Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2016/0177/и |
Дугаар | 230 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 230
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг, Хайлаастын 9-918 тоотод оршин суух Мядаг овгийн Чимэдцогзолын Тогоонтөмөрийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Тогоонтөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Тогоонтөмөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1974-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Монхор овогтой Тогоонтөмөр нэртэй байгаа. Монхор нь миний хойд эцэг юм. Бусад бичиг баримт болохоор ээж Чимидцогзолоор овогтой явдаг. Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд Монхор овогтой Тогоонтөмөр нэртэй хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа нь Чимидцогзол овогтой Тогоонтөмөр миний хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа мөн тул дээрх нотлох баримтуудыг үндэслэж 1974-1990 онуудад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Чимэдцогзол овогтой Тогоонтөмөр нь 1974 оны 02-р сарын 01-ээс 1975 оны 05-р сарын 13 хүртэл, 1978 оны 10-р сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Монхор овогтой Тогоонтөмөр нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, цалингийн лавлагаа, цэргийн батлах нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Миний хойд эцгийг Монхор гэдэг. Миний хөдөлмөрийн дэвтэр, цалингийн лавлагаа, бусад нотлох баримтууд хойд эцэг Монхороор овоглож бичигдсэн байгаа. Уг нь би ээж Чимэдцогзолоор овоглодог” гэх тайлбар, түүний аав, ээж Маа овогтой Монхор, Мядаг овогтой Чимэдцогзол нар нь 1961 оны 10-р сарын 5-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн дэвтэрт 1972 оны 01-р сарын 29-ний өдөр бүртгэв гэсэн бичилт бүхий гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Чимидцогзол овогтой Тогоонтөмөр нэртэй иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2013 оны 04-р сарын 23-ны өдрийн 258/15 тоот цалингийн лавлагаа /1974 оны 02-р сарын 01-ээс 1990 оныг дуустлах хугацаанд авч байсан цалингийн бичилт бүхий/ М.Тогоонтөмөр нэртэй лавлагаа, гэрч Д.Лхамсүрэнгийн шүүхэд өгсөн: Тогоонтөмөрийн ээж нь Чимидцогзол гэдэг хүн байсан. Чимидцогзол нь Монхор гэдэг хүнтэй суухаасаа өмнө гэртээ байхдаа Тогоонтөмөрийг төрүүлсэн юм. Тогоонтөмөр нь хойд эцэг Монхороороо овогтой явдаг юм билээ. Тогоонтөмөр нь хөдөлмөрийн насанд хүрээд ээж Чимэдцогзол, хойд эцэг Монхорын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд голдуу үхэр хариулдаг байсан. Сүүлдээ Алтангэрэлийн Энхцэцэг гэдэг хүнтэй гэр бүл болж тусдаа бие даан мал маллаж байсан. Бид нэг нутаг усанд, олон жил айл, аймаг явсан улс болохоор Тогоонтөмөрийг бага наснаас нь эхлэн сайн мэднэ. Тогоонтөмөрийн ажиллаж байсан байдлыг ч сайн мэднэ. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1974-1996 он хүртэл бригадын тоо бүртгэгч, бригадын дарга, сүүлдээ багийн даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Энхтуяагийн шүүхэд өгсөн: “Тогоонтөмөрийн ээж нь Чимидцогзол гэдэг хүн байсан. Чимидцогзол нь хүнтэй суухаасаа өмнө Тогоонтөмөрийг төрүүлсэн юм билээ. Тогоонтөмөрийн хойд эцэг нь Монхор гэдэг хүн байсан. Тогоонтөмөр нь Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд аав, ээжийнхээ хамт үхэр малладаг байсан. Манай аавынхтай олон жил нэг баг, бригадад, нэг нутаг усанд айл аймаг явсан улс. Чимидцогзол бид Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Дөш”-ийн тасаг дээр үнээ саадаг байсан. Манайхан “Нарийн хоолой”, “Зүлэгт”, “Өвдөг” гэх газруудаар хамт нутаглаж байсан. Тогоонтөмөр нь хойд эцэг Монхороор овоглож явж байгаад улаан паспортыг иргэний үнэмлэхээр солих үед бичиг баримаа ээжээрээ овогтой болгосон гэж ярьдаг юм. Бид нэг нутаг усанд айл аймаг явсан улс болохоор Тогоонтөмөрийг бага наснаас нь эхлэн сайн мэднэ. Тогоонтөмөрийн ажиллаж байсан байдлыг ч сайн мэднэ. Би 1984-1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Монхор овогтой Тогоонтөмөр нэрээр бичигдсэн дээрх нотлох баримтуудыг Чимэдцогзол овогтой Тогоонтөмөрийн нотлох баримтаар үнэлж 1974 оны 02-р сарын 01-ээс 1975 оны 05-р сарын 13 хүртэл, 1978 оны 10-р сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ч.Тогоонтөмөрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгний 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Тогоонтөмөрт олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Чимидцогзол овогтой Тогоонтөмөр нь 1974 оны 02-р сарын 01-ээс 1975 оны 05-р сарын 13 хүртэл, 1978 оны 10-р сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Тогоонтөмөрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгний 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Тогоонтөмөрт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА