Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00715

 

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/00020 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 223/МА2017/00007 дугаар магадлалтай,

“Шим” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Жаргалант амуу тариа” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 101.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Шим” ХХК-ийн төлөөлөгч Ч.Гантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 06 сарын 09-ний өдөр “Жаргалант Амуу тариа” ХХК-ийн захирал Г.Оюунбаяртай харилцан тохиролцож №6 тоот гэрээ байгуулж 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор Монгол улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн Тебу 60, Зингер, Овсюген экспрэс, Спрут экстра нэрийн ургамал хамгаалалтын бодисыг “Жаргалант Амуу тариа” ХХК-д нийлүүлж нийт 84 960 000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу “Шим” ХХК нь тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлж “Жаргалант амуу тариа” ХХК-аас урьдчилгаа төлбөрт нийт үнийн 20 хувь болох 17.300.000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж үлдэгдэл төлбөр болох нийт үнийн 80 хувь буюу 67.660.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон ч санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүргээд байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй манай компанийн хувьд төлбөр төлөгч байгууллагад үлдэгдэл төлбөрөө төлөх хангалттай хугацаа олгосон ч бодитой үр дүнд хүрээгүй.

Иймд  төлбөр төлбөр 67.660.000 төгрөг, алданги 33.830.000 төгрөг нийт 101.490.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюунбаяр шүүхэдгаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 06 сард “Шим” ХХК-тай нийт 84.960.000 төгрөгийн үнэтэй ургамал хамгааллын бодис авахаар гэрээ байгуулан 20 хувийн урьдчилгаа төлөн одоогийн байдлаар 67.660.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн болно.2016 онд цаг агаарын давагдашгүй хүчин зүйл үүссэн /ган болсон/, Монгол улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдан, тариаланчид хүнд байдалд орсон билээ. Манай компани ч ургац алдан, бусдаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн.Бид “Шим” ХХК-ний удирдлагад энэ байдлаа тайлбарлан, удаа дараа холбогдож байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2016 оны ургацын дараа өгөхөөр аман байдлаар тохиролцоод байсан. Энэ 2016 онд бид ургацаа бүрэн аваад гурилын үйлдвэрүүдэд тушаагаад байгаа бөгөөд гурилын үйлдвэрээс мөнгөө авмагц энэ үлдэгдэл төлбөр болох 67.660.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна.Манай компани 2015 онд их хэмжээний алдагдалд орсноос болж бид гэрээний үүргээ биелүүлж чадаагүй ба “Шим” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан төлбөрийг төлөхөд бэлэн байна. Гагцхүү “Шим” ХХК-иас нэхэмжилж байгаа алдангийг төлөх боломжгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/00020 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Жаргалант Амуу Тариа ХХК-иас үндсэн төлбөр 67.660.000 төгрөг, алданги 33.830.000 төгрөг, нийт 101101490 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Шим ХХК-д олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 665400 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 665400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 11-ны өдрийн 151/ШЗ2016/03160 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн биелэлт энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний  хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 223/МА2017/00007 дугаар магадлалаар:Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/00020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-т зааснаар хариуцагч Жаргалант Амуу Тариа ХХК-иас үндсэн төлбөр 67 660 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 77 660 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шим” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 830 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагчаас 665.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “...хариуцагчаас 546.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327.100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч “Жаргалант Амуу тариа” ХХК-д олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 223/МА2017/00007 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлал нь хэргийн үйл баримтыг үгүйсгэж бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болжээ.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч “Жаргалант Амуу тариа” ХХК нь 2015 онд хэдий хэмжээний талбайд тариалалт хийсэн, түүнээс хэдий хэмжээний тариа нь байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөлд байдалд хамрагдсан эсэхээ хариуцагч тал ямар нэг байдлаар нотлоогүй байхад Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд үндэслэн хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад зохих ёсоор дүгнэлт хийж чадаагүй байна.Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас хариуцагчид хандан гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл өгснийг гэрээний хугацааг сунгасан мэтээр тайлбарлаж хариуцагчийг алданги төлөх үүргээс чөлөөлөх бүхий л боломжийг хайн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж эрх ашиг нь зөрчигдсөн нэхэмжлэгчийг дахин хохироосон шийдвэр гаргасан тус шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.“Олон улсын бараа худалдах худалдан авах гэрээ”-ний тухай НҮБ-ын 1980 оны конвенцын 79 дүгээр зүйлд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар зохицуулсан юм. Тус конвенцын 79 дүгээр зүйлд заасны дагуу Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрчилгээ олгох эрх зүйн зохицуулалттай байхад хариуцагч “Жаргалант Амуу тариа” ХХК нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан хэдий хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтоогоогүй хэрнээ давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна. Тус гэрчилгээгээр 2015 онд байгалийн давагдашгүй хүчний шинжтэй үйл явдал болсныг тогтоосноос хариуцагч “Жаргалант Амуу тариа” ХХК түүнд өртсөн эсэхийг бодитоор тогтоогоогүй байна.

Иймд Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2017/00020 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 223/МА2017/00007 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “Шим” ХХК нь хариуцагч “Жаргалант амуу тариа” ХХК-иас ургамал  хамгаааллын бодисын үнийн үлдэгдэл төлбөр 67.660.000 төгрөг, алданги 33.830.000 төгрөг нийт 101.490.000 төгрөг шаарджээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрөхдөө “...ган болж, ургаж алдсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчдын хооронд  2015 оны  06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч “Жаргалант амуу тариа”  ХХК нь нэхэмжлэгчээс 84.960.000 төгрөгийн ургамал хамгааллын бодис худалдан авч үүнээс 17.300.000 төгрөгийг  төлж, үлдэх 67.660.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохирчээ.

Хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд энэ талаар  маргаагүй байна.

Харин алданги төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Гэрээнд худалдан авагч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр заасан боловч зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны  шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Жаргалант  амуу тариа” ХХК-д Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохдоо Цаг уур орчны шинжилгээний Жаргалант өртөө болон бусад баримтыг судалсан талаар дурдсан бөгөөд энэхүү байдлыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох бөгөөд давж заалдах шатны шүүх алдангийг 10.000.000 төгрөг  болгон багасгасныг буруутгах боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын  09-ний өдрийн 223/МА2017/00007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 277.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ