| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2015/08787/и |
| Дугаар | 1347 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 1347
Хгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03397 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХд холбогдох
2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгч Х,
хариуцагч ХХ, түүний өмгөөлөгч ХХХ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:
Намайг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ХХ надруу утсаар залгаад 2 400 000 төгрөг хэрэгтэй байна, эмнэлэг дээр чинь очоод авъя гэхээр нь би тухайн үед намайг эмнэлэгт сахиж байсан бэр охин ХХХХХ өөрийн нөхөр болох ХХХХХХгийн картыг өгч, 2 400 000 төгрөгийг бэр охиноороо дамжуулан үүдний АТМ-с авч ХХд өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 айлын газар эзэмших эрхийг бусдад худалдахад зуучилсан боловч уг газар нь бусдын газар байсан учир худалдан авагчийн шаардсаны дагуу түүнээс авсан 3 400 000 төгрөгийг би бүгдийг ганцаараа хариуцан буцааж өгөхөөр шүүхийн шийдвэр гарч уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч уг мөнгөнөөс 2 400 000 төгрөг авсан боловч авсан мөнгөө буцааж өгөхгүй байгаа тул түүнээс 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХХгээс шүүхэд гаргасан хариу тайлбарт:
Миний бие Хг сайн мэдэхгүй, газрын наймаа хийх гэж кадастрын албатай хуйвалдаж энэ хавийн 20-иод айлыг сая гаруй төгрөгөөр хохироож бичиггүй газар зарж нэг айлыг 4 сая гаруй төгрөгөөр хохироосон. Бас намайг 8 айлын газар байгаа заримыг нь ав, мөн харж бай гэж хэлдэг байсан. Ямар ч баримтгүй, нэр утас 2-оос өөр юмгүй хүнд ийм их хэмжээний мөнгө өгөх хүн биш. Би Хтай нийлж газар зараагүй, түүнээс 2 400 000 төгрөг аваагүй. Тэр газрыг Х өөрөө л зарсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах хэсэгт зааснаар 2 400 000 төгрөгийг гаргуулан Хд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуупийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХгээс 35 350 төгрөгийг гаргуулан Хд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгч Х нь ХХХХХХХгаас газрын төлбөрт 3 400 000 төгрөг авсан талаар Хан-Уул дүүргийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг боловч хэрэгт авагдсангүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нөхөр ХХХХХХ, бэр ХХХХХХХХ нар оролцож нэхэмжлэгчийн талд мэдүүлэг өгсөн. Тэдний мэдүүлэг хоорондоо зөрүүтэй тухайлбал бэр ХХХХХХ “би АТМ-ээс мөнгөн гаргаж авах гүйлгээ хийж чадахгүй тул бэр ХХХХХХХХээр гаргуулсан” гэх, ХХХХХХХХ нь “ ээж, аавын картаар мөнгө гаргасан, аав картнаас мөнгө гаргаж мэднэ” гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч болон гэрчүүд ХХд 2 400 000 төгрөг өгсөн гэх нотолгоо хэрэгт байхгүй.
Шийдвэрт дурдсан нэхэмжлэгч Х, ХХХХХХХгаас 3 400 000 төгрөг авсан, 12:30 минутанд ХХд 2 400 000 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байна гэсэн нь нотолгоогүй хийсвэр дүгнэлт байна.
Анхан шатны шүүх Дундговь аймгийн хаягтай хүнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хариуцагчаар татсан нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хгийн 2 400 000 төгрөг хариуцагч ХХгээс гаргуулах хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэгч Хгийн нөхөр ХХХХ, бэр ХХХХХХХХ нарын гэрчийн мэдүүлэг, мөн иргэн ХХХХХХХгаас нэхэмжлэгч Хд бэлэн мөнгөний машинаар мөнгө шилжүүлсэн, Х уг мөнгийг авсан үйл баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Тухайн хэрэгт ач холбогдолтой байж болох ХХХХХХХгийн нэхэмжлэлтэй Хд холбогдох хэргийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх өөрөө бүрдүүлэх боломжтой гэж хангахгүй орхисон байна. Шүүх хариуцагч ХХ нь 2 400 000 төгрөг нэхэмжлэгч Хгаас аваагүй гэж маргадаг байхад Тахилтын задгай дахь газрыг 3 400 000 төгрөгөөр ХХ, Х нар ХХХХХХХд зарсан, уг хэлцлийн дагуу авсан 2 400 000 төгрөгийг хариуцагч ХХ буцаан төлөхөөс татгалзсан, Хгийн баталгааг үндэслэн 3 400 000 төгрөг гаргуулж ХХХХХХХд олгосон үйл баримт шүүхээр тогтоогдсон гэж ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
Зохигчдын тайлбараас үзэхэд тухайн маргаантай үйл баримтын талаар ХХХХХХХгийн нэхэмжлэлтэй хэрэгт хэлэлцэгдэж тухайн шүүхийн шийдвэрт тусгагдсан байж болохоор байхад шүүх нэхэмжлэгчийн заасан шүүхийн журмаар гаргуулахаар хүссэн баримт бүрдээгүй байхад шүүх хуралдааныг явуулж хэргийн оролцогчийн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гарган өгч хэргийн үйл баримт, гэм буруу бий эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зарчмыг хангаагүй байна.
Дээр дурьдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
А.МӨНХЗУЛ