч М....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ний 19 цагийн орчим би өөрийн байгууллагын эзэмшлийн “Sinotruk Zz 3257 M38447W” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Яармагын 2 дугаар буудал дээрээс барилгын суурийн шороо ачаад Сонсголонгийн бетон зуурмагын хойд талд байрлах айлын хашаанд буулгаж өгчихөөд буцаад Зайсан руу явахаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү Сонсголонгийн бетон зуурмагийн гарцаар гарах гэж явахдаа ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байсан “Mazda Demio” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн баруун талаас нь өөрийн жолоодож явсан автомашины зүүн урд талаараа мөргөсөн. Би өөрийн жолоодож явсан машинаасаа бууж ирээд нөгөө машины жолооч дээр очиход суудал дээрээ бага зэрэг манарсан байдалтай байж байгаад машинаасаа бууж ирсэн. Би 102 руу дуудлага өгсөн. Харин ... аав, ээж рүүгээ залгаж байсан. 5 минутын дараа ...ын аав, ээж хүрч ирээд 103 руу дуудлага өгсөн. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн байцаагч Баттулга ирж хэмжилт хийгээд явсан. 103ын эмч гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээрэй гэж хэлээд зөвлөгөө өгсөн. Би ...ын унаж явсан машиныг ачигчаар Орбит руу хүргэж өгсөн. Өөрийнхөө машиныг маргааш нь ажлынхаа хашаа руу хүргэсэн. Тухайн осол болох үед би ганцаараа явж байсан. ... мөн ганцаараа явж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй болно. Мөн ...ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн эдврэлийн үнэлгээтэй танилцсан, санал хүсэл байхгүй. ... ...ын эмчилгээний зардалд баримтаар гаргаж өгсөн 526,000 төгрөгийг төлсөн, иргэнийй нэхэмжлэгчийн машины эвдрэлд 1 сая төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалаас төлнө ... ” гэх мэдүүлэг /хх 81-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Иргэний хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай байгууллагын зүгээс шүүхээр хэрэг нь орж шийдэгдсэний дараа шүүхээр хохирол бүрэн гарсан үед хохирогч Ц....ын эмчилгээний зардал болон автомашинд учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалаас гаргаж, үлдэгдэл гарсан зардлыг жолооч М.... өөрөө хариуцах болно. Байгууллагын машинд учирсан хохирлын үнэлгээг бид албан ёсоор гаргуулаагүй. Машины урд гуфер, нэмэлт гэрэл, жолооч талын шатны гишгүүр зэрэг эд анги эвдэрсэн байсан, үүнийг жолооч М.... өөрөө засаж өгсөн тул М....оос нэхэмжпэх зүйл байхгүй болно. ...” гэм мэдүүлэг /хх 41-42 х/
5. Шинжээчийн 11891 дугаар дүгнэлт:
1.Ц....ын биед бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугаламын мөгөөрсөн цагирагны урагдал, бүсэлхийн нурууны 2,3,4-р нугаламын жийргэвчийн цүлхийлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 51 х/,
6. Замын цагдаагийн техникийн шинжээчийн 717 тоот дүгнэлт:
1.Хэргийн материалтай танилцаад “Sinotruk Zz 3257 M3847W” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн гэж үзэж'байна.
2.Хэргийн материалтай танилцаад “Mazda Demio” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөегүй гэж үзэж байна.
3.Хэргийн материалтай танилцаад зам тээврийн осол гарах болсон шууд шалтгаан нь “Sinotruk Zz 3257 M3847W” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.” гэсэн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. гэх дүгнэлт /хх 68-69 х/,
7.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 7 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 16 х/
9.Жолоочийн лавлагаа /хх 17 х/
10.Хохирлын баримтууд /хх 33 х/
11.“Вест Эстимейт” ХХК-ийн “... Эзэмшигчийн нэр: И....... Марк, загвар: Mazda Demio Улсын дугаар: 15-40 УББ, Нийт дүн: 5.600.000... ” гэсэн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ /хх 56-62 х/,
12.Хохирогч Ц....од 526,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч И....д 1 сая төгрөг тус тус төлсөн баримтууд /хх 84-85 х/,
13.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 86 х/
14.... ХХК-ийн тодорхойлолт /хх 87 х/
15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 х/
16.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /хх 126 х/
17.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 18 х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2, 34.11 дүгээр зүйлүүдэд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн болно.
М.... нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “Sinotruk Zz 3257 M3847W” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, ...-д зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц....ын жолоодож явсан “Mazda Demio” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ц....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц....ын “... 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал Сонсголон бетон зуурмагийн үйлдвэр талаас гарцнаас гэнэт “Sinotruk Zz 3257 M3847W” маркийн ...улсын дугаартай автомашин гарч ирж миний жолоодож явсан автомашины баруун талаас ирж мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 27-31 х/,
Шүүгдэгч М....ын “...Тухайн осол болох үед би ганцаараа явж байсан. ... мөн ганцаараа явж байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй болно. ...” гэх мэдүүлэг /хх 81-82 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 11891 дугаар дүгнэлт:
1.Ц....ын биед бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугаламын мөгөөрсөн цагирагны урагдал, бүсэлхийн нурууны 2,3,4-р нугаламын жийргэвчийн цүлхийлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 51 х/,
Замын цагдаагийн техникийн шинжээчийн 717 тоот дүгнэлт:
1.Хэргийн материалтай танилцаад Sinotruk Zz 3257 M3847W маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, ...-д зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. ... гэх дүгнэлт /хх 68-69 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.
Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.
М.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, ...-д зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц....ын жолоодож явсан “Mazda Demio” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ц....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой.
Шүүгдэгч М....ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл, хохирогч Ц....ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх 51 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ц.... нь баримтаар эмчилгээний зардалд 525,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 84-85 х/-аар нотлогдсон, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх, иргэний нэхэмжлэгч И.Баяржаргалын автомашинд учруулсан хохирол 5,600,000 төгрөгөөр тогтоогдсон, үүнээс 1 сая төгрөгийг шүүгдэгч төлсөн болох хавтаст хэргийн 85 дугаар хуудсан дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа, шүүгдэгч М....ын унаж явсан автомашин ... ХХК-ийн өмчлөлийнх болох нь хавтаст хэргийн 18 дугаар хуудсан дахь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа, мөрдөн байцаалтын шатанд тус компанийг иргэний хариуцагчаар татсан тул иргэний нэхэмжлэгч И.Баяржаргалын автомашины хохирол 5,600,000-1,000,000 /төлөгдсөн/=4,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 499.4. “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”-д зааснаар ... ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагч: 700 нэгжээр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй тул улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялаас хөнгөрүүлж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан М....ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ц.... эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М....ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан М....т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М....т мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар ... ХХК-иас 4,600,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 13 хороо 8-139 тоотод оршин суух АР74070102 регистрийн дугаартай И....д олгосугай.
6.М....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 525,000 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ