Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2023/01160

 

 

 

 

 

 

 

 

2023 06 09 210/МА2023/01160

 

 

Г ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/02016 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК -ийн хариуцагч Н.Б д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол, Батмөнхийн гудамж,*а байр, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Н.Б нь Г ХХК -тай 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ГБ/ТАХ-21/20 тоот үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр төлөгчийн хариуцан төлөх 6 кредит картын гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний өр төлбөрийг төлж барагдуулахаар гэрээ хийгдсэн. Тус гэрээний 3.1.1-д талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Н.Б ын өмчлөлийн Ү-* дугаартай, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол,*а байр, * тоотод байрлалтай * м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Г ХХК -д шилжүүлнэ, мөн гэрээний 3.1.4-т төлбөр төлөгч нь гэрээний 1.2, 1.3-т заасан төлбөрийг энэхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш эхний 6 сарын дотор сар бүр тэнцүү төлж барагдуулна. Дараагийн 6 сард хөрөнгийг буцаан худалдан авах дүн болох 73,000,000 төгрөгийг сар бүр тэнцүү төлж барагдуулна. Гэрээний хавсралт 1-д зааснаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буцаан авах хугацаа дууссан болно. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зүгээс буцаан авах нөхцөлтэй хөрөнгийн төлбөр төлөх эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж банкны хөрөнгийг суллаж өгөхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзалтаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ Г ХХК -ийн нэр дээр байгаа. Гэрээний 4.3-т тооцоонд өгсөн үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч нь гэрээний 4.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж, буцаан худалдан аваагүй тохиолдолд гуравдагч этгээдэд худалдан борлуулах хүртэлх хугацаанд энэхүү гэрээний 3.1.1-д хөрөнгийн ашиглалт, үйл ажиллагаатай холбоотой аливаа зохион байгуулалтыг банк өөрөө шийдвэрлээгүй тохиолдолд үнэ төлбөргүй хэрэгжүүлэх буюу хариуцах үүрэгтэй ба уг хөрөнгөөс аливаа үүсэх үр шим нь банкны өмч болно гэж заасан. Талууд харилцан тохиролцсоны үндсэнд худалдах, худалдан авах гэрээ байгуулж Н.Б аас өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг Г ХХК -д шилжүүлнэ гэсний дагуу хөрөнгийг шилжүүлсэн, гэрээний хугацаа дууссан учир банк уг хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд Г ХХК -ийн өмчлөлд байгаа дээрх үл хөдлөх хөрөнгийг Н.Б ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Зохигчдын хооронд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр кредит картуудын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 163,930,645.39 төгрөгийн төлбөрийг хэрхэн, хэдий хугацаанд төлөх талаар харилцан тохиролцож, төлбөр төлөх баталгаа болгож Н.Б ын өмчлөлийн Y-2203030576 тоот улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол,*а байрны * тоот * м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Г ХХК -д түр хугацаанд шилжүүлж өгсөн. Талуудын хоорондын энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь дээрх маргаан бүхий орон сууцыг Г ХХК -д худалдан борлуулаагүй, мөн захиран зарцуулах буюу өмчлөх эрх шууд олгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд төлбөрийн баталгаа, барьцаа байдлаар дээрх орон сууцыг тодорхой хугацаанд шилжүүлсэн болох нь уг гэрээнээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу уг орон сууцны өмчлөх эрх, жинхэнэ өмчлөгч, шударга эзэмшигч нь Н.Б хэвээр байгаа, миний өмчийг хуулиар хамгаалах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх гэрээний төлбөр болох 163,930,645.39 төгрөгөөс 90 сая гаруй төлбөрийг төлж үлдэгдэл 73,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, тэднийгээ хооллож ундлах, мөн өөрийн хувийн бизнесээ эхлүүлж хөл дээрээ босоход хөрөнгө мөнгө ихээхэн шаардаж байгаа зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалж уг төлбөрийг гэрээнд заасан хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгаагүй боловч боломж гарсан үедээ уг хугацаа дууссаны дараа ч тодорхой хэмжээнд төлж барагдуулсаар байгаа. Үлдэгдэл төлбөр болох 73,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК -тай харилцан тохиролцож гэрээний хугацааг 6 сараар сунгаж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр төлөлт хийн төлбөрийг бүрэн төлж барагдуулж, дээрх орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна. Анх энэ орон сууцыг 2015 онд А ХХК -аас захиалгын гэрээ байгуулж худалдаж авсан, мөн зээлийн төлбөрийг Хас банк ХХК-аар төлсөнд Г ХХК -ийн ямар ч оролцоо байхгүй, энэхүү нөхцөл байдлаас харахад нэр нь улсын бүртгэлд Г ХХК -д шилжсэн байгаа боловч бодит байдалд тухайн байрны үр шим, эзэмшил нь бүгд Н.Б д байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус гэх эрх зүйн гипотез буюу урьдчилсан нөхцөл нь хангагдахгүй байна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлтэй холбоотой Улсын Дээд шүүхийн 2009 оны 18 дугаар тогтоолын 3-т хуулийн 106.1-т заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна, харин мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч нь эд хөрөнгөө шаардах эрхгүй гэж тайлбарласан. Банктай байгуулсан гэрээнд 73,000,000 төгрөгийн төлбөрийн баталгаа, барьцаа болгож орон сууцыг шилжүүлж байна гэх агуулга байгаа болохоос биш, шууд 100 хувь шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Үлдэгдэл төлбөрийг өөрөө төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний аль заалтыг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, гэрээний харилцаа дуусгавар болоогүй, талуудын зүгээс гэрээг дуусгавар болгох асуудал яригдаагүй учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол, Батмөнхийн гудамж,*а байр, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагч Н.Б /түүний гэр бүлийн гишүүд/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөн гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 452,750 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д олгож, хариуцагч Н.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчийн хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл буюу талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Зохигчийн хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГБЯАХ-21/20 дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ нь гэрээний нэршил болон дотоод агуулгаараа буцаан худалдан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Дээрх гэрээний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь Банк болон Төлбөр төлөгч Н.Б ын хариуцан төлөх 6 кредит картын гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний өр төлбөрийг төлж барагдуулахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ. Энэ нь хариуцагч Н.Б ын зүгээс Голомт банкинд хариуцан төлөх өр төлбөрийг хэрхэн төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан гэрээ буюу хариуцагч Н.Б ын хувьд тухайн өр төлбөрийг төлж барагдуулна, гэхдээ шууд төлөх боломжгүй байгаа тул маргаан бүхий орон сууцыг банк түр баталгаа, барьцаа болгон авч бай, өр төлбөрөө төлж дуусгаад буцааж авна гэсэн тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл ба худалдан борлуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээ болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээний онцлог нь хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаагаас гадна өмчилж байх хугацаандаа тухайн хөрөнгөтэй холбоотой үр шимийг хүртэх эрхтэй байдаг. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь хэдийгээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Голомт банкинд шилжүүлж байгаа хэдий ч тухайн орон сууц нь хариуцагч Н.Б ын эзэмшил, ашиглалтад байсан, одоо ч байгаа тул худалдах, худалдан авах гэрээ болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлгүй, өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд баталгаа болгон барьцаалсан гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээ болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэж байгаа, мөн дээрх Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсгийг үндэслэж байгаа атлаа Иргэний хуулийн уг хэсгийг буруу тайлбарласан гэх үзэхээр байна. Дээрх хуулийн хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд ийм харилцаанд худалдагч тал давуу эрхтэй буюу худалдагчийн хүсэл зоригийг илүү анхаарах ёстой гэсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Б ын хүсэл зоригийг анхаарах шаардлагатай байна. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан төлбөр нь 163,930,645.39 төгрөг бөгөөд хариуцагч Н.Б нь энэхүү төлбөрөөс 90,930,645.39 төгрөгийг төлсөн, 73,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа буюу гэрээнд заасан төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн, мөн маргаан бүхий орон сууцыг үргэлжлүүлэн өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлтэй байгаа боловч санхүүгийн боломжоосоо шалтгаалж нэмэлт хугацаа олгохыг хүсэж байгаа болно. Мөн зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй, аль нэг тал нь гэрээг цуцлах, дуусгавар болгох санал гаргаагүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг гэж тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 18 дугаар тогтоолын 3-т Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна, харин мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч ч эд хөрөнгө шаардах эрхгүй гэж тайлбарлажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн маргаан бүхий орон сууцны хувийн хэргээс үзэхэд хариуцагч Н.Б нь тухайн орон сууцыг шударгаар өмчлөх эрхийг олж авч байсан, өмчлөх эрхээ хэдий нэхэмжлэгч талд шилжүүлсэн ч Иргэний хуулийн 90, 93 дугаар зүйлүүдэд заасан шударга эзэмшигч тул хууль бус эзэмшил, хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, хууль бус эзэмшил биш учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Улсын бүртгэлийн ерөнхий газар нь худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөгчийг сольдог. Төлбөр барагдуулах гэрээний 3.1.1-д ...үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Г ХХК -д шилжүүлнэ гэж заасан нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх заалт юм. Иймд Г ХХК болон Н.Б нар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Банк гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Н.Б д тухайн хөрөнгийг худалдан авах эрхийг олгож, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааг сунгаж, албан бичгийг хариуцагчид өгсөн. Төлбөр барагдуулах гэрээний дагуу 163,000,000 төгрөг байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгөд ногдох төлбөр нь 73,000,000 төгрөг юм. Н.Б нь 73,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс төлж эхлэх ёстой байтал өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд нэхэмжлэгч нь хугацаа авах гэсэн оролдлого гэж үзэж байна. Хугацаа дуусаагүй гэрээ гэх гомдлын хувьд тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл барагдуулах гэрээнд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг заасан ба мэдэгдлийг Н.Б д хүргүүлсэн. Тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр банкны нэр дээр гарснаас хойш өмчлөгч нь банк болсон. Банк нь Н.Б ыг хууран мэхлээгүй, хохироогоогүй бөгөөд гэрээний үндсэн дээр тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан. Иймд тухайн орон сууцны хууль ёсны өмч юм гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.Б д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол, Батмөнхийн гудамж,*а байр, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Г ХХК болон Н.Б нар нь 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдөр ГБ/ТАХ-21/20 дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, төлбөр тооцооны үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ /Буцаан худалдан авах нөхцөлтэй/-г байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөгч Н.Б нь Г ХХК -аас олгогдсон 6 кредит картын гэрээний үлдэгдэл өр төлбөрт нийт 163,930,645.39 төгрөг төлөхөөс Д.Б-ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,337,257.03 төгрөг, Л.О-ын нэр дээр олгогдсон картын төлбөр 27,307,807.68 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрөөс 36,285,580.80 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор төлөх, 73,000,000 төгрөгт Н.Б ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол, Батмөнхийн гудамж,*а байр, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг Г ХХК -д шилжүүлэх бөгөөд гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж, буцаан худалдан аваагүй тохиолдолд орон сууц, уг хөрөнгөөс үүсэх аливаа үр шим нь банкны өмч болохоор харилцан тохиролцжээ./хх-7-9/

4. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээг талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Хариуцагч Н.Б нь уг гэрээний дагуу төлбөрийг хугацаанд төлөх үүргээ 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол, Батмөнхийн гудамж,*а байр, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г ХХК -ийг бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авагджээ./хх-9/

6. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан тул нэхэмжлэгч Г ХХК нь Сүхбаатар дүүргийн * дугаар хороо о, * дүгээр хороолол, Батмөнхийн гудамж,*а байр, * тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй болно.

6.1. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Н.Б ыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6.2. Учир нь хариуцагч Н.Б нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон тул өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...өр төлбөрийг барагдуулах хүртэл хугацаанд баталгаа болгон барьцаалсан, худалдан борлуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч гэрээнд гарын үсэг зурж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан шаардсан нь зөв байх тул түүний шударгаар үл хөдлөх хөрөнгө олж авч, эзэмшиж байхад түүний эзэмшил, өмчлөлөөс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/02016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН