Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

                                               

 

 

 

 

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                     Хэргийн индекс: 114/2017/0020/З

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Н.Лхагвадоржоос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт хамаарал бүхий заалтыг хүчингүй болгуулж, Н.Лхагвадоржийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Н.Лхагвадоржоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2010 оноос Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хороолол, Нийгмийн даатгалын хэлтсийн зүүн урд байрлах 2400 м2 газрыг эзэмшиж эхлэсэн. Тус газарт Зочид буудал, үйлчилгээний зориулалттай барилга барихаар “ЗТК” ХХК-аар Ерөнхий төлөвлөгөө барилгын зураг төслийг гаргуулж, ТП-30 дэд станцаас цахилгаан татаж,техник нөхцөл, барилагын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг анхан шатны ажлуудыг зохих журмын дагуу хийж газраа зориулалтын дагуу ашиглахаар багагүй хөрөнгө, цаг хугацааг зарцуулсан байгаа болно. 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул миний бие хуулийн дагуу 30 хоногийн өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох бүх материалын хамт Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгсөн боловч өнөөдрийг хүртэл хүсэлтийг минь шийдвэрлээгүй, хэрхэн шийдвэрлэж байгаа тухай иргэн надад мэдэгдээгүй тул миний бие төрийн байгууллагаас тодорхой шийдвэр гарахыг хүлээж байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй  болгох  тухай”  А/497  дугаар  захирамжаар  миний   газар   эзэмших   эрхийг  хүчингүй     

                                                                                                                 Documents and Settings\ Захиргаа\Шийдвэр.doc

болгосныг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаярын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 714 дугаар албан тоотыг хүлэээн авах үедээ мэдэж ийнхүү шүүхэд хандаж байна.

            Миний бие эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар анхан шатны бүх зөвшөөрөл, зураг төсөл, зэрэг холбогдох ажлыг хийсэн, газрын төлбөр тооцоог цаг тухай бүрт нь хийж байсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг минь хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүлээж байна. Төрийн байгууллага, албан тушаалтан иргэн миний газар эзэмших эрхийг зөрчиж сунгуулах хүсэлтийг минь шийдвэрлээгүй байж хууль бус захирамжаар газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нараас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар  захирамжаар Н.Лхагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:    

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан  нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Лхагвадоржоос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/497 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Н.Лхагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Н.Лхагвадоржийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.НАРАНТУЯА