Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 157

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Зохигч эвлэрснийг  баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р баг, Өнөрийн 1-5 тоотод оршин суух Цэгмид овгийн Бандисүрэнгийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга /Д.Төмөртогтох/-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө, өмгөөллийн хөлс нийт 7059131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016  оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Б.Энхтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Хариуцагч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга Д.Төмөртогтох

Нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.   

 

Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оноос Гурвансайхан сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад 2015 оны 01 сарын 05-ны өдөр сумын Засаг даргын Б/01 тоот захирамжаар ажлаасаа гэнэт халагдаж, уг шийдвэрийг эс зөвшөөрөн холбогдох байгууллагад гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 02 сарын 13-ны өдрийн 39 тоот тогтоол, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 9-р шүүхийн 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 05 тоот шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 425 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 сарын 07-ны өдрийн 349 тоот тогтоолоор ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоон ажилдаа эргэн орсон. Миний бие Засаг даргын буруутай шийдвэрээр ажлаасаа халагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтаа эдлэх, амаржсаны тэтгэмж болон цалингаа цаг хугацаандаа авч чадалгүй ихээхэн хохирсон. Мөн миний бие байгууллагаасаа ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх саналаа Санхүүгийн албаны дарга болон нягтлан бодогчдоо тавьсан боловч төсөв хүрэхгүй, төлөх боломжгүй гэсэн хариу мэдэгдсэн. Ингэснээр 2015 оны 05 сарын 19-ны өдрөөс 2016 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 783700 төгрөгийг хувиасаа төлсөн. Өмнөх захиргааны болон иргэний хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хөлс төлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 4570385 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1001046 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд хувиасаа төлсөн мөнгө 783700 төгрөг, өмгөөллийн хөлс 700000 төгрөг,  нийт 7059131 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга Д.Төмөртогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 4570385 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1001046 төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс,  нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 783700 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212-р тогтоолын дагуу тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Харин өмгөөлөгчийн хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал өмгөөллийн хөлс гаргуулахаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрсан тайлбарыг гаргаж байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс болох 700000 төгрөг гаргуулахаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой хэмжээгээр бууруулсныг хариуцагч хүлээн зөвшөөрч талууд эвлэрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргад хариуцуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө, өмгөөллийн хөлс нийт 7059131 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 700000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын мөнгө 5571431 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө 783700 төгрөг, өмгөөллийн хөлс 700000 төгрөг,  нийт 7059131 төгрөг гаргуулахаас ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын мөнгө 5571431 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгө 783700 төгрөг, нийт 6355131 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн байна.

Зохигч ийнхүү эвлэрсэн нь бусдыг эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргаас 58317 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 700000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж, хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Цэгмид овгийн Бандисүрэнгийн Энхтуяа /ЗГ81021306/-д ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор нийт 5571431 /таван сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 783700 /долоон зуун наян гурван мянга долоон зуун/ төгрөг, нийт 6355131 /зургаан сая гурван зуун тавин таван мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргаас 58317 /тавин найман мянга гурван зуун арван долоон/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь энэхүү захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.  

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.УРАНЧИМЭГ