| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0019/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 35
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Хохирогч Ч....,
Шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчин овогт ...гийн ...д холбогдох 1808046121556 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит ...тоотод оршин суух, Хорчин овогт ...гийн ..., /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.... нь 2018 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ...тоотоос иргэн Ч....гийн эзэмшлийн “Хаан банк”-ны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, картнаас нь 1.200.000 төгрөгийн зарлага гаргаж, бусдад нийт 1.205.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ... миний ... дугаарын гар утас руу 99988386 гэсэн дугаарын гар утаснаас залгаад “...танай гэрт очиж хонож болох уу” гэж асуусан. Тэгээд би зөвшөөрөөд ... 22 цагийн орчимд манай гэрт ирсэн. ...ийг гэртээ ирэхээр нь хоол идэх үү гэтэл үгүй гэж хэлээд бид нар удалгүй унтацгаасан. Тухайн үед манай гэрт 7 настай хүүхэд ... бид гурав байсан. Би ...д гэрийнхээ баруун талд ор засаж өгөөд би хүүхэдтэйгээ хамт гэрийн зүүн талын орон дээр унтсан. Шөнө 02 цагийн орчимд сэрээд хартал ... байхгүй манай гэрээс гараад явсан байсан. Тухайн үедээ нэг их юм бодолгүй гайхаад ...ийг бие засах гээд гарсан юм байлгүй гэж бодоод ...ийн хувцас энэ тэрийг нүдээрээ хараад бүртгэж байтал гэрийн баруун талын багананд өлгөөтэй байсан миний жижиг хар өнгийн гар цүнх онгорхой байсан. Би босоод цүнхэн дээрээ очоод доторх эд зүйлийг бүртгэтэл миний Хаан банкны карт алга болсон байсан. Тэгээд би Хаан банкны карт алга болсон байхаар нь гар утсаа шалгатал миний гар утасны мобайл банкинд 00 цаг 07 минутын орчимд “...таны ... тоот данснаас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн зарлага гарсан байна...” гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн өдөр 23 цагийн орчимд унтсан. ... намайг унтмагц миний картыг цүнхнээс аваад гараад явсан байсан. ... ...эр би Нарантуул зах дээр байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уг хулгайд алдсан гэх картнаасаа мөнгө авахуулсан юм. Тухайн үед би завгүй байж байгаад ...ийг АТМ-рүү явуулсан юм. Тэгээд миний картны нууц үгийг тогтоогоод авсан байна. ... миний картнаас авсан 1,200,000 төгрөгийг гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 38-40 х/,
2.Хохирогч Ч....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 9 дүгээр сарын 24-ны өдөр ...ийг гэртээ хонуулсан. Тэр үед ... би маргааш ахиж хонож болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл ирж хонохдоо ... миний картыг аваад явсан байсан. Миний картанд 1,400,000 төгрөг биш 1,243,000 төгрөг байсан. Гэтэл 43,000 төгрөгийг үлдээгээд 1,200,000 төгрөгийг авсан байсан. ...ийг 10 гаруй жилийн өмнөөс таньдаг тул надтай хамт Нарантуул зах дээр ажиллаад хохирлоо төл гэж ч хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Бөмбөгөр захын ойролцоо явж байгаа танихгүй хүний утсыг гуйж аваад Ч....гийн ... дугаарын гар утас руу залгаад “... танай гэрт очиж хонож болох уу” гэж асуусан. Тэгтэл ... зөвшөөрөөд би 22 цагийн орчимд тэдний гэрт ирсэн. Намайг ...гийн гэрт очиход ... хүүхэдтэйгээ хамт хоёулаа байсан, хүүхэд нь унтаж байсан. ... надад гэрийнхээ баруун талд ор засаж өгөөд ... хүүхэдтэйгээ хамт гэрийн зүүн талын орон дээр унтсан. Бид нарыг унтахад 23 цаг өнгөрч байсан. ... хэвтмэгцээ унтаад өгсөн. Би унталгүй сэрүүн хэвтэж байгаад 00 цаг өнгөрмөгц босоод ...гийн гэрийн баруун талын багананд өлгөөтэй байсан жижиг хар өнгийн даавуун цүнхийг аваад онгойлгож үзтэл дотор нь ...гийн ХААН банкны виза карт байсан. Би тэр картыг аваад хувцаслаад гэрээс нь гараад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг Содон хорооллын экспресс банкны АТМ-ээс ...гийн ХААН банкны картыг уншуулж 1.200.000 төгрөгийн зарлага хийж мөнгийг нь авсан. Би ...гийн гэрээс өөр ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй. ...Тухайн хэрэг гардаг өдөр Нарантуул зах дээр байж байхад ... надад өөрийнхөө ХААН банкны картыг өгч явуулан АТМ-ээс мөнгө авахуулсан юм. Тэр үед би ...гийн дансны үлдэгдэл, картны нууц үгийг тогтоож авсан байсан. ...Би мөнгөгүй болчихсон байсан учир мөнгөтэй болох гэж уг картыг хулгайлсан. Тухайн үед өөртөө хувцас хунар авах, хөдөө ажилд явахад мөнгөний хэрэг гарсан. Энэ хэргийг хийхэд надтай хамт ямар нэгэн байдлаар оролцсон хүн байхгүй. ... хохирлыг би ажил хийж байгаад 02 сарын дотор төлнө.Хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг /хх 7-9 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,
4.Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж....ийг 2010 оноос хойш таньдаг болсон. Би 2010 оны орчимд Нарантуул дах дээр гутал зардаг байсан. Тэр үед Ж.... Нарантуул-Толгойт чиглэлд микроавтобусанд кондуктор хийдэг байсан. Ж.... зан чанарын тухайд их зөөлхөн, хүний үгнээс гардаггүй, олон таван зан, аашгүй, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаг, мөрөөрөө л өөрийгөө болгоод явдаг хүн байсан. Ж.... хэн нэгэнтэй гэр бүл зохиож байгаагүй. Улаанбаатар хотод төрсөн ахынхаа гэрт хамт амьдагдаг, өөрийн гэсэн орон гэргүй хүн. Уг нь Эрдэнэт хотод төрсөн тэнд ээж нь амьдардаг гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 46-47 х/,
5.Ч....гийн ХААН банкин дахь ... тоот данснаас 2018.04.26-ны шөнийн 03 цаг 12 минутанд 1,200,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай дансны хуулга /хх 33 х/
6.Тэнцвэр-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 50-52 х/
7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60 х/
9.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 63 х/
10.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 68 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Ж.... нь 2018 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ...тоотод байрлах Ч....гийн гэрт түүний зөвшөөрлөөр хонох үедээ гэрийн эзнийг унтсан хойгуур түүний эзэмшлийн 1,243,493 төгрөгтэй “Хаан банк”-ны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
- Хохирогч Ч....гийн “...Шөнө 02 цагийн орчимд сэрээд хартал ... байхгүй манай гэрээс гараад явсан байсан ... Тэгээд би Хаан банкны карт алга болсон байхаар нь гар утсаа шалгатал миний гар утасны мобайл банкинд 00 цаг 07 минутын орчимд “...таны ... тоот данснаас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн зарлага гарсан байна...” гэсэн мессеж ирсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38-40 х/,
- Шүүгдэгч Ж....ийн “... Тухайн хэрэг гардаг өдөр Нарантуул зах дээр байж байхад ... надад өөрийнхөө ХААН банкны картыг өгч явуулан АТМ-ээс мөнгө авахуулсан юм. Тэр үед би ...гийн дансны үлдэгдэл, картны нууц үгийг тогтоож авсан байсан. ...Би мөнгөгүй болчихсон байсан учир мөнгөтэй болох гэж уг картыг хулгайлсан. Тухайн үед өөртөө хувцас хунар авах, хөдөө ажилд явахад мөнгөний хэрэг гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 7-9 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,
- Ч....гийн ХААН банкин дахь ... тоот данснаас 2018.04.26-ны шөнийн 03 цаг 12 минутанд 1,200,000 төгрөгийн зарлага гарсан, 43,493 төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга /хх 33 х/,
- Тэнцвэр-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Хаан банкны виза карт, хуучин 1 ширхэг нь 5000 төгрөг” /хх 50-52 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ж.... иргэн Ч....гийн гэрт түүний зөвшөөрлөөр хонохдоо 1,243,493 төгрөгтэй “Хаан банк”-ны картыг хохирогчийг унтаж байх хойгуур нь нууцаар, бие махбодид нь халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан, учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Улсын яллагч хохирогчийн данснаас 1,200,000 төгрөгийн зарлага гаргаж авснаар уг гэмт хэргийг төгссөн гэж хохирлын хэмжээг 1,205,000 төгрөгөөр тогтоож ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй тул хохирлын хэмжээг шүүх зөвтгөн дүгнэхэд уг хэргийн зүйл анги хүндэрч өөрчлөгдөхгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн хохирлын хэмжээг картанд байсан мөнгөний дүнгээр буюу 1,243,493 төгрөг /хх 33 х/, картын үнэлгээ /хх 50-52 х/ 5,000 төгрөгийн нийлбэр 1,243,498 төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй, хулгайн гэмт хэрэг нь хохирогчийн эд зүйлийг авч, өөрийн мэдэлд бүрэн шилжүүлсэн буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог, шүүгдэгч Ж.... нь 1,243,493 төгрөгтэй картыг хулгай хийж, хохирогчийн гэрээс гарснаар уг гэмт хэрэг төгссөн.
Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ хуульд заасан хохирлын хэмжээнд хүрсэн болно.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Ж....ийг бусдын 1,243,493 төгрөгтэй картыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Хохирогч Ч.... 1,205,000 төгрөгийн хохирлоо аваагүй болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 38-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс 1,205,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч....д олгуулж, уг хохирлыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Улсын яллагч: Ж.... нь бусдад учруулсан хохирлоо төлөөгүй тул 01 жил 06 сарын хорих ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Ж.... хохирлоо төлөхөө бичгээр илэрхийлсэн, гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хор уршгаа арилгах албадлага хэрэглэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Ж....ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр 500 цагийн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ж....ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өдөр нь хохирогчийн картны нууц үгийг мэдэж аваад шөнө гэрт нь хонох нэрийн доор хулгайн гэмт хэргийн үйлдлээ гүйцэлдүүлснээс үзэхэд урьдаас бэлтгэж төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн, мөн хохирол төлөөгүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хорчин овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж....ийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж....д мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж....эс 1,205,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 3 хороо, Бага нарангийн ...А тоотод оршин суух, ЧГ80031017 регистрийн дугаартай Ч....д олгож, уг хохирлыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ж....д үүрэг болгосугай.
5.Ж....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|