| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0017/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 13
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...ийн ...т холбогдох 1802004250259 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сары 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ...ийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.... нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Тетрагидроканнабинол”-ын агууламжтай Каннабис /өвс/ гэх нэршилтэй ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
2019 оны 09 сарын 18-24-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хорооллын ...тоотод 78.3 гр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Т....Сэлэнгэ аймгийн Зүүн хараа /Мандал/ суманд ногоон талбай дээр өдрийн 50.000 төгрөгний цалинтай төмс хураах ажил байна гэсэн. ... гэртээ ажилгүй байж байхаар тийшээ явж хоёр гурван хоног ногоо хураачихаад ирвэл зүгээр юм биш үү гэсэн чинь М.... дэмжсэн. Тухайн үед би дүү Э....ийг явах уу гэж асуухад тэгье гэж хэлсэн. ... Бид дөрөв 23 цагийн орчим вокзалаас Сэлэнгэ аймаг руу явах галт тэргэнд суугаад маргааш өглөө нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цагийн орчим очсон. Тэнд очоод галт тэрэгнээс буухад Т....сумын төвөөсөө урагшаа алхаж байхад ногоон талбай байгаа гэсэн гэж хэлээд бид нарыг дагуулаад сумын төвөөс нь урагшаа явсан. Сумын төвөөс урагшаа нилээн явахад ямар нэгэн ногоон талбай тааралдаагүй, харин хэд хэдэн тариан талбай байсан. Т....ажил хийлгэнэ гэсэн хүнийхээ утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байна гэж байсан. Би тариан талбайд ургасан тариаг сонирхоод хараад зогсож байхад тариан талбайн хажуугаар ургасан зэрлэг ургамалууд дунд Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь сонирхоод тасдаж аваад үүрүүлж нунтаглаад бэлэн тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь нөгөө нунтагласан ургамлаасаа хийж байгаад тамхи шиг татаж /хоёр гурван удаа сорсон/ байгаад М....т өгсөн чинь хоёр гурван удаа сорчихоод Т....д өгсөн чинь мөн хоёр гурван удаа сорьж дуусгаад хаячихсан. Тэнд бараг 12 цаг хүртэл байсан бөгөөд Т....нөгөө хүн рүүгээ залгаад угас нь холбогдохгүй байсан болохоор Улаанбаатар хот руу буцахаар болж, хот руу явах унаа хайхад шууд Улаанбаатар хот руу явах унаа олдоогүй, харин Сэлэнгэ аймгийн Баруун хараагаар дайрч өвс ачаад явна гэсэн хоёр портер машин байхаар нь бид нар гуйж байгаад өвсийг ачиж өгөөд үнэгүй сууж явахаар болсон юм. Би нэг портерт нь суугаад, М...., Т...., Э....э гурав нэг машинд суугаад явсан. Сэлэнгэ аймгийн Баруун хараа руу миний сууж явсан машин нөгөө машинаасаа хоцорч очсон. Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын төвөөр дайрч, Төв аймгийн Сүмбэр сум гэсэн самбараас бага зэрэг урагшаа явж байгаад зүүн тийшээ шороон замаар явж байгаад нэг газраас өвс ачсан. Өвс ачиж дуусгаад би бие засах гээд нэг тариан талбайн хажуугаар алхаж явахад Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь би өөрт байсан жижиг гялгар уутаар дүүрэн түүж аваад тухайн үед өмсөж явсан халаасандаа хийчихсэн юм. Тэгээд бие засчихаад өвс ачсан машиндаа суугаад Упаанбаатар хотод эмээлт захын ойролцоо ирээд би тэндээсээ хотын төв рүү орох унаанд сууж гэртээ ирсэн. Гэртээ ирээд өөрийн түүж ирсэн өвсөө гэрийнхээ шүүгээд хийгээд гэрийнхнээсээ нуучихсан юм. Би www.youtube.com сайтаас англиар “Cannabis oil” буюу монголоор Каннабисийн тос гэж бичиж хайлт хийж нэг бичлэгийг нь дуурайж, түүж ирсэн Каннабис өвснөөсөө бага зэргийг авч ундааны саванд хийж, ахуйн хэрэглээний газ ашиглан, шахахад шингэн тос гарсан. Уг гарсан тосыг нь өөр саванд тосож аваад тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь галаар шатааж, гарсан утааг мөнгөн дэвсгэрт хуйлж соруул болгож байгаад сорж хэрэглэж үзсэн. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, цаашид дахиг ийм хэрэгт холбогдохгүй, надад хорихоос өөр ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /2 хх 132-137 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.Гэрч П....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... 08 дугаар сард хотод байгаагүй. 2018 оны 09 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө манай хүүг цагдаа нар дагуулж гэрт ирсэн. Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэж надад хэлсэн. ... Би тэр гялгар ууттай ургамлыг тэр өдөр анх удаа харсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 108-110 х/,
3.Насанд хүрээнгүй гэрч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.... ах над руу яриад хөдөө явж ногоо хураах ажил хийх үү гэхээр нь би тэгье гэж хэлээд вокзал дээр очиход ... ах 2 найзтайгаа хамт зогсож байсан. Тэгээд 23 цагийн үед галт тэргээр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа буюу Мандал сум руу явсан. ... сумын төвөөс урагшаа явж байгаад нэг тариан талбайн хажууд зогссон. Б.... ах Каннабис гэдэг чинь энэ гээд, хатаж шарласан ургамал тасдаж аваад гар дээрээ нунтаглаж байгаад тамхинд ороож татаж байснаа М...., Т....нарт өгсөн. Тэр 2 нь хоёр, гурван удаа сорж татаж дуусгасан. Тэгснээ тэр гурав хоорондоо юм ярьж байгаад ... ах каннабис биш байна гээд үлдсэн нунтаг ургамлаа хаясан. ... ... ах тусдаа машинд сууж хот руу явсан. М...., Т....бид 3 тусдаа Улаанбаатар хот руу хөдөлсөн. Миний нүдэн дээр ... ах болон түүний 2 найз ямар нэгэн өвс түүж харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 114-116 х/,
4.Гэрч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Т....манай гэрт ирсэн юм. Бид хоёр манайхаас гараад гадуур явж байгаад Б....тай таарсан юм. Тэгээд Б....тай мэнд мэдээд сонин хачин яриад зогсож байхад Б.... гайгүй цагийн ажил байвал олж хийх юмсан гэртээ ажилгүй байх дэмий байна гэхэд Т....Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүн хараа/ суманд байдаг ногоон талбай дээр туслах ажилтан авна гэсэн зар байхаар нь утсаар ярьсан чинь өдрийн 50.000 төгрөг, байр, хоол үнэгүй гэж байна, сумын төвөөсөө урагшаа 2-3 км зайтай газар байдаг гэсэн гурвуулаа тийшээ явж хэд хоног ажил хийчихээд ирэх үү гэсэн. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаж байгаад тийшээ явж ажил хийхээр болсон юм. Бид гурав Сэлзнгэ аймгийн Мандал /Зүүн хараа/ явах гээд вокзал руу явж байхад Б.... би дүүгээ дуудчихъя гэртээ ажилгүй байгаа гэсэн. Бид нар вокзалаас Сэлэнгэ аймаг руу явах галт тэргэнд суугаад маргааш өглөө нь буюу 2018 оны 09 дүгээр 09 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүн хараа/-д буусан. ...Бид нар тариан талбайн хажуугаар шороон замаар явж байхад Б.... каннабис чинь энэ шүү дээ гээд нэг өндөр хатаж шарласан ургамал заагаад намайг утсаараа бичлэг хийгээч гэхээр нь би Б....ын утсаар бичлэг хийгээд Б....т өгсөн. Б.... нөгөө заасан өндөр ургамлаасаа тасдаж аваад бэлэн тамхины тамхийг асгаж байгаад оронд нь нунтагласан өвсөө хийгээд эхлээд өөрөө хоёр, гурав сороод дараа нь надад өгөхөөр нь би хоёр, гурав сороход хоолой боогдоод нэг сонин байхаар нь Т....д өгсөн, Т....хоёр, гурав сороод дэмий юм байна гээд газар хаясан. ...Тэгээд тэндээ байж байгаад хот руу буцаж ирсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 123-127, 2 хх162-164 х/,
5.Гэрч Т....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Зүүн хараа буюу Мандал сум руу Б...., М...., Э....э нарын хамт ажил хийх гэж явсан. Бид нар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орой Улаанбаатар хотоос галт тэргэнд суугаад маргааш нь үүрээр Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүн хараа/-д очсон. Бид нар Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүн хараа/-д хоноогүй. Учир нь ажил хийх гэж байсан газраа олоогүй, зараас харсан утас руу нь залгахад тэр утас нь холбогдохгүй байсан. Тэгээд бид нар буцахаар шийдээд Сэлэнгэ аймгийн Мандал зумын төвөөс Баруун хараа сум орж өвс ачаад хот руу явна гэж байсан хоёр ачааны машинтай ахтай таарч өвснөөс нь ачилцаж өгөөд хот руу үнэгүй сууж явахаар болоод явсан. Бид нар өөр өөрийнхөө замын зардлыг гаргасан. Бидний очсон газар Каннабис ургамал ургадаг гэдгийг мэдээгүй. Ажил хийх ногооны талбайгаа хайгаад явж байхад Б.... каннабис гэдэг чинь энэ гээд нэг ургамал заагаад өөрөө тасдаж аваад тамхи шиг татсан. Тэгээд ...т, дараа нь надад өгсөн. Бид 2 ганц, хоёр удаа сороод хаячихсан ... каннабис гэж тасдаж авсан ургамлаа түүж аваагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 128-132, 2 хх159-161 х/,
6.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний зээ хүү Б.... нь манай хамгийн том охины дунд хүү байгаа юм. Би зээ хүүгийнхээ төрсөн он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Бага насандаа бусдын адил цэцэрлэгээр хүмүүжиж, ерөнхий боловролын сургуульд элсэн суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орж суралцаж байгаад сургуулиасаа гарчихсан. Одоо ээж, аавдаа туслаад гэртээ байгаа. Үг дуу цөөтэй, даруухан хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 111-113 х/,
7.Шинжээчийн 9997 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн “2018 09.24 ...э ... РД:УК99032337” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1 хх 135-136 х/,
8.Шинжээчийн 9988 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн бор хүрэн өнгийн цүнх, тугалган цаас, ZN5203997 гэсэн сери дугаартай 100-ын мөнгөн дэвсгэрт, дотроо шаргал өнгийн зүйлтэй цэнхэр өнгийн суурьтай таггүй хуванцар сав зэргээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэч байна...” гэх дүгнэлт /1 хх 141-143 х/,
9.Шинжээчийн 9989 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн “...ын гэрээс хураасан өвс мэт зүйл ХТТГ а/х Д.Нямрагчаа” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамхал мэт зүйлээс тетрагидроканнабинол ЯНС/ илэрч байна...” гэх дүгнэлт /1 хх 147-148 х/,
10.Шинжээчийн 10770 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн “2018.10.13-ны өдөр Б....ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс хураан авсан ургамал мэт зүйл ХТТГ, МШХ мөрдөгч цагдаагийн ахмад Д.Нямрагчаа 2018.10.15” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл /26 грамм/-д тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...” гэх дүгнэлт /1 хх 163-164 х/,
11.Шинжээчийн 5876 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн IMG_0771.mov гэсэн нэртэй дүрс бичлэгийн файлд бичигдсэн дуу хоолой нь 2 секундэд бичигдсэн байх тул дуу авианы адилтгалын шинжилгээ хийхэд, мөн харьцуулах загвараар ирүүлсэн Б...., Т...., Э.Отгон- Эрдэнэ, М.... нарын гэх гэрэл зураг нь дүр зургийн адилтгалын шинжилгээ хийхэд чанарын шаардлага хангахгүй байх тул дуу авиа, хүний гадна дүр төрхийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн IMG_0771.mov гэсэн нэртзй дүрс бичлэг нь эх хувь байх тул дүрс бичлэг, хүний гадна дүр төрхийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн шинжилсэн IMG_0771.mov нэртэй дүрс бичлэгт ямар нэгэн засвар, өөрчлөлт ороогүй Apple iphone5 маркийн 10.3.3 хувилбартай төхөөрөмж дээр бичигдсэн, 1 минут 9 секундын хугацаатай, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн, 07 цаг 49 минут 15 секундэд бичигдсэн дүрс бичлэг байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.... iphone5-c хуулсан дүрс бичлэг” гэсэн бичиггэй CD-нд бичигдсэн, IMG_0771.mov гэсэн нэртэй дүрс бичлэгт хөдөө хээр газар, автомашины шороон зам дагуу 4 хүний үйл хөдлөл дүрслэгдсэн байна. Уг бичлэгт хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн богино ханцуйтай хүн, мөн цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, хар бараан өнгийн өмдтэй хар өнгийн цүнх үүрсэн, зүүн гартаа цагаан гялгар уутыг гарныхаа шуу хэсэгт тохсон, хоёр алгыг хооронд нь хавсарч үрэх хөдөлгөөн хийж буй хүн, мөн хар өнгийн цагаан эмжээртэй ханцуйгуй цамцтай, бор хүрэн, хар өнгийн оосортой цүнх үүрсэн, цээж болон гарын мөр, бугалга, шуу хэсгээр шивээстэй, хоёр гарын алгыг хавсарч, үрэх хөдөлгөөн хийж буй хүн, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцтай, цүнх үүрсэн, гарын бугалга, шуу хэсэгт шивээстэй хоёр гарын алгыг хооронд нь хавсарч үрэх хөдөлгөөн хийж буй хүн дүрслэгдсэн байх бөгөөд гадна дүр төрх, үйл хөдлөлийн шинжээр эрэгтэй хүн байх боломжтой 4 хүн дүрслэгдсэн байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн IMG_0771.mov нэртэй дүрс бичлэгт бичигдсэн дуу авиа нь дуу авианы шинжилгээнд тэнцэхгүй тул тогтоох боломжгүй. Ярианы өнгө уурласан уйлсан, заналхийлсэн эсэхийг тогтоох нь шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байх тул тогтоох боломжгүй.
4.Шинжилгээнд ирүүлсэн IMG_0771.mov гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:26 секундэд дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар авсан Б....ын гэх дүр төрхтэй, 00:00:29 секундэд дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар авсан Т....ы дүр төрхтэй, 00:00:15 секундэд дүрслэгдсэн хүний гадна дүр төрх нь харьцуулах загвараар авсан Э....ийн гэх дүр төрхтэй тохирч байна...” гэх дүгнэлт /1 хх 199-206 х/,
12.Шүүх сэтгэц эмгэг судлалын 873 дугаартай дүгнэлт
1.Б.... нь урьд нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
2.Одоо Б.... нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3.Б.... нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4.Б.... нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5.Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Б....т мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.
6.Б....т мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг оогоор үгүй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай ж оношлогдвол Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ энэ төрлийн эмчилгээг йж гүйцэтгэх боломжтой.
7.Б.... сэтгэцийн хувьд эрүүл, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглдэх шаардлагагүй байна. гэх дүгнэлт /1 хх 213-215 х/,
13.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... ...ий өмсөж явсан хувцасанд үзлэг хийхийн өмнө хэрэгт ач холбогдолтой мансууруулах ,сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураар гаргаж өгөхийг санал болгоход миний үүрч яваа хүрэн өнгийн үүргэвч дотор миний хийсэн шавар гэх бодис яваа, мөн манай гэрт өвс байгаа гэсэн, ... цамцны зүүн талын халааснаас толгой нь хагарсан дотроо ямар нэгэн эд зүйл байхгүй тарианы усны шил 1 ш гарч ирснийг хураан авлаа ... нүцгэлж биед нь үзлэг хийхэд ... цээжний гол хэсэгт буюу хоёр хөхний дунд Каннабис ургамлын дүрс бүхий ... шивээстэй байв” /1 хх 4 х/,
14.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-9 х/,
15.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол/1 хх 88-107 х/,
16.Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг /1 хх 23-27 х/,
17.Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 29-37 х/
18.Б....ын шагналын баримтууд /1 хх 32-34 х/
19.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 244 х/
20. Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 4, 23 х/
21.... ХХК-ийн “Б.... жолоочоор ажилладаг” тухай тодорхойлолт /2 хх 186 х/
22.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 31 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Б.... нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Тетрагидроканнабинол”-ын агууламжтай Каннабис /өвс/ гэх нэршилтэй ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, гэртээ хадгалсан болох нь:
- Шүүгдэгч Б....ын “... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цагийн орчим очсон. ... Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын төвөөр дайрч, Төв аймгийн Сүмбэр сум гэсэн самбараас бага зэрэг урагшаа явж байгаад зүүн тийшээ шороон замаар явж байгаад нэг газраас өвс ачсан. Өвс ачиж дуусгаад би бие засах гээд нэг тариан талбайн хажуугаар алхаж явахад Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь би өөрт байсан жижиг гялгар уутаар дүүрэн түүж аваад тухайн үед өмсөж явсан халаасандаа хийчихсэн юм. Тэгээд бие засчихаад өвс ачсан машиндаа суугаад Улаанбаатар хотод эмээлт захын ойролцоо ирээд би тэндээсээ хотын төв рүү орох унаанд сууж гэртээ ирсэн. Гэртээ ирээд өөрийн түүж ирсэн өвсөө гэрийнхээ шүүгээд хийгээд гэрийнхнээсээ нуучихсан юм. Би www.youtube.com сайтаас англиар “Cannabis oil” буюу монголоор Каннабисийн тос гэж бичиж хайлт хийж нэг бичлэгийг нь дуурайж, түүж ирсэн Каннабис өвснөөсөө бага зэргийг авч ундааны саванд хийж, ахуйн хэрэглээний газ ашиглан, шахахад шингэн тос гарсан. Уг гарсан тосыг нь өөр саванд тосож аваад тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь галаар шатааж, гарсан утааг мөнгөн дэвсгэрт хуйлж соруул болгож байгаад сорж хэрэглэж үзсэн. ...” гэх мэдүүлэг /2 хх 132-137 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэрч П....гийн “... 2018 оны 09 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө манай хүүг цагдаа нар дагуулж гэрт ирсэн. Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэж надад хэлсэн. ... Би тэр гялгар ууттай ургамлыг тэр өдөр анх удаа харсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 108-110 х/,
- Гэрч М....ын “...Бид нар тариан талбайн хажуугаар шороон замаар явж байхад Б.... каннабис чинь энэ шүү дээ гээд нэг өндөр хатаж шарласан ургамал заагаад намайг утсаараа бичлэг хийгээч гэхээр нь би Б....ын утсаар бичлэг хийгээд Б....т өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 123-127, 2 хх162-164 х/,
- Гэрч Т....ы “... Ажил хийх ногооны талбайгаа хайгаад явж байхад Б.... каннабис гэдэг чинь энэ гээд нэг ургамал заагаад өөрөө тасдаж аваад тамхи шиг татсан. Тэгээд ...т, дараа нь надад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 128-132, 2 хх159-161 х/,
- Шинжээчийн 9997 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн “2018 09.24 ...э ... РД:УК99032337” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ... НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1 хх 135-136 х/,
- Шинжээчийн 9988 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн бор хүрэн өнгийн цүнх, тугалган цаас, ZN5203997 гэсэн сери дугаартай 100-ын мөнгөн дэвсгэрт, дотроо шаргал өнгийн зүйлтэй цэнхэр өнгийн суурьтай таггүй хуванцар сав зэргээс тетрагидроканнабинол /ТНС/ илрэч байна...” гэх дүгнэлт /1 хх 141-143 х/,
- Шинжээчийн 9989 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн “...ын гэрээс хураасан өвс мэт зүйл ХТТГ а/х Д.Нямрагчаа” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамхал мэт зүйлээс тетрагидроканнабинол ЯНС/ илэрч байна...” гэх дүгнэлт /1 хх 147-148 х/,
- Шинжээчийн 10770 дугаартай дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн “2018.10.13-ны өдөр Б....ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс хураан авсан ургамал мэт зүйл ХТТГ, МШХ мөрдөгч цагдаагийн ахмад Д.Нямрагчаа 2018.10.15” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл /26 грамм/-д тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...” гэх дүгнэлт /1 хх 163-164 х/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... ...ий өмсөж явсан хувцасанд үзлэг хийхийн өмнө хэрэгт ач холбогдолтой мансууруулах ,сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураар гаргаж өгөхийг санал болгоход миний үүрч яваа хүрэн өнгийн үүргэвч дотор миний хийсэн шавар гэх бодис яваа, мөн манай гэрт өвс байгаа гэсэн, ... цамцны зүүн талын халааснаас толгой нь хагарсан дотроо ямар нэгэн эд зүйл байхгүй тарианы усны шил 1 ш гарч ирснийг хураан авлаа ... нүцгэлж биед нь үзлэг хийхэд ... цээжний гол хэсэгт буюу хоёр хөхний дунд Каннабис ургамлын дүрс бүхий ... шивээстэй байв” /1 хх 4 х/,
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-9 х/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол/1 хх 88-107 х/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг /1 хх 23-27 х/,
- Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 29-37 х/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг /хавтаст хэргийн 86-97 хуудас/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг /1 хх 23-27 х/,
- Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 29-37 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөт бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон байдаг.
Сэтгэцэд нөлөөт бодис гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг зааж өгсөн.
Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь дээрх конвенцийн жагсаалтанд багтсан.
Байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргийг “Бэлтгэсэн”-д,
Сэтгэцэд нөлөөт бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан”-д тус тус хамруулна. УДШ-ийн 2008 оны 29 дүгээр тогтоол
Б....ын хувьд “Тетрагидроканнабинол”-ын агууламжтай “ургамал”-ыг худалдах, арилжих, солилцох зорилгоор ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар бусдад шилжүүлсэн, хариу төлбөр авсан гэх үйлдлүүд тогтоогдоогүй.
Каннабис /өвс/ нь байгальд ургадаг сэтгэцэд нөлөөт бодис бөгөөд түүнийг түүж цуглуулсан, өөрийн биедээ авч явсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Б.... хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, гэртээ хадгалж байсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан нийгэмд хор аюул ихтэй болохыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагч: Б....т 01 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Б.... нь шинжээчийн дүгнэлтээр мансууруулах бодисын хамааралтай гэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү?, мөн 19 настай 21 насанд хүрээгүй учраас өсвөр насны шүүгдэгчид тооцож ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Б.... нь 19 настай 21 насанд хүрээгүй хэдий ч түүнийг өсвөр насны шүүгдэгчид тооцох үндэслэлгүй. Учир нь Б.... өөрийн насны хүмүүсээс биеийн эрүүл мэндийн байдал, сэтгэцийн хөгжлийн хувьд сул, дорой байдал тогтоогдоогүй, Шүүх сэтгэц эмгэг судлалын 873 дугаартай дүгнэлт /1 хавтас 213-215 хуудас/-ээр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд уг ургамлыг мансууруулах бодисын төрөлд хамаардаг гэдгийг мэдэж байсан, өөрийн гараар түүж бэлтгэсэн, гэртээ хадгалж байсан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг шаардахгүй, нийгмийн хор аюул ихтэй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд цээжин дээрээ каннабис ургамлын дүрсийг шивүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, анх удаа хорих ял шийтгүүлж байгаа тул уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, гялгар уутны хамт 26.1 грамм, 78.3 грамм “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай Каннабис /өвс/ гэх нэршилтэй ургамал, бор хүрэн өнгийн цүнх, тугалган цаас, ZN5203997 сери дугаартай 10-ын мөнгөн дэвсгэрт, дотроо шаргал өнгийн зүйлтэй цэнхэр өнгийн суурьтай таггүй хуванцар сав зэргийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус газарт даалгах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Тетрагидроканнабинол”-ын агууламжтай “бодис”ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 26.1 грамм, 78.3 грамм “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Тетрагидроканнабинол”-ын агууламжтай Каннабис /өвс/ гэх нэршилтэй ургамал, бор хүрэн өнгийн цүнх, тугалган цаас, дотроо шаргал өнгийн зүйлтэй цэнхэр өнгийн суурьтай таггүй хуванцар сав зэргийг устгахыг, ZN5203997 сери дугаартай 10-ын мөнгөн дэвсгэртийн Монгол банкинд шилжүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн 9 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ