| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00015/Э |
| Дугаар | 00015 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 00015
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нд холбогдох 1932000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зоот овогт Пунсалдуламын Н. /РД: */
Шүүгдэгч П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өлрийн үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаарбаг, Дэнж гэх газарт үйл ажиллагаа явуулдаг алтны тээрмийн байранд иргэн С.Сбыг нүүрэн тус газарт нь гараараа цохих өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Нын өгсөн…. ... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүрийн 04 цагийн үед Дэнжид байдаг алтны тээрэм дээр согтуу очоод Сбыг цохиж зодсон нь үнэн. Нүүр лүү нь 2-3 удаа цохиод унахаар нь өшиглөсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч С.Сбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 цагийн орчим Түнхэл тосгоны Дэнжид үйл ажиллагаа явуулдаг алтны гэх тээрэмд алтны чулуугаа тээрэмдүүлэх гээд тээрэмний тогоо цэвэрлээд тээрмийн 2 залуу, Ог, Хл гэх хүмүүстэй байж байтал Н гэх залуу согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би сайн уу Нм ахаа гэсэн чинь муу хасаг минь дуугүй байгаарай гэсэн. Тэгэхээр нь та яагаад хүнийг хасаг гэдэг юм бэ гэсэн чинь чам шиг юмыг яасан ч яадаг юм гээд нүүр лүү 3 удаа цохиод газар унагаад миний толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд намайг хоолойноос боохоор нь аргагүй байдал үүсч адилхан өөдөөс нь боож нүүр лүү нь гараараа түлхэж салгасан.... Миний зүүн чихний хэнгэрэг цоорч хагалгаанд орж хальс тавиулсан, хэрэг болсон гэх тухайн үед хамар далийж хавагнасан байсан, уруул дотор талдаа язарсан байсан, урд шүд хөдөлсөн байсан, хоолой улайсан байсан. Н надтай уулзаж байгаад эм тариа авч өгсөн. Тархины зураг авахуулсан, чихний хагалгаанд оруулж өгсөн, шүдний зураг авахуулсан, машины түлш зардал өгсөн гэх зэргээр цуг явж нийт 311000 төгрөг гаргасан. Одоо надад гомдол санал гээд байх юм байхгүй, эм тариа эмчилгээ хийлгэсэн, ахиж чихээ давтан үзүүлнэ хоорондоо маргах зүйл байхгүй.... Би Наас эхлээд 311000 төгрөг авсан, дараа нь давтан үзүүлэхэд 159000 төгрөг, ингээд нийт 470000 төгрөг авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 09-11 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 21 ...... Дүгнэлт:
1.С.Сбын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 17 дугаар хуудас/
П.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын П.Н нь ам бүл 5, эхнэр, 3 охины хамт Дэнжийн № 19 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 26 дугаар хуудас/
П.Н нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 28 дугаар хуудас/
Хохирогч С.Сбын Цагдаагийн хэлтэст гаргасан П.Нт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно, би шүүх хуралдаанд оролцохгүй энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 31 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өлрийн үүрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаарбаг, Дэнж гэх газарт үйл ажиллагаа явуулдаг алтны тээрмийн байранд иргэн С.Сбыг нүүрэн тус газарт нь гараараа цохих өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Нын хохирогч С.Сбын нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 166666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч С.Сб нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Зоот овогт Пунсалдуламын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Н нь 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН