Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0248

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0248

Улаанбаатар хот

Д.Ж-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэртэй, Д.Ж-ы нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуульд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж-аас Хууль сахиулахын их сургуульд холбогдуулан гаргасан “Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 6/463 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон бүхэлд нь хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн ахмад цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Учир нь шүүхээр асуудлыг шийдвэрлэж байгаа хэрнээ Төрийн байгууллага, албан тушаалтан мэт хандаж, бусдад хууль зүйн хариуцлага, шийтгэл ногдуулж байгаа мэтээр хууль бус албаны шалгалт, хамааралгүй баримтуудыг шийдвэрийнхээ үндэс болгож шийдвэрээ гаргаж, хэт нэг талыг барьсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл энэхүү шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг огтхон ч хангахгүй байхын зэрэгцээ шийдвэр биш тушаал мэт агуулга хэлбэрийг агуулж байна гэж үзэхээр байна.

Хууль зүйн ямар ч үндэслэлгүй, хууль бус захиргааны акт гэдэг нь илэрхий болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоор байтал мөн түүнчлэн арга хэмжээ авсан захиргааны акт нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсээр байгаа хэрнээ нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчигдөөгүй байна гэж төрийн байгууллагын хууль бус үйлдэл, үйл ажиллагааг хаацайлж, нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Д.Ж намайг ажлаас халж байгаа тухай огт хэлж мэдэгдээгүй, албаны шалгалт явуулж байгаа гэсэн болохоос ажлаас халж байгаа, халах гэж байгаа тушаал, захиргааны акт гаргасан гэдгийг огт хэлээгүй, мэдэгдээгүй. Шүүхийн тогтоох хэсэгт заасан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн авч үзээгүй, захиргааны акт гаргах ажиллагаанд оролцоог бодитой хангаагүй байж хангасан мэтээр тогтоож байгааг нь илт хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна. Шийдвэрийг бүхэлд нь авч үзвэл шүүхийн зүгээс нотлох баримтуудыг бүхэлд нь бодитой үнэлж, дүгнээгүй, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа нь илэрхий тогтоогдсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлуудаар хэрэг маргааныг үнэлж дүгнэсэн хэрнээ зөвхөн төрийн албан хаагч ёс зүйтэй байх ёстой байна гэж шийдсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хууль сахиулахын их сургуулийн захирал 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б/463 дугаар тушаалаар[1] Цагдаагийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицер-багш, цагдаагийн ахмад Д.Ж нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 13.1.11, Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.15, тус сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 5.1, 5.5, 5.6.3, 5.6.8-д заасныг тус тус зөрчсөн тул төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн ахмад цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багш Ч.Баттулгыг зодсон, 2016 оноос 2017 оны хооронд улирал бүрт 60.000 төгрөгийг хувийн автомашины шатахууны төлбөрт сонсогч нараас авсан, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сонсогч оюутан Б.Суманхүүг зодсон, 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 120.000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын сүүлээр 60.000 төгрөг, мөн 40.000 төгрөг нийт 220.000 төгрөгийг багш Ч.Баттулгаас гаргуулан авч караокед орж уусан архины тооцоо хийлгэх, утасны төлбөр төлүүлэх зэргээр дарамтлах байдал гаргасан” гэх үндэслэлүүдээр буруутгасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдийг гаргасан, уг зөрчлүүдийн заримд нь тодруулбал, “...2016 оноос 2017 оны хооронд улирал бүрт 60.000 төгрөгийг хувийн автомашины шатахууны төлбөрт сонсогч нараас авсан, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сонсогч оюутан Б.Суманхүүг зодсон” гэх зөрчлүүдэд Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад хариуцлага тооцсон боловч маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийжээ.

Шүүхийн “хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх дүгнэлтэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гомдол гаргаагүй тул уг хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Д.Ж-ы гаргасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багш Ч.Баттулгыг зодсон, 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 120.000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын сүүлээр 60.000 төгрөг, мөн 40.000 төгрөг нийт 220.000 төгрөгийг багш Ч.Баттулгаас гаргуулан авч караокед орж, уусан архины тооцоо хийлгэх, утасны төлбөр төлүүлэх зэргээр дарамталсан” гэх зөрчлийн тухайд:

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заажээ.

Хууль сахиулахын их сургуулийн дүрмийн 33 дугаар зүйлийн 33.1.15-д “хууль тогтоомж, их сургуулийн бие бүрэлдэхүүний дагаж мөрдөх дүрэм, журам болон бусад эрх зүйн актыг сахин биелүүлэх”, Хууль сахиулахын их сургуулийн багш, ажилтан, сонсогчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5-д “албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэж, хамт олны нэр хүндийг өргөж, сэвтээх үйлдэл гаргахгүй ажиллана”, 5.6.3-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэж тус тус заасныг энэ тохиолдолд авч үзвэл нэхэмжлэгч Д.Ж нь хэдийгээр ажлын цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй ч байгууллагаас нэгдсэн журмаар зохион байгуулсан арга хэмжээний үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хамт ажилладаг ажилтныгаа зодсон тул түүнийг дээрх хууль, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “Б.Баттулгыг би зодоогүй, зөрчил гаргаагүй” хэмээн тайлбарласан ч албаны шалгалтын үеэр мэдүүлэг өгсөн багш, ажилчдын тайлбараар тухайн зөрчлийг Д.Ж- гаргаагүй гэдэг нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “...тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэж тайлбарласан тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.  

Мөн нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд “...Ахынх нь утасны төлбөр бас гарсан байгаа боломжтой бол зээлээч гэж хэлсэн... миний алдаа гаргасан зүйл бол зээлсэн мөнгөө буцаан төлөхөө мартсанд байна” гэж Ч.Баттулгаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагчийн гаргасан маргаж буй акт нь үндэслэлтэй байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч анхан шатны шүүхийг “...хууль бус албаны шалгалтыг үндэслэл болгосон” хэмээн буруутгасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж хуульчилсан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн албаны шалгалт явуулахаар шийдвэрлэсэн акттай маргаагүй байхад тухайн албаны шалгалтыг хууль ёсны дагуу хийгдсэн эсэх талаар дүгнэж, холбогдох баримтуудыг үнэлээгүй хэмээн шүүхийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...намайг ажлаас халж байгаа тухай огт хэлж мэдэгдээгүй, албаны шалгалт явуулж байгаа гэсэн болохоос ажлаас халж байгаа, халах гэж байгаа тушаал, захиргааны акт гаргасан гэдгийг огт хэлээгүй, мэдэгдээгүй” гэж дурдсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан тус сургуулийн захирлын зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 07/01 дугаартай хурлын тэмдэглэл[2], нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл[3], захиргааны шийдвэрийн дагалдах хуудас[4] зэргээс үзэхэд хариуцагч “Цагдаагийн сургуулийн албан хаагчдын эв нэгдлийг бататгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, “Цагдаагийн баяр”-ыг угтан тэмдэглэн өнгөрүүлэх үед болсон зөрчлийн талаар” албаны шалгалт явуулж байгаа, сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар нэхэмжлэгч мэдсэн, түүнтэй холбогдуулан тайлбар амаар болон бичгээр гаргасан байх тул дээрх гомдлыг хүлээн авахааргүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон хуулийн заалтыг буюу Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан тул хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0113 дугаар шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “40 дүгээр зүйлийн 40.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэрэг 32 хуудас

[2] Хавтаст хэрэг 28 хуудас

[3] Хавтаст хэрэг 111 хуудас

[4] Хавтаст хэрэг 48 хуудас