Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/0100

 

                                                                                                        

“Э Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Б.Мөнхтуяа,

Танхимын тэргүүн, шүүгч:    Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                     Х.Батсүрэн,

                                                       П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                       М.Батсуурь,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар захирамжуудын Б.О-д холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 28ы өдрийн 128/ШШ2020/0696 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Х овогтой Г В, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээд Ж.С, түүний өмгөөлөгч З.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28ы өдрийн 128/ШШ2020/0696 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э Ю Т ХХК-ийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжийн Ж.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0696 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 ...” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэх үндэслэлээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хоёр шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй төдийгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэснээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус болсон гэж үзэхээр байна.
  1. Нэхэмжлэгч “Э Ю Т” XXК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны А/320, 2012 оны А/390, 2014 оны А/588 дугаар захирамжуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргасан. Анхан шатны шүүх Б.О-д олгосон 2012 оны А/390 дугаар захирамжийг /анх Б.О-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан/ үндэслэл бүхий байна гэх агуулга бүхий дүгнэлт хийх замаар “хүчин төгөлдөр газар эзэмших эрх”-ээ 2014 онд А/588 дугаар захирамжаар Ж.С-д шилжүүлсэн нь үндэслэлтэй болжээ гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны А/320, 2012 оны А/390 дугаар захирамжуудын талаар эрх зүйн дүгнэлт хийж улмаар тус дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаар захирамжаар Б.О-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэр гаргахдаа мэргэжлийн хувьд алдаатай шийдвэр гаргасан төдийгүй хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:
  1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаар захирамжаар Б.О-д холбогдох газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ба ингэснээр Б.О-ын газар эзэмших эрх дуусгавар болсон байхад хоёр шатны шүүх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга 2013 онд А/357 дугаар захирамж гаргахдаа Б.О-ыг Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн гэж үзэж, захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгосон /дуусгавар болсон/ байхад түүний газрын “эзэмших эрхийг хүчин төгөлдөр” байгаа мэтээр хууль бус дүгнэлт хийж, 2014 оны А/588 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Ж.С-д шилжүүлсэн мэтээр зөвтгөсөн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх ба энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
  1. Дүүргийн Засаг даргын 2007 оны А/320 дугаар захирамжаар Б.О-д “Үйлдвэр, үйлчилгээ”-ний зориулалтаар 1290 м.кв газрыг олгосон нь анхнаасаа Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байхад хууль зөрчөөгүй гэх дүгнэлт хийхдээ шүүх хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байгааг дурдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6, 7 дугаар хавсралтыг зөрчиж иргэнд хуульд заасан хэмжээнээс илүү газар олгосон дээрх захирамжууд нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулга болон хэлбэрийн хувьд агуулж байхад хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй юм. Хариуцагч тал маргаан бүхий захиргааны актуудыг гаргах цаг хугацаанд 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах 2003 оны 28 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан тул тухайн маргаантай харилцааг өмнө нь үйлчилж байсан эдгээр хууль, журмын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан, Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинэчлэн батлагдсан тул тухайн маргаантай харилцаанд эдгээр шинэ хууль, журмыг хэрэглэх нь шийдлийн хувьд оновчтой биш гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолд: “... Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно ... ”, “... Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ ... ”, “... Мөн зүйлийн 9.1.9-д заасан “... өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэдэгт хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.8-д тодорхойлон зааснаас бусад хэлбэрээр хууль зөрчсөн байхыг ойлгоно ...” гэж заасан байх ба Б.О-д анх газар эзэмших эрхийг олгосон 2007 оны А/320 дугаар захирамжийг шууд гаргах эрх зүйн үндэслэл тухайн үед байгаагүй байсан тул уг захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн талаар шүүхүүд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, харин ч өөр өөр байдлаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.
  1. Дүүргийн Засаг даргын 2012 оны А/390 дугаар захирамжийн тухайд энэ нь Б.О-д шинээр газар эзэмших эрхийг олгож буй эрхийн акт биш, харин 2007 оны А/320 дугаар захирамж, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээний үйлчлэх хугацааг сунгаж байгаа буй хэлбэр гэж ойлгож байгаа ба уг захирамж, Б.О-д олгосон гэрчилгээний хүчинтэй хугацаа нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаар захирамж гарснаар дуусгавар болсон гэж үзэхээр байхад түүнд олгосон гэрчилгээний хугацааг сунгаж буй процесс ажиллагааг шинээр эрх олгосон захирамж гэж үзэж, улмаар бусдад шилжүүлсэн гэх 2014 оны А/588 дугаар захирамжийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид: “... Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох. Хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны Засаг даргад гаргасан бол Засаг дарга, мөн зүйлийн 37.2-т заасан 15 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэх ёстой. Хуулийн дээрх заалтыг эзэмшигч зөрчвөл эрх дуусгавар болох, Засаг дарга зөрчвөл эрх хүчин төгөлдөр байх нөхцөлийг тус тус бүрэлдүүлнэ. Хуулийн энэхүү зохицуулалт туйлын тодорхой боловч энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх тухайн тохиолдолд хүндэтгэн үзвэл зохих нөхцөл, шалтгаан байсан эсэхийг л шалгаж, нотлох баримтаар тогтоосон байвал зохино.”, “... харин гэрээнд сунгуулах хүсэлтийн талаар тусгайлсан хугацаа зааж зохицуулсан тохиолдолд хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй бол өмнөх гэрээнд заасан хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцох нь зүйтэй ...” гэж зөвлөмж гаргасан байна.
  1. Б.О-д олгосон 1290 м.кв газрын эзэмших эрхийн хугацаа нь 5 жил байсан ба 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хугацаа нь дуусгавар болох ёстой байсан бөгөөд эзэмшигч нь хуульд зааснаар гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байсан байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны 09 дүгээр сарын 09-ний дотор хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байх хуулийн шаардлага тавигдаж байгаа ба хэрэв энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол “эрх дуусгавар болох” зохицуулалттай байхад эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаарх Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг шүүх буруу хэрэглэж тайлбарласан буюу энэ талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
  1. Дээрхээс дүгнэн үзэхэд хүчингүй болгосон буюу нэгэнт дуусгавар болсон газрын эрхийг Засаг дарга 2014 онд А/588 дугаар захирамж гарган гуравдагч этгээд Ж.С-д шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад шүүх Газрын тухай хуулийн уг заалтын талаар тухайн маргаантай харилцаанд баримталж хэрэглэх ёстой хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг үнэн зөв тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэл болж байна. /ЗХШХШтХ-ийн 123.2.1/
  1. Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар: Хоёр шатны шүүх “Э Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.О-, Ж.С- нарт холбогдох иргэний хэрэг маргааныг шийдсэн шийдлийн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийн талаар буруу дүгнэлт хийсэн тул төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
  1. Хэрэгт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 859 дүгээр магадлал нотлох баримтаар авагдсан ба уг магадлалаар нэхэмжлэгчийг зарим эд хөрөнгийн хувьд өмчлөгчөөр тогтоож, харин газраас салгамагц зориулалтын шинжээ алдах хөрөнгийн хувьд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Эдгээр хэрэгсэхгүй болгож буй хөрөнгийн хувьд Ж.С-, Б.О- нарыг өмчлөгч гэж үзэхгүй, тэдний өмч хөрөнгө гэдгийг магадлал нотлохгүй байхад харин ч нэхэмжлэгч талын хөрөнгө биш байна гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн дээрх өмчлөгчөөр тогтоолгох иргэний хэрэг маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцож байсан Ж.С-, Б.О- нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага /өмчлөгчөөр тогтоолгох/ гаргаж эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн /ИХ-ийн 9.4/ шийдвэр гаргуулаагүй байхад энэ талаар хоёр шатны шүүх эрх зүйн буруу дүгнэлт хийж энэ нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байгааг дурдаж байна.
  1. Хавтаст хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаар тогтоол зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан ба Улсын Дээд шүүхээс: “... Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Нарны зам 81 тоот хаягт байрлах үйлчилгээ /авто угаалгын газар/-ний зориулалттай сэндвичин барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах үед уг барилгын өмчлөх эрхийн талаар маргаантай байснаас гадна гуравдагч этгээд Ж.Солонгын уг барилгад хөрөнгө оруулалт хийж ямар хэсгийг шинээр бий болгосныг баттай нотолсон баримтгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ ...” гэж дүгнэсэн хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх огт анхаараагүй, энэ талаар хууль бус /илтэд үндэслэл муутай/ дүгнэлт хийлээ.
  1. Маргаан бүхий газрын эрхийг анх Б.О-д хариуцагч захиргааны байгууллага олгохдоо “Үйлдвэр, үйлчилгээ”-ний буюу авто угаалгын зориулалттай гэж олгосон ба нэхэмжлэгч “Э Ю Т” ХХК 2007-2011 он хүртэл автомат авто угаалгын чиглэлээр ашиглаж байсан ба 2014 оноос хойш Ж.С- хууль бусаар шилжүүлж авснаар “... мотоциклийн худалдаа, авто засвар, сэлбэг, сервис ...” худалдаалах гэх зэргээр зориулалтын бусаар ашиглаж байгаа болно. Б.О-, Ж.С- нарын 2012 оноос хойш хэрэгжүүлж буй хууль бус, хууль зөрчсөн ажиллагаануудын улмаас болж БНХАУ-ын иргэн Х.Гоа Ва нь эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Нэхэмжлэгч “Э Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв, давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.
  1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар захирамжаар иргэн Б.О-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС-ын замын урд байрлах 1290 м.кв талбай бүхий газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр; 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар захирамжаар иргэн Б.О-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 81 тоотод байрлалтай 1290 м.кв газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр; мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжаар иргэн Ж.С-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 81 тоотод байрлалтай 1290 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн; нэхэмжлэгчээс эдгээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, “... дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.О-д хуульд заасан хэмжээнээс илүү газрыг эзэмшүүлсэн нь хууль бус,  ... 2007 онд газар эзэмших эрх үүсэхдээ хууль бус нотлох баримтад үндэслэж үүссэн, ... маргаан бүх газарт манай компанийн өмч байгаа, ... 2007, 2012, 2014 оны захирамжууд нь бүгд хууль бус, ... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй ...” гэж маргажээ.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”; 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд хандаж, “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж буй захиргааны акт нь хуульд заасан “илт хууль бус” захиргааны актын шинжийг хангасан байхын зэрэгцээ маргаж буй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.
  1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Анх иргэн Б.О- нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС-ын замын урд байрлах 1290 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар захирамжаар 1290 м.кв газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0136034 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон; улмаар Б.О- нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргасан байх ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар захирамжаар иргэн Б.О-ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунган, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000414458 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон; мөн дүүргийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаар захирамжаар  Газрын тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр тус дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар захирамжийн иргэн Б.О-д холбогдох хэсэг, 6009/0187 нэгж талбарын дугаартай 0136034 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосон; 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.О- нь авто угаалга, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 81 тоотод байрлалтай 1290 м.кв газар эзэмших эрхийг Ж.С-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжаар уг газрыг иргэн Ж.С-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0522099 дугаар гэрчилгээ олгосон үйл баримтууд тогтоогджээ.
  1. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 859 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ/2016/00832 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 81 тоотод байрлах автомат угаалгын газрын автомашин угаах 2 ширхэг тоног, төхөөрөмжийн өмчлөгчөөр Э Ю Т ХХК-ийг тогтоож, харин маргаан бүхий газарт байрлах авто угаалгын газрын барилга, байгууламж, газраас үл салгаж болох худаг, ёмкость, цахилгааны трансформаторын өмчлөгч биш гэж шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
  1. Өмнө тэмдэглэсэнчлэн, нэхэмжлэгч этгээдийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай; энэхүү тохиолдолд, нэхэмжлэгчийн илт хууль бус гэж тооцуулахаар маргаж буй захиргааны акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, хугацаа сунгахын зэрэгцээ гэрчилгээ шилжүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгч “Э Ю Т” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, улмаар маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгосноор түүний ямар эрх сэргэх нь тодорхойгүй юм.
  1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ““Газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах, эрхийг баталгаажуулсан баримт, бичгийг” ойлгоно; 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно, 44.8-д Газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, ... заасан журмыг баримтална гэж заасан; нэхэмжлэгч “Э Ю Т” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани, түүний газар ашиглах эрх нь газар ашиглах гэрээ байгуулж, ашиглах эрхийн гэрчилгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг хуульд заасан журмын дагуу ашиглаж байгаагүй, газар дээр хууль ёсны үл хөдлөх хөрөнгө байхгүй буюу маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор хамгаалагдаж, сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна.
  2. Түүнчлэн, нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг зохицуулсныг үндэслэн маргаж байгаа ч маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/588 дугаар захирамжууд гарах үед Захиргааны ерөнхий (2015 оны) хууль үйлчилж байгаагүй тул хууль буцаан хэрэглэх боломжгүй; мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг үндэслэн маргаж байгаа ч мөн л илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл, захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл огт байгаагүй гэж хуульч биш, жирийн дундаж иргэн дүгнэх шинжийг агуулаагүй юм.
  1. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоногэж газар эзэмшүүлэх талаар, 31 дүгээр зүйлийн 31.1-д Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг; 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гэрээ, гэрчилгээ олгохыг; 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж газар эзэмшигчийн эрхийг; 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж ямар тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар тус тус заасан. 
  1. Анх иргэн Б.О-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/320 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх үед “дуудлага худалдаа” явуулах эрх зүйн харилцааг нарийвчлан журамлаагүй, харин Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаар тушаалаар Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага, худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ыг баталсан; Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар энэ гарахаас өмнө газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй этгээдийн газрын гэрээ, гэрчилгээний үндэслэлийг дахин хянаж, дуудлага, худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаа тогтоон төлүүлэхээр шийдвэрлэсэн ба гуравдагч этгээд Ж.С- нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуудлага худалдааны анхны үнэ 13,622,400 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон байх тул “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж газрыг олгосон гэх үндэслэл; өмчлөл тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд гуравдагч этгээд Б.О-д маргаан бүхий газрын эзэмших эрхийг анх олгохдоо хууль бусаар нотлох баримтыг цуглуулсан гэх үндэслэл тус тус үгүйсгэгдэхийн зэрэгцээ хууль илэрхий зөрчсөн “илт хууль бус” шинжийг агуулсан захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
  1. Иймд, хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүд няцаагдаж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                    Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                       Х.БАТСҮРЭН

                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                        М.БАТСУУРЬ