Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01166

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01166

 

 

  С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01026 дугаар шийдвэртэй, С ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох 3,400,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Э нь С ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2017192 тоот зээлийн гэрээ байгуулан 7,300,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй зээлсэн. Б.Э нь 22 удаа 10,330,000 төгрөгийн төлөлт хийсэн. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 470,000 төгрөгийн төлөлт хийсэнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,249,539 төгрөг, үндсэн хүү 1,796,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 353,963 төгрөг, нийт 3,400,180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2017 онд зээл авсан, сүүлийн төлөлт 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийснээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-өөс 3,400,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-өөс улсын тэмдэгтийн хураамж 69,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, компани нь Хан-Уул дүүргийн Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байна. Иймд тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тооцож үзэлгүй үндэслэлгүйгээр 1,796,705 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 353,936 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Гэрээ дуусах сүүлийн 2 сарын хүү нь 71,370 төгрөг байна. Уг хүүг үндсэн хүү гэж ойлгож байгаа.

4.3. Хэргийг хянан шийдвэрлэх 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд тус компаний гүйцэтгэх захирал Б.Ц оролцсон байхад шийдвэрт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г гэж дурджээ. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь бодитоор үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн зээл 1,249,539 төгрөгийг хариуцагчаас гаргуулж гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Банк бус санхүүгийн байгууллага нь дүүргийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсээс тусгай зөвшөөрөл авдаггүй. С ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна. Зээлдэгч Б.Э-д 2017 оны 12 дугаар сард зээл олгосны дараа хэсэг хугацаанд зээлийн эргэн төлөлтийг идэвхитэй төлсөн. С ХХК-иас түүнд олон удаа мэдэгдэл өгсөн. Зээлийн тооцооллыг программаар боддог тул төлбөрийн хэмжээний талаар асуудалгүй. С ХХК нь зээлдэгч Б.Э-д тодорхой хөнгөлөлт үзүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгчийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, цагдаагийн байгууллагаар Б.Эийг эрэн сурвалжлуулсан. Хариуцагчийг нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх боломжтой гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,400,180 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Зохигч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2017/192А тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК нь 7,300,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.Э нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

3.2. Зээлдүүлэгч С ХХК-аас зээлдэгч Б.Э-ийн өмчлөлд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 7,300,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 10,330,000 төгрөг төлсөн, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

Зохигч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэхээр заажээ.

Санхүүгийн зохицуулах хороо 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч С ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан Хан-Уул дүүргийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй гэх үндэслэл нь талуудын маргаанд хамааралгүй, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм. Иймд энэ агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

5.3. Нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг хариуцагч Б.Э-өөс шаардах эрхтэй. Зээлийн гэрээнд тусгагдсан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлд 7,300,000 төгрөг, хүүд 6,051,353 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 378,827 төгрөг, нийт 13,730,180 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 6,050,461 төгрөг, хүүд 4,254,648 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24,891 төгрөг, нийт 10,330,000 төгрөг төлсөн, төлөгдөөгүй үлдэгдэл үндсэн зээл 1,249,539 төгрөг, хүү 1,796,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 353,936 төгрөг, нийт 3,400,180 төгрөг байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иймд хариуцагч Б.Э-өөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,249,539 төгрөг, зээлийн хүү 1,796,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 353,936 төгрөг, нийт 3,400,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон гэх гомдол үндэслэлгүй болно.

5.4. 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц оролцсон гэж, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г оролцсон гэж тус тус зөрүүтэй бичжээ. Ийнхүү шүүх хуралдааны оролцогчийг хуралдааны тэмдэглэл болон шийдвэрт зөрүүтэй бичсэн алдаа гаргасан хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчилд тооцогдохгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН