Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 28

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч О., өмгөөлөгч Б.Лхагвацэрэн /ҮД:0387/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ийн т холбогдох 1808022231207 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо тоотод оршин суух, урьд нь

            Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

            Дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2015 онд Эруүгийн хуулийн'тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хорих ялаар тогтоож, 2016 оын 02 дугаар сарын 24-ний өдөр 02 cap 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт ийн  //.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

О. нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны тойргийн зүүн талын автобусны буудал дээр иргэн Л.гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “айфоне 7 плас” маркийн гар утсыг нь дээрэмдэж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хичээлээсээ тараад Монгол улсын Их сургуулийн автобусны буудал дээрээс автобусанд суугаад зүүн салааны нэгдүгээр буудал дээр буугаад Хилчин хотхон явах автобусанд суусан чинь өөр тийшээ яваад өгсөн. Тэгээд Баянхошууны тойргийн зүүн талд байрлах автобусны буудал дээр буух гэж байхад миний чихэвч тасалдаад гар утсыг хүн авах шиг болсон. ... тэгээд араас нь явж очоод утсаа авья гэтэл миний гэдэс рүү цохиж унагаагаад ... зугтаачихсан. ...” гэх мэдүүлэг /хх 20, 21, 22, 23 х/,

2.Шүүгдэгч О.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Зүүнсалааны автобусанд суугаад найзындаа очихоор явж байсан. Гэтэл тойргийн дараагийн буудал дээр нэг чихэвч зүүсэн өмднийхөө баруун талын халаасанд гар утсаа хийсэн эмэгтэй буух гэж байхад нь араас нь очиж шахаж байгаад халааснаас нь “Айпони-7 плас” маркийн гар утсыг аваад буусан. Гар утсыг аваад зам гараад явж байхад араас нөгөө утасны эзэн охин хүрч ирээд надаас утсаа авъя гэхээр нь би аваагүй гэж хэлээд гар луу нь түлхээд яваад өгсөн. Мөнгө олох зорилготой уг утсыг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 84-85 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Гэрч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 19-20 цагийн хавьцаа ... Зүүнсалааны чиглэлтэй автобусанд суусан.Тэгээд тойргийн дараагийн буудал дээр нэг охин чихэвч зүүчихсэн өмднийхөө баруун талын халаасанд гар утасаа хийчихсэн буух гэж байхад нь шахаж гарч байгаад халааснаас нь гар утасыг аваад буусан.Тэгсэн нөгөө охин миний араас ирээд гар утасаа авья гэхээр нь надад байхгүй чи юу яриад байгаан бэ гээд цээж рүү ньтүлхчихээд зам хөндлөн гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

4.СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “... автобусны буудал дээр буух гэж байхад өмдний хойд халааснаас миний гар утасыг аваад гэдэс рүү цохичихоод зугтаагаад явсан ...” /хх 09 х/,

5.Хохирогч Л.гийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол: “... автобуснаас буухдаа ... гар утасаа халааснаас хулгайд алдсан ...” /хх 10 х/,

6.Арвижих-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:

“I Phone 7 plus загварын гар утас хуучин, 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 31-32 х/,

7.Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 15, 16 х/,

           8.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “I Phone гэсэн бичигтэй 1 ширхэг гар утасыг Л.д хүлээлгэн өгөв” /хх 14 х/,

           9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37 х/

           10.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 44-54, 56-58 х/

           11.Ялаас өршөөн хасах, хугацаанаас өмнө сулласан захирамжийн хуулбарууд /хх 59-60, 61-62 х/

           12.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч О. нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны тойргийн зүүн талын автобусны буудал дээр автобуснаас бууж байсан Л.гийн “айфоне 7 плас” маркийн гар утсыг халааснаас нь авах үед хохирогч мэдээд араас нь очиж утасаа авья гэхэд нь гэдэс рүү цохиж хүч хэрэглэн авсан болох нь:

 

Хохирогч Л.гийн “...Баянхошууны тойргийн зүүн талд байрлах автобусны буудал дээр буух гэж байхад миний чихэвч тасалдаад гар утсыг хүн авах шиг болсон. ... тэгээд араас нь явж очоод утсаа авья гэтэл миний гэдэс рүү цохиж унагаагаад ... зугтаачихсан. ...”...” гэх мэдүүлэг /хх 20, 21, 22, 23 х/,

Шүүгдэгч О.ын “... араас нь очиж шахаж байгаад халааснаас нь “Айпони-7 плас” маркийн гар утсыг аваад буусан. Гар утсыг аваад зам гараад явж байхад араас нөгөө утасны эзэн охин хүрч ирээд надаас утсаа авъя гэхээр нь би аваагүй гэж хэлээд гарлуу нь түлхээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 84-85 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “... автобусны буудал дээр буух гэж байхад өмдний хойд халааснаас миний гар утасыг аваад гэдэс рүү цохичихоод зугтаагаад явсан ...” /хх 09 х/,

Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 15, 16 х/,

           Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “I Phone гэсэн бичигтэй 1 ширхэг гар утасыг Л.д хүлээлгэн өгөв” /хх 14 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.   

 

            Өмгөөлөгч Б.Лхагвацэрэн:О.ын үйлдэл бол дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, хохирогчийн гар утасыг авсны дараа араас ирэхээр нь түлхэж, цохисон үйлдэл хийсэн, гар утасыг хохирогчид мэдэгдэлгүй нууцаар, хүч хэрэглэлгүй авсан тул хулгайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэх асуудлын талаар:

 

            Хохирогч утасны чихэвч салах үед утас алдагдаж байгааг мэдээд араас нь очиж барьж авахад түүний гэдэс рүү цохиж эсэргүүцлийг нь няцаан утасыг нь авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн 3 удаагийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

            Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан байхыг шаарддаг бөгөөд хэрэг гарсан нөхцөл байдлаас дүгнэхэд уг үйлдэл нь нууц, далд аргаар биш илээр үйлдэгдсэн, гар утасыг хууль бусаар авсан үйлдэл бүрэн төгсөөгүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдээгүй байхад хохирогч мэдэж утасаа буцаан авах шаардлага тавьсан тул хулгайн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 Хохирогч Л. нь гар утасаа алдагдсныг мэдсэн даруйдаа шүүгдэгчээс утасаа авья гэхэд түүний гарыг түлхэж, гэдэс рүү нь цохичихоод утасыг аваад явсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгч О. нь хохирогч Л.гийн “айфоне 7 плас” маркийн гар утсыг өөрийн мэдэлд бүр мөсөн шилжүүлж авахын тулд гарыг нь түлхэж гэдэс рүү цохисон үйлдэл нь уг гэмт хэргийн хүч хэрэглэж довтолсон шинжийг бүрэн хангаж байгаа.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

            Шүүгдэгч О. бусдын гар утасыг хүч хэрэглэн авч байгаа өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг бүрэн ухамсарласан гэж үзэх үндэслэлтэй.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогч Л.гийн “айфоне 7 плас” маркийн гар утасыг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 14 х/-аар нотлогдсон тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

 

Улсын яллагч: О. урьд нь 2 удаа ял шийтгүүлсэн, гэм буруу дээрээ маргаж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй тул 04 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь хохирлоо төлсөн, урьдны ял шийтгэлүүд энэ хэрэгт нөлөөлөхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

            Шүүгдэгч О. нь цагдаад баригдаж дээрэмдсэн гар утсаа хураалгасан асуудлыг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөнтэй адилтгах боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа зэргээс үзэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

 

            О.ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 02 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан 03 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

           О. нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 21 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.ыг 03 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.ын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар О.ын урьдчилан цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

           5.О.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ