Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2023/00005

 

“Х банк” ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г,

Ж.Э нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/01484 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Г, Э.Эрдэнэ-Очир нарт холбогдох,

“Зээлийн төлбөр 20.341.815,25 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч А.Ггийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, Ж.А, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч А.Г, Ж.Э нар нь тус банкны Орхон салбарын Ж тооцооны төвөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр СЗХ-15/467 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил зэрэг хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201642875857 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл 10.825.842,64 төгрөг дээр 2.174.157,36 төгрөг нэмж, нийтдээ 13.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нар нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201742976790 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл 12.168.422,98 төгрөг дээр 1.831.577,07 төгрөг нэмж, нийтдээ 14.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нар нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЗГ201743212649 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл 12.994.726,79 төгрөг дээр 5.005.273,21 төгрөг нэмж нийт 18.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нар нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ201843409570 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл 16.341.966,57 төгрөг дээр 1.658.033,57 төгрөг нэмж нийт 18.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, 19.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч А.Г, Ж.Э нар нь Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 14.495.699,05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9.231.834,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.936,91 төгрөг, нийт 23.731.470,73 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч А.Г, Ж.Э нар нь Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж мэдэгдлүүд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 1329 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 11.173.342,16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8.744.084,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 419.108,34 төгрөг, нийт 20.336.535,25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5.280 төгрөг, нийтдээ 20.341.815,25 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Г, Ж.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 онд Х банкнаас 18,000,000 төгрөгийн цалингийн зээл авч сар бүр цалин дээрээсээ төлөөд явж байсан. Аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А/431 захирамжаар ажил хүлээлцэх комисс ирж миний ажлыг авч намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сар хүртэл төлж яваад үүнээс цааш төлөх боломжгүй болсон учраас төлж чадаагүй. Иймд Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа буцаж орох шийдвэр гарсан ч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн боловч ажилд минь авахгүй 1 жил 2 сарын хугацаанд намайг хохироосон. Ингээд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа орсон. Тэгээд Х банкны эрхлэгчид миний зээлийг шүүхэд шилжүүлж өгөөч гэж 2 удаа хүсэлт гаргасан. Би илүү хүү төлж чадахгүй, ажилгүй байсан хугацааны цалингаа ч одоо хүртэл авч чадаагүй гэдгээ хэлсэн ч банкнаас надад ямар ч боломжгүй гэх хариуг өгсөн. Х банкны Ж.А, Ё.Э нартай уулзахад манай банк урамшуулал зарласан энэ сардаа 5,000,000 төгрөгийг төлбөл хүүг тооцохгүй гэж хэлсэн. Би 15 хоногийн дотор 5,000,000 төгрөг төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний хувьд боломжит хувилбар гаргаад өгвөл тохиролцоод төлөөд явахад татгалзах зүйлгүй байна. Хүүний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/01484 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 282 дугаар зүйлийн 282.2.-т заасныг баримтлан хариуцагч А.Г, Ж.Э нараас зээлийн төлбөрт 15.969.772 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.372.043 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259.632,67 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Г, Ж.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 237.798 / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Г давж заалдсан гомдолдоо:

Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа томилогдсон боловч одоо хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа буцааж аваагүй байгаа. ...Мөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байгаа тул шүүхэд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгсөөр байтал 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл шүүхэд шилжүүлээгүй хүү бодож явсаар намайг 8.744.084,75 төгрөгийн өрөнд оруулсан нь банк ашгаа бодож иргэн намайг санаатайгаар хохироосон гэж үзэж байна. ...Хүүг 100 хувь хасуулах хүсэлтэй байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч А.Г, Ж.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 20.341.815,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан цалингийн орлогогүй байснаас төлж чадаагүй. Ажилгүй байх үеийн зээл, хүү тооцсоныг зөвшөөрөхгүй, боломжит хувилбар гаргаж өгвөл төлөхөд татгалзахгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ банкнаас авсан цалингийн зээлийн зориулалттай зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч А.Г нь Ж сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа анх 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй авсан байх ба зээлийн үлдэгдлүүд дээр нэмж зээлийн гэрээ байгуулан хэд хэдэн удаа зээл авсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16.341.966, 57 төгрөг дээр 1.658.033,57 төгрөг нэмж нийт 18.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн хуваарийн дагуу үндсэн зээлд 14.495.699,05 төгрөг, хүүгийн төлбөрт 9.231.834,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3936,91 төгрөг нийт 23.731.470, 73 төгрөг төлж барагдуулсан, зээлдэгч нар зээлийг зээлийн хуваарийн дагуу төлөөгүй зээлийн хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болохыг заасан тул хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба банк гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагчид зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөл байдал бий болсныг мэдсээр байж зээлийн төлбөрийг даруйхан хугацаанд шаардаагүй, зээлийг төлөх боломжгүй болсон байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхгүй удаан хугацаа өнгөрөөснөөс шалтгаалан зээлийн хүү хэтэрхий өндөр болсон гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 284.1., 282 дугаар зүйлийн 282.2. дахь зүйл заалтыг хэрэглэн зээлийн хүүгийн 50 хувийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийг хэрэглэж хүүгийн төлбөрийг багасгаж шийдвэрлэх боломжтой тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй болсон буюу гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснийг мэдсээр байж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж зээлийн хүүгийн төлбөрөөс багасгасныг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч А.Ггийн хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлүүлэх гэсэн давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/01484 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 282 дугаар зүйлийн 282.2.-т заасныг баримтлан хариуцагч А.Г, Ж.Э нараас зээлийн төлбөрт 15.969.772 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.372.043 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг, “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасныг баримтлан хариуцагч А.Г, Ж.Э нараас зээлийн төлбөрт 15.969.772 төгрөгийг гаргуулж “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.372.043 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч А.Ггийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.903 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.О

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.Б

                                                    ШҮҮГЧ                                            С.У