Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 225

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Чулуутын 16-2 тоотод оршин суух Жигд овогт Долгорын Гантөмөрийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 05-р сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Гантөмөр нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гантөмөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 оны 07-р сарын 15-аас 1992 оны 12-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд цалин хөлсний тоо бүртгэгч, малчнаар ажиллаж байсан. 1978 онд цэргээс халагдаж ирээд нэг жил гаруй хугацаагаар эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Ажиллаж байсан байдлыг бичиж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас халагдсан тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй зөрчилтэй байгаа учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд миний 1978 оны 07-р сарын 15-аас 1992 оны 12-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдэлд тоо бүртгэгч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Жигд овогт Долгорын Гантөмөр нь 1978 оны 07-р сарын 15-аас 1979 оны 10-р сарын 20-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1979 оны 10-р сарын 20-оос, 1982 оны 03-р сарын 01 хүртэл Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Тэгш” бригадад аж ахуйн тоо бүртгэгчээр, 1982 оны 03-р сарын 01-ээс 1992 оныг дуустал Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Баян” бригадад тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1978 оны 07-р сарын 15-ны өдрийн 31 тоот тушаалын хуулбар /цэргээс халагдаж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай, Долгорын Гантөмөрийг “Тэгш” бригадад малчнаар гэх/, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1979 оны 10-р сарын 20-ны өдрийн 42 тоот тушаалын хуулбар /Долгор овогтой Гантөмөрийг “Тэгш” бригадын аж ахуйгаар/ гэх, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1982 оны 03-р сарын 01-ний өдрийн 9 тоот тушаалын хуулбар /Долгор овогтой Гантөмөрийг “Баян” бригадад тоо бүртгэгчээр/ гэжээ. Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 25-ны өдрийн 132/15 тоот цалингийн лавлагаа /1982 оны 01-р сарын 01-ээс 1992 оныг дуусталх хугацаанд авч байсан цалингийн бичилт бүхий/, Д.Гантөмөрт 1974 оны 03-р сарын 01-ний өдөр олгосон МҮЭ-ийн гишүүний № 276068 дугаартай бат илэрхийлэх, Д.Гантөмөрийн 1985, 1987, 1992 онуудад шагнагдаж байсан талаарх баярын бичиг, дипломын хуулбарууд, гэрч С.Цэгмэдийн шүүхэд өгсөн: “Д.Гантөмөр бид хоёр сургуульд байхдаа нэг ангид суралцаж байсан. Д.Гантөмөр нь 1975 онд цэрэгт яваад 1978 оны 06-р сард цэргээс халагдаж ирсэн. Д.Гантөмөр нь 1978 оноос эхлээд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 2 дугаар бригад буюу “Тэгш”-ийн бригадад бригадын тоо бүртгэгчээр ажилласан. 1978-1992 оныг дуустал бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байгаад нэгдэл тараад өмч хувьчлагдах үед багийн засаг даргаар ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд, олон жил айл аймаг явсан улс болохоор Д.Гантөмөрийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1978-1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд хонин суурьтай байсан. Ах нь насаараа нэгдэлд мал маллаж байсан хүн” гэх мэдүүлэг, гэрч С.Ганхүүгийн шүүхэд өгсөн: “Би 1979 оны намар 09-р сард Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн “Хүдэн”-ийн бригадад малын бага эмчээр ажиллаж байгаад 1979 оны 09-р сард Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Тэгш”-ийн бригадад малын бага эмчээр шилжиж очиж ажилласан. Тэгэхэд Д.Гантөмөр нь аж ахуйн тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Тухайн үед нэгдэлд аж ахуйн тоо бүртгэгч, малын тоо бүртгэгч гэсэн хоёр өөр орон тоотой байдаг байсан. 1982 оноос мал аж ахуйн тоо бүртгэгчээр олон жил ажилласан хүн дээ. Нэгдэл тараад өмч хувьчлал явагдах хүртэл ажилласан. Сүүлдээ  багийн засаг даргаар ажилласан. Ерөнхийдөө нэгдэлд 1978-1992 оныг дуустал ажилласан. Би 1979-2000 он хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд бригадын малын бага эмч, сүүлдээ багийн малын бага эмчээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт  гарсан. Д.Гантөмөртэй нэг нэгдэл, нэг баг, бригадад олон жил хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Гантөмөрийн 1978 оны 07-р сарын 15-аас 1979 оны 10-р сарын 20-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1979 оны 10-р сарын 20-оос, 1982 оны 03-р сарын 01 хүртэл Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Тэгш” бригадад аж ахуйн тоо бүртгэгчээр, 1982 оны 03-р сарын 01-ээс 1992 оныг дуустал Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Баян” бригадад тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Нэхэмжлэгч Д.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жигд овогт Долгорын Гантөмөр нь 1978 оны 07-р сарын 15-аас 1979 оны 10-р сарын 20-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1979 оны 10-р сарын 20-оос, 1982 оны 03-р сарын 01 хүртэл Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Тэгш” бригадад аж ахуйн тоо бүртгэгчээр, 1982 оны 03-р сарын 01-ээс 1992 оныг дуустал Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Баян” бригадад тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгч Д.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА