Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ш.Цэдэн

                         Шүүгдэгч                                         Д.Л, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн    Д.Л, Б.Б нарт холбогдох 1832002000169 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, * гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Дамдинсүрэнгийн Л.

 

Монгол Улсын иргэн, казак, 1974 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Тасбике агша овогт Бадайн Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Д.Л, Б.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2-р багийн нутаг Нарангийн ам гэх газарт байрлаж байсан “Blue Gold Investment” ХХК-ийн харуулын гэрийн гадаа байсан 1 тонны багтаамжтай түлшний савнаас 350 литр түлш хулгайлж 777000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Л мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2-р багийн нутаг Нарангийн ам гэх газарт байрлаж байсан “Blue Gold Investment” ХХК-ийн харуулын гэрийн гадаа байсан 1 тонны багтаамжтай түлшний савнаас 350 литр түлш хулгайлсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Д.Л манайд ирээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2-р багийн нутаг Нарангийн ам гэх газарт байрлаж байсан “Blue Gold Investment” ХХК-ийн харуулын гэрийн гадаа байгаа түлшнээс түлш авъя гэхээр нь би татгалзсан тэгээд дараа нь зөвшөөрөөд бид хоёр хамт явж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч Л.Др мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн Нарангийн ам гэх газарт манай “Blue Gold Investment” ХХК-ийн уурхайн харуулын гэрийн гадна байсан дизель түлш хийдэг 1 тонны багтаамжтай саванд байсан 500 литр түлшнээс 350 литр түлшийг нь хүн хулгайлаад явсан талаар манай харуулын хамгаалагч Мөнхбүрэн миний гар утас руу мэдэгдсэн юм. Тэгээд би өөрийн утаснаас Баянгол сумын цагдаагийн хэсгийн жижүүрийн утсанд уурхайгаас 350 литр түлш алдагдсан талаар дуудлага өгсөн... Манай компанид учирсан 350 литр дизель түлшний мөнгө болох 777000 төгрөгийн хохирлыг төлүүлмээр байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/

Гэрч С.См мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Дархан- Уул аймгийн Шарын гол сум орж “Петровис” ШТКолонкоос 500 литр дизель түлшийг 1 тонны багтаамжтай хуванцар цагаан саванд хийж портер машинаар тээвэрлэн уурхайн доод харуулын гэрийн гадаа машинаас буулгасан юм. Тэгээд тэр шөнөө хоноод өглөө босоод авчирсан түлшээ техник рүү хийх гээд очтол илт доошилсон байхаар нь гайхаад хэмжиж үзтэл 500 литр түлшний маань 350 литр дизель түлш байхгүй болсон байсан. Тэгээд хэн авчихав гээд хамт байдаг хүмүүстэйгээ зөвлөлдөөд мөрийг нь хөөтөл түлш байсан савны ойр орчимд түлш асгараад хүн хулгайлж авсан болох нь илт байсан юм. ... Түлшний савны ёроол хэсгээр нэлээн их түлш асгарсан байсан юм. Би эхлээд сав нь цоороод түлшээ асгасан юм болов уу гэж бодоод түлшний саваа нэлээн сайн тойрч харахад ямар ч цоорхой, түлш шүүрсэн хэсэг байгаагүй ээ. Уг нь бол түлшний савны таг энэ тэр нь бол зүв зүгээр л байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/

Гэрч Ж.Иб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би айлд хоночихоод уурхай дээр ирэхэд надтай хамт ажилладаг Соёлоо, Айдор хоёр дизель түлшний савны дэргэд зогсож байсан ба уг түлшний савыг харахад 150 орчим литр түлшний хэмжээсийг зааж байсан юм. Урьд өдөр нь 500 литр түлш авчирсан гэдгийг олон хүн мэдэж байгаа. Лын портерийн тэвшин дээрээс Соёлоо, би, Л, Айдор бүгдээрээ нийлээд буулгасан юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 29-р хуудас/

Blue Gold Investment” ХХК-ийн Гүйцэтгэх Менежер Д.Бцийн “.... манай компаний зүгээс хохирол төлбөр бүрэн төлөгдсөн учир гомдол, саналгүй” гэх тодорхойлолт /ХХ-ийн 25 дугаар хуудас/

 

         Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Д.Лын талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 42 дугаар хуудас, Шүүгдэгч Б.Бы талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 47 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Дархан сумын Санжит багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 46 дугаар хуудас, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Л, Б.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2-р багийн нутаг Нарангийн ам гэх газарт байрлаж байсан “Blue Gold Investment” ХХК-ийн харуулын гэрийн гадаа байсан 1 тонны багтаамжтай түлшний савнаас 350 литр түлш хулгайлж 777000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Л.Дргийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Гэрч С.Смын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/, Гэрч Ж.Ибын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /ХХ-ийн 29-р хуудас/, “Blue Gold Investment” ХХК-ийн Гүйцэтгэх Менежер Д.Бцийн тодорхойлолт /ХХ-ийн 25 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Л, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Л, Б.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян 2-р багийн нутаг Нарангийн ам гэх газарт байрлаж байсан “Blue Gold Investment” ХХК-ийн харуулын гэрийн гадаа байсан 1 тонны багтаамжтай түлшний савнаас 350 литр түлш хулгайлж 777000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Л, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Blue Gold Investment” ХХК-ийн Гүйцэтгэх Менежер Д.Бцийн .... манай компаний зүгээс хохирол төлбөр бүрэн төлөгдсөн учир гомдол, саналгүй гэх /ХХ-ийн 25 дугаар хуудас/ баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Дамдинсүрэнгийн Л, Тасбике агша овогт Бадайн Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, Б.Быг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Л, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Л, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.