Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 28

 

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2017/0012/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Г.Ариунболд, Г.Төгөлдөр, Д.Энхбаяр, О.Оргилсайхан, У.Эрдэнэцэцэг, Э.Эрдэнэцэцэг, С.Зийхүү, Д.Дуламсүрэн, Г.Отгонбаяр, С.Отгон, Ц.Нямаажав, Л.Цогсүрэн, Д.Дашдэлэг, Б.Оюундэлгэр, Ц.Батжаргал, О.Цэцэгмаа, А.Ганзориг, А.Энхбаяр, Л.Эрдэнэ-Очир, Э.Төгөлдөр, Т.Мөнхнасан нарын /21 иргэний/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжийн  нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар захирамж, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 400-753 м.кв талбай бүхий газруудыг тус тус бидэнд эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнд шинээр томилогдсон Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат гэгч нь хууль зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/437, А/438 дугаар захирамжаар газар эзэмшиж, өмчлөх эрхийг тус тус хүчингүй болгосон нь газар өмчлөгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироогоод байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжийн үндэслэлдээ Монгол улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоол, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй юм.

1.Монгол улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоолыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Энэхүү  тогтоолоор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоож өгсөн байх бөгөөд энэхүү тогтоолоор Дархан-Уул аймаг болон сумдын төвд нийт 280.85 га газрыг иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Засгийн газрын 173 дугаар тогтоолоор баталсан хэмжээнээс үзэхэд бидний өмчлөх хүсэлт гаргасан газрын хэмжээ хангалттай багтсан байна.

2.Монгол улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд газар өмчлөх үйл ажиллагаа нь зөвхөн тухайн иргэний өөрийн сайн дурын хүсэлт буюу өргөдөл байх бөгөөд нэхэмжлэгч нар хуульд зааснаар газар өмчлөх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргасан.

3.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Энэхүү хуулийн зохицуулалт нь иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгаа хийх харилцааг зохицуулж өгсөн байна. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргаас төрийн захиргааны байгууллагын эрх үүргийг нэхэмжлэгч нарт хамааруулан газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

4.Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:Нэхэмжлэгч нараас анх газар өмчлөх хүсэлт гаргахад төрийн захиргааны байгууллагаас өмчлөх хүсэлт гаргасан газрыг Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр тусгагдсан эсэхийг шалгаж өмчлөх эрхийн захирамжийг гаргасан байхад захиргааны байгууллагын үүргийг нэхэмжлэгч нарт хамааруулан өмчлөх эрхийг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрх Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Монгол улсын иргэний хуульд заасан аль нэг үндэслэлээр дуусгавар болоогүй, хүчингүй болоогүй байхад Дархан-Уул аймгийн Засаг даргаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль,  Газрын тухай хуульд заасныг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмшиж, өмчлөх эрхийг тус тус хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн  Засаг даргын 2016 оны  11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нараас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438, А/440, А/441, А/442, А/443 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:    

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын /21 иргэний/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдоос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжийн  Гомбын Ариунболд, Галтбаатарын Төгөлдөр, Дүгэрээгийн Энхбаяр, Отгонбаярын Оргилсайхан, Сүрнээгийн Зийхүү, Дамирангийн Дуламсүрэн, Готовын Отгонбаяр, Сүрнээгийн Отгон, Цэрэндолгорын Нямаажав, Лхагвасүрэнгийн Цогсүрэн, Дэнсмаагийн Дашдэлэг, Төгсийн Мөнхнасан, Баатарын Оюундэлгэр, Цэвээний Батжаргал, Очирсуурийн Цэцэгмаа, Адъяагийн Ганзориг, Алтангэрэлийн Энхбаяр, Лхагвасүрэнгийн Эрдэнэ-очир, Энхбаярын Төгөлдөр, Эрдэнэцэцэгийн Баасанхүү, Ухнаагийн Эрдэнэцэцэг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.НАРАНТУЯА