Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2023/01114

 

 

 

 

 

 

 

 

2023 06 05 210/МА2023/01114

 

 

Ү.М ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/00965 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ү.М ы хариуцагч Д.Ц ид холбогдуулан гаргасан 8,636,925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2019 онд Ү.М надтай хамтран амьдарч байсан Д.Ц нь манай үеэл дүү Э.Ү машин худалдан авах гэсэн мөнгө дутаад байна чи зээл аваад өгөөч, би авсан зээлийг нь хүүгийн хамт найдвартай төлнө гэж Д.Ц гуйсан. Уг хүсэлтийн дагуу Капитрон банктай 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3006-2019/45 дугаар зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлэхдээ өөрийн өмчлөлийн авто зогсоолыг барьцаалан зээл авч мөнгийг Д.Ц ид бэлнээр өгсөн. Тус зээлийн төлбөрийг сар бүр төлсөн бөгөөд нийт 8,636,925 төгрөгийг К ХХК -д төлж дуусгавар болгосон. Энэ зээлийн мөнгийг Д.Ц нь бэлнээр авчихаад одоог хүртэл төлж барагдуулаагүй, өөрийн үеэл гэх Э.Ү гийн хаягийг хэлж өгөхгүй, зээлсэн зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийг авч Э.Ү д өгсөн. Мөнгө авснаас хойш Э.Ү нь Ү.М д нэг ч төгрөг төлөөгүй. Харин зээлсэн мөнгийг Д.Ц ид өгсөн байгаа. Иймд Д.Ц нь Ү.М надаар автомашин авах хэрэглээний зээл авахуулж, уг зээлийн төлбөрийг Ү.М надаар бүтэн төлүүлж, 8,636,925 төгрөгийн хохирол учруулж, хохироосон тул түүнээс энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Д.Ц нь Ү.М тай хамтран амьдарч байх хугацаанд Капитрон банкнаас өрхийн хэрэглээнд зориулан зээл авсан. Тухайн зээлийг хамтран зээлдэгчээр миний бие оролцсон болно. Тус зээлийг Ү.М нь өөрийн төрсөн дүү болох Ү.М-гын охины эмчилгээнд хандив болгон өгсөн. Надад болон миний үеэл дүүд өгөөгүй. Түүнчлэн, машин аваагүй. мөнгө төгрөгөөр хохироосон зүйл байхгүй. Энэ зээл өрхийн хэрэглээний зээл гэж гарсан. Тухайн үед өрхийн хэрэглээнд зарцуулагдсан. Ү.М аас мөнгө аваагүй учраас буцаан төлөх үндэслэл байхгүй. Намайг бэлнээр аваад Э.Ү д дансаар өгсөн гэж мэдүүлдэг. Миний данснаас харахад 7,000,000 төгрөгийн гүйлгээ байхгүй. Ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц аас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.М д олгож, үлдсэн 1,636,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.М ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид 147,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.М д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ү.М аас Д.Ц нь 7,000,000 төгрөгийг зээлсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл К ХХК -тай 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3006-2019/45 дугаар зээлийн гэрээг зээлдэгч Ү.М , Д.Ц нар хамтран зээлсэн нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдсон. Мөн нэхэмжлэгч Ү.М , хариуцагч Д.Ц нар нь 2011 оноос 2020 оны 11 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар хамтран амьдарч байхдаа хамтын хөрөнгөөр худалдан авсан авто зогсоолын зориулалттай үл хөрөнгийг барьцаалж хамтран зээл авсан байхад шүүх Ү.М аас Д.Цэнд- Аюуш нь 7,000,000 төгрөгийг зээлсэн гэж буруу дүгнэсэн. К ХХК -аас зээлсэн 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нь хамтран амьдарч байх хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хооронд төлж барагдуулсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. Иймд Д.Ц , Ү.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүсээгүй учир Д.Ц нь Ү.М ы өмнө хүлээх тодорхой үүрэг үүсэхгүй болно.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хариуцагчид тус мөнгийг бэлнээр өгснийг дансаар шилжүүлсэн гүйлгээгээр тогтоосон гэсэн. Гэхдээ хэзээний өдрийн нэхэмжилж буй 7,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, тус мөнгийг буцаан шаардах эрх хэзээ үүссэн талаар тодорхой бичээгүй бөгөөд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар орлого, зарлагын гүйлгээ байхгүй байхад дансны гүйлгээгээр тогтоогдож байна гэж буруу дүгнэсэн. Мөн хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт ...тус зээлийг Ү.М тай хамтран амьдарч байх хугацаанд өрхийн хэрэглээнд болон дүү Ү.Мөнхтулга охины эмчилгээнд хандивласан... гэсэн бөгөөд шүүх хуралдааны үед ч мөн адил тус зээлийг өрхийн хэрэглээнд зарцуулсан талаар тайлбарласан нь агуулгын хувьд адилхан байхад зөрүүтэй гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Иймд анхан шатны шүүх нь тус хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу нотлох баримтгүйгээр хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ү.М ы зүгээс маргаан бүхий 7,000,000 төгрөгийг Д.Цэнд- Аюушаар дамжуулан Э.Ү зээлдүүлсэн гэж нэхэмжилж байгаа бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Д.Ц нь авсан мөнгөө АТМ-ээр Э.Ү рүү шилжүүлсэн. Э.Ү нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Д.Ц ийн Хаан банкны 2 дансанд 7,000,000 төгрөгийг хийсэн... гэх илт худлаа тайлбарыг гаргасан. Өөрөө хэлбэл, нийт 5 сарын хугацаанд бага хэмжээгээр нийт 19 гуйлгээгээр 7,000.000 төгрөгийг Э.Ү д шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан Хаан банкин дахь Д.Ц ийн эзэмшлийн 5690030010, 5720544093 тоот тус тус дансны хуулгаар Э.Ү гийн эзэмшлийн 5753868791 тоот данснаас Д.Ц ийн эзэмшлийн 5720544093 тоот дансанд 17 гүйлгээгээр нийт 6.195.000 төгрөгийг Э.Ү гээс Д.Ц ид тухайн цаг хугацаанд нь буцаан шилжүүлж байсан. Хариуцагч Д.Ц болон Э.Ү нар нь төрөл садангийн холбоо хамааралтай хүмүүс бөгөөд ойр дотно харилцаатай эгч дүү юм. Тодруулбал, ойр дотно хүмүүс нэгэндээ бага хэмжээгээр гүйлгээ хийх тохиолдол нэлээдгүй байдаг тэр бүх гүйлгээг дамжуулж зээлдүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүх тус хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тухайн зээлийг 2019 оны 02 дугаар сард авсан. Д.Ц ийн ах, дүү нартай хамт Хөвсгөл аймгийн Тариалан суманд очиж, золголт хийсэн. Гэтэл тухайн үед Д.Ц ийн эцэг, эх миний хүүг ажилтай болгож, унаа тэрэг авахад нь тусалж өгнө үү гэж гуйсан. Миний бие Дорноговь аймгийн Сайншанд хотод баригдаж буй Ургах наран хороололд барилгын инженерээр ажилд оруулж өгсөн. Гэтэл тухайн барилгад 3, 4 сар орчим ажиллаж байгаад ажлаа хаясан байдаг. Мөн миний бие өөрийн эзэмшилд байсан автомашиныг К ХХК -д барьцаалж 7,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийг авахад Д.Ц хамтран зээлдэгчээр оролцож, уг 7,000,000 төгрөгийг Д.Ц бэлэн мөнгөөр авсан. Өрхийн хэрэглээний зээлийн талаарх асуудал яригдаж байгаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал тодорхой бус, нотлох баримт дутуу байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ү.М нь хариуцагч Д.Ц ид холбогдуулан 8,636,925 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр К ХХК -тай зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дүү Э.Ү г автомашин худалдан авахад зориулж авч өгсөн, уг зээлийг хүүгийн хамт төлсөн учраас хохирлоо гаргуулахаар шаардсан гэж тодорхойлжээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагч Д.Ц ийн банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/04086 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжид Д.Ц ийн Хаан банкин дахь дансны хуулгыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн нь техникийн шинжтэй алдаа болсон байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн өдрөөс хойшхи хугацааны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулснаар 7,000,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хэрхэн хийгдсэн нөхцөл байдал тодорхой болох учиртай.

5.1. Хэрэгт зээл олгосон өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дансны хуулга авагдаагүй байхад нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч данснаасаа 7,000,000 төгрөг бэлэн зарлага хийсэн эсэх үйл баримтыг тогтоох боломжгүй.

5.2. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан учраас энэ өдрөөс хойшхи хугацааны 7,000,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээг тодруулсны үндсэн дээр буюу хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр шүүх маргааныг хянан шийдвэрлэх нь оновчтой байжээ.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/00965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 127,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН