Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0263

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 14 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0263

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ч.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128//ШШ2019/0108 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-......... тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128//ШШ2019/0108 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын ......... тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“С” ХХК болон “Ф” ХХК-иудын хооронд 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдөр авсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн мэдээлэл худалдах болон тусгай зөвшөөрлийг шилжүүлэх” 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу худалдан шилжүүлсэн байдаг. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хугацаандаа төлж байсан боловч 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 59,300 төгрөгийг “С” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгааны /эмчилгээний/ улмаас төлөх боломжгүй байсныг анхан шатны шүүх хүлээн аваагүй, мөн манай компанийн хаяг, утас аливаа өөрчилсөн зүйл байхгүй байхад ...... гэсэн дугаарыг хаанаас ч юм гаргаж ирж өөрсдийн дотоод бүртгэлдээ оруулсан байдлыг “мэдэгдсэн” гэж шийдсэн байдаг.

Тус компанийн нэр дээр ....., .......... гэсэн 2 дугаар одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа бүртгэлтэй дугаар юм. Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл бүрдсэн хэмээн төлбөр төлөх мэдэгдэл явуулах болохоороо бүртгэлгүй утас руу холбогдож хаяг руу шуудан илгээсэн хэмээн өөрсдийгөө зөвтгөх боловч тусгай зөвшөөрөл цуцлагдсан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг хүргүүлэх үед бүртгэлтэй дугаарт холбогдон хаана байгаа газрыг тодруулж мэдэгдэлээ гардуулж байгаа үйлдлийг анхан шатны шүүх бодитой үнэлж хараагүй гэж үзэж байна. Хэт нэг талыг барьсан захиргааны байгууллагыг хамгаалсан үйлдэл гаргасанд гомдолтой байна.

Бид тухайн Налайх дүүргийн Зуун мод нэртэй 24,55 гектар газарт ашиглалтын лиценз болгохоор хайгуулын болон судалгааны ажил хийгдэн Ашигт малтмалын газрын-Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын судалгааны тайлангаа мөн батлуулж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөсөн боловч тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар бидний оруулсан бүх хөрөнгө оруулалт хий хоосон салхинд хийсэхэд хүрээд байна. Төрийн байгууллагын бүртгэл мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх ажиллагааны буруутай үйлдлээс аж ахуй нэгж компанийн үйл ажиллагаанд хохирол учирч байгаа талаас нь анхан шатны шүүх харж үзээгүй, нэг талыг барьсан болох нь тодорхой харагдаж байна.

Анхан шатны шүүх “Шуудангаар хүргүүлсэн “Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол ......... тоот” гэж бүртгэгдсэн хаяг, Ашигт малтмалын газрын дотоод бүртгэлийн хаягтай таарч байгаа тул мэдэгдэл хүлээн авсан гэж үзнэ” гэж дүгнэсэн ба тухайн үед бид хайгуулын судалгааны ажлаар явсан байсан бөгөөд удаан хугацаанд оффис хаягт очих боломжгүй байсан.

Ажил мэргэжлийн онцлогоос хамааран урт хугацаагаар хайгуул хийх шаардлага гардаг ч бүртгэлтэй утас /.........../ хэвийн ажиллаж байсан төдийгүй тус дугаарт холбогдож мэдэгдсэн тохиолдолд бид мэдэгдлийг гардаж авах бүрэн боломжтой байсан. Гэтэл цаагуураа далд үйлдэл явж байгаа эсэх нь тодорхойгүй албаар манай компанид мэдэгдэл өгсөн болгож, мөн бүртгэлд байхгүй ....... гэсэн дугаарыг дотоод бүртгэлдээ бүртгэн холбоо барих боломжгүй байсан мэтээр “харагдуулах үйлдэл” гаргасан гэж үзэж байгааг гомдолдоо тусгах нь зүйтэй болов уу.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ....... тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас “С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хуульд заасан дээрх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

1.Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн лавлагаанд “С” ХХК-ийн хаяг “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ......-р байрны ....... тоот” гэж бүртгэгдсэн, гэтэл хариуцагчаас хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг ....... тоот гэж хүргүүлсэн болох нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн шуудангийн дугтуйн дахь тэмдэглэгээгээр тогтоогдох бөгөөд хэргийн 61 дэх талд авагдсан тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэлд эзэмшигчийн хаягыг “....... тоот” гэж тэмдэглэсэн байх тул 2017 онд “Ф” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах үедээ бүрдүүлсэн баримтад нэхэмжлэгчээс өөрийн албан ёсны хаягыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хэрхэн мэдүүлснийг тодруулах шаардлагатай.

Шүүхээс тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг болон цахим мэдээллийн бүртгэлд үзлэг хийсэн ч энэ талаар бүрэн нягтлаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…К-8 маягтад хуулийн этгээдийн хаягийн талаарх мэдээлэл байдаг…” талаар тайлбарласан болно.

2.Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн дугтуйнд харилцах утасны дугаарыг ......... гэж, харин цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн дугтуйнд ....., ........ гэсэн гар утсыг тус тус бичсэн, гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ....... дугаар манай компанид байхгүй гэх бөгөөд хэргийн 67 дахь талд авагдсан анх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй этгээдийн тодорхойлолтод “С” ХХК-ийн захирал Д.Э нь ......... дугаарыг бичсэн байгаагаас үзэхэд .......... дугаарыг ямар мэдээллийг үндэслэн хэзээ, хэрхэн системд оруулсан болохыг шалгах нь зүйтэй.

3.Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан учраас “…ашигт малтмалын нөөцийг тогтоон, Эрдэс, баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бэлтгэл ажиллагааг хийж байсан…” гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан энэ талаарх нотлох баримтыг мөн цуглуулах шаардлагатай.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг кадастрын асуудал хариуцсан нэгж эрхлэх бөгөөд энэ ч хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид шилжүүлэн олгосон ......... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байхад шүүгчийн захирамжаар тус хэлтэст бус Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн байгааг зөвтгөвөл зохино.

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлох эрхтэй ч, тэр нь жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол нэхэмжлэгчийн зөвшөөрлөөс хамааран хариуцагчийг солих, эсхүл хамтран хариуцагч татах ажиллагааг шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу явуулах боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН