Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ХААН банкны Дундговь аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 19-3 тоотод оршин суух Будваагийн Жаргалсүрэн /ЗЮ68090775/, Гонгордуламын Ундармаа /ЗЮ68053160/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2288206 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа/ төгрөг гаргуулах, гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Зандраабодь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Будваагийн Жаргалсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Гонгордуламын Ундармаа нар нь тус банкны Дундговь салбараас 2014 оны 08 сарын 20-ны өдөр №ЗГ14/2008 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулсан 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ахуйн хэрэглээ зориулалтаар хөлдөөгч, угаалын машин, буйдан, 2 ширхэг хивс, тоос сорогч, ханын стенк, Istana маркийн автомашин зэрэг хөрөнгийг тус тус барьцаалуулан зээлийг авсан болно. Зээлдэгчид нь уг зээлийн төлбөрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,876,906.62 /гурван сая найман зуун далан зургаан мянга есөн зуун зургаа.жаран хоёр/ төгрөг, зээлийн хүү 1,703,157.78 /нэг сая долоон зуун гурван мянга нэг зуун тавин долоо.далан найм/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,110.48 /долоон мянга нэг зуун арван.дөчин найм/ төгрөг, нийт 5,587,174.88 /таван сая таван зуун наян долоон мянга нэг зуун далан дөрөв.наян найм/ төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2016 оны 01 дүгээр сарын 21-нээс хойш огт төлөлт хийлгүй 98 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн биенесийн үйл ажиллагаа зогсож цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон байна. Иймд банк 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №ЗГ14/2008 тоот дугаартай гэрээний 7.1.1, 7.1.5 дахь заалтуудыг үндэслэн хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл 2,123,093.38 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга ерэн гурав.гучин найм/ төгрөг, зээлийн хүү 157,329.95 /нэг зуун тавин долоон мянга гурван зуун хорин ес.ерэн тав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,283.54 /таван мянга хоёр зуун наян гурав.тавин дөрөв/ төгрөг, нотариатын зардал 2500 /хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 2,288,206.87 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа.наян долоо/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Л.Зандраабодь шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн ХААН банкны нэхэмжлэлтэй иргэн Б.Жаргалсүрэн, Г.Ундармаа нараас 2288206.87 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа.наян долоо/төгрөгийг 2016.06.28-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн 2014.08.20-ны өдөр байгуулсан №ЗГ14/2008 тоот зээлийн гэрээг 2016.04.28-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцлахаар тохирсон болно гэжээ гэжээ.

            Хариуцагч Б.Жаргалсүрэн, Г.Ундармаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь ХААН банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие тус ХААН банкнаас бизнесийн зориулалтаар 24 сарын хугацаатай 6000000 /зургаан сая/ төгрөгний зээл авсан юм. Зээлийн төлөлтийг тухайн үед төлж байсан боловч зах зээлийн шаардлагаар /хот хооронд зорчигч тээвэрлэх/ бизнес маань зогсож зээлээ төлж чадалгүй хүнд байдалд орсон юм. Одоо хариуцагч миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй, оюутан хүүхэдтэй амьдралын хувьд хүнд хэцүү байна. Иймд хариуцагч миний бие ХААН банкны нэхэмжилж буй мөнгийг /2.288.206 төгрөг/ 2016 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Жаргалсүрэн, Г.Ундармаа нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодьтой байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ХААН банкны зээлийн багц хариуцсан менежер Л.Зандраабодьтой харилцан тохиролцож Хаан банкны нэхэмжилж буй 2288206 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг 2016.06.28-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Хаан банкны Дундговь аймаг дахь салбар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2288206 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг Б.Жаргалсүрэн, Г.Ундармаа нараас гаргуулах, гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Жаргалсүрэн, Г.Ундармаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2123093 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга ерэн гурав/ төгрөг, зээлийн хүү 157329 /нэг зуун тавин долоон мянга гурван зуун хорин ес/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5283 /таван мянга хоёр зуун наян гурав/ төгрөг, нотариатын зардал 2500 /хоёр мянга таван зуун/ төгрөг, нийт 2288206 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрсөн нь хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь хавтаст хэргийн 20, 21-р хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл, зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хариуцагч Б.Жаргалсүрэн, Г.Ундармаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2123093 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга ерэн гурав/ төгрөг, зээлийн хүү 157329 /нэг зуун тавин долоон мянга гурван зуун хорин ес/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5283 /таван мянга хоёр зуун наян гурав/ төгрөг, нотариатын зардал 2500 /хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 2288206 /хоёр сая хоёр зуун наян найман мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын орлогод төлсөн 51561 /тавин нэгэн мянга таван зуун жаран нэг/ төгрөгөөс 25780 /хорин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25780 /хорин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг, хариуцагч Л.Жаргалсүрэн, Г.Ундармаа нараас улсын тэмдэгтийн хураамжийн 25780 /хорин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Дундговь аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР