Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00016

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч О.Баярсайхан

Хохирогч Б.Үц

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мад холбогдох 1932000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1965 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн цахилгаан техникийн механик мэргэжилтэй, ам бүл 1, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2000 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Банзрагчийн М. /РД: */

 

           Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн № 28 тоотод байрлах иргэн Бадамхандын гэрт иргэн Б.Үцтай маргалдаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн…. ... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн орчим Сэвсүүлийн № 28 тоотод байрлах Бадамханд гдэг хүний гэрийг нь хараад гэрт нь байж байсан юм. Бадамханд бие нь өвдөөд эмчлүүлэх гээд улаанбаатар хот руу явсан байсан. Би нэг шил архи аваад уугаад дуусаад орон дотор хэвтэж байсан юм. Тэгтэл гаднаас Бадамхандын бэр Үц орж ирсэн. Тэгээд хоол унд хийхээр болоод Үц хоол хийж эхэлсэн. Тэгээд би архины халуунд аархаж бас ахархаад чи Нмг охинтойгоо орхиод яваад сайхан амьдарч чадаж байна уу гэж олон юм яриад түүнээс болж бид хоёр хэрэлдсэн. Чам шиг архичнаар заалгахгүй гэж Үц уурлаад галын дэгээ төмөр аваад над руу дайрахаар нь би нүүр орчимд нь 2-3 удаа цохисон нь үнэн. Үц гарч гүйхдээ нүдний шилээ унагааж алга болгосон. Тэр үед нь бас цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг авч явсан гэх мэдүүлэг

Хохирогч Б.Үцын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Улаанбаатар хотоос Мандал суманд хүүхдийн шилжүүлэг хийлгэх ажлаар ирсэн юм. Тэгээд хадмынхаа гэрт 17 цаг өнгөрөөгөөд очсон. Тэгсэн гэрт нь Б.М архи уучихсан орон дотор хэвтэж байсан. М ах намайг хоол хийж өгөөч гэхээр нь би ногоо арилгаад гал дээр хоол хийж байгаад хадмтай утсаар ярьж байсан чинь М ах олон юм яриад над руу дайрч давшлаад байхаар нь би хөлөөрөө цааш нь түлхсэн. Тэгээд утсаар цагдаа дуудсан. Миний нүд орчимд гараараа хэд хэдэн удаа цохисон. Одоо эмчилгээний зардалд 147600 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү. Гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 28 ...... Дүгнэлт:

1.Б.Үцын биед уруулын дотор талд язарсан шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын баруун тал, уруулын дотор тал, эрүү, хүзүүнд цус хуралт, баруун гарын чигчий хуруу, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 13 дугаар хуудас/

Дархан-Уул аймаг Дархан сумын 15 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 25 дугаар хуудас/

Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 26 дугаар хуудас/

Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 38-39 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

            Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн № 28 тоотод байрлах иргэн Бадамхандын гэрт иргэн Б.Үцтай маргалдаж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Мын хохирогч Б.Үцын нүүрэн тус газарт гараараа  цохиж зодсон үйлдэл нь нөхөр хүүхдээ хаяж яваад сайхан амьдарч чадаж байна уу гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Маас хохирогч Б.Үцын нотлох баримтаар нэхэмжилсэн хохирол болох 147600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Үцад олгох үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Ариунбайгаль нь гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигин овогт Банзрагчийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Маас 147600 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн № 28 тоотод оршин суух, Онход овогт Батчулууны Үц-д /РД:МЗ80021826/ олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.Шижирбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.ХЭРЛЭН