Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р баг, Далайн 6-6 тоотод оршин суух Адуучийхан овгийн Пүрэвийн Анхбаярын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн иргэн Адуучынхан овгийн Сүхбаатарын Цоггэрэлд холбогдох 1 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016  оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч П.Анхбаяр

Хариуцагч С.Цоггэрэл

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд С.Цоггэрэлтэй гэр бүл болохоор гэрт нь очиж амьдарсан боловч цаашид тогтвортой амьдрах боломжгүй болсон учир арга буюу жирэмсэн буцаж ирсэн. Бидний хүү Буян-Очир нь 2014 оны 02 сарын 08-нд төрсөн, одоо 1 нас 7 сартай, эрүүл бойжиж байна. Иймд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд тус дэм болгохоор хууль журмын дагуу С.Цоггэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Цоггэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Анхбаяр бид хоёрт гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр хамтран амьдарч байгаагүй, нэхэмжлэгчийг гэртээ аваачиж ч байгаагүй. Одоо надад хүүхдийн тэтгэлэг төлөх боломж байхгүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр миний хүүхэд гэсэн байна. Миний хүүхэд биш гэж маргаж зүйл алга байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Анхбаяр нь С.Цоггэрэлд холбогдуулан 1 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч П.Анхбаяр нь хүү Адуучийхан овгийн Анхбаярын Буян-Очирыг 2014 оны 02 сарын 06-нд төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч С.Цоггэрэл нь А.Буян-Очирыг өөрийн хүүхэд мөн эсэхэд шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагч С.Цоггэрэл нь А.Буян-Очирын эцэг болох нь тогтоогдож байна.  

Иймд хариуцагч С.Цоггэрэлээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Анхбаяр нь улсын тэмдэгтийн хураамжид 24740 төгрөг төлсөн бөгөөд 24740 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 02 сарын 06-нд төрсөн хүү Адуучийхан овгийн Анхбаярын Буян-Очир /ЗП14220818/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Адуучынхан овгийн Сүхбаатарын Цоггэрэл /ЗП84100312/-ээс тэтгэлэг  гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24740 /хорин дөрвөн мянга долоон зуун дөчин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цоггэрэлээс  24740 /хорин дөрвөн мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Анхбаярт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ