Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1346

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

            2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03896 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч ХХт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 750 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

  

            Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд

нэхэмжлэгч Х,

хариуцагч ХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Хын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт:

Хариуцагч ХХийн хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ХХийн хүсэлтээр зээлийн гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сар бүр 8 хувь, алдангийг 0,5 хувиар тооцсон. Манай гэр бүлийн хүний биеийн байдал тааруу байсан тул би Америк Улс руу эмчилгээ хийлгүүлэхээр явсан. Явснаас хойш ямар ч мөнгө өгөөгүй. Иймд ХХээс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 1 000 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, үндсэн зээл 2 500 000 төгрөг нийт 4 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХийн тайлбарт:

Миний бие зээлийн гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Гэрээний сунгалт хийсэн боловч дахин сунгаагүй. 2 500 000 төгрөг авч 2015 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр 200 000 төгрөг төлдөг байсан. Надаас алдангийг 1 хувиар тооцож авдаг байсан. Нөхөр ажилгүй, би ганцаараа ажил хийдэг тул төлөх боломжгүй. Миний бие үндсэн мөнгө 2 500 000 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хээс 3 423 900 төгрөг гаргуулж ХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 326 100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч ХХээс 69 732 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ давж заалдах гомдолдоо:

Би 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хаас 2 500 000 төгрөг, газрын бичгээ барьцаалан 3 сарын хугацаатай зээлж хугацаа дуусахад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сунгасан. 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үндсэн мөнгөнөөс хэрэглээгүй байсан ч хүү болох 200 000 төгрөгийг суутгаж 2 300 000 төгрөг авсан. Үндсэн мөнгийг гэрээгээр хувааж болон бүтнээр сар бүрийн эхэнд 200 000 төгрөг, хугацаа хэтэрсэн нэрээр алданги төлж байсан. Миний бие өвдсөн тул 2015 оны 11 дүгээр сарын хүүг төлөөд дараа сараас төлж чадаагүй. Гэхдээ би авсан мөнгөө төлөх болно. Х нь надаас авсан мөнгөө шүүхэд дутуу мэдүүлсэн тул би гомдолтой байна. Иймд дахин хянан шийдвэрлэж өгнө үү. Миний төлсөн хүү:

6 дугаар сарын 11-нд 200 000 төгрөг, 7 дугаар сарын 19-нд 200 000 төгрөг, алданги 100 000 төгрөг, 8 дугаар сарын 11-нд 200 000 төгрөг, 9 дугаар сарын 13-нд 200 000 төгрөг, алданги 50 000 төгрөг, 10 дугаар сарын 11-нд 200 000 төгрөг, 11 дүгээр сарын 11-нд 200 000 төгрөг, нийт 1 250 000 төгрөг төлсөн байхад Х 750 000 төгрөг гэж дутуу мэдүүлсэн. Мөн гарын үсгийг өөрөө бичсэн бичиг шүүхэд өгсөн тул гомдолтой байна. Би үндсэн мөнгө болох 2 500 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Иймд миний гомдлыг барагдуулж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч Х 2 500 000 төгрөг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй хариуцагч ХХт зээлдүүлж, үүрэг зөрчигдсөн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зохигчид хугацааг нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан үйл баримт хэргийн 5-7 талд авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, гэрээ сунгах тухай баримтуудаар тогтоогдсон байна.

 

Зээлдэгч үүргийн гүйцэтгэлд ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХ тоот, 424 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан талаар талууд маргаагүй болно.

 

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгийг бодитой шилжүүлэн өгөх болон хүү, алданги тооцохоор тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулах тухай хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 43.2.1-д зааснаар баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна. Иймд нэхэмжлэгч Х нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

                Хариуцагч нь “2015 оны 6-р сарын 12-ны өдөр дээрх гэрээний дагуу зээл олгохдоо нэг сарын хүү 200 000 төгрөгийг хасч 2 300 000 төгрөг хүлээлгэн өгсөн” гэж тайлбарладаг бөгөөд хэргийн 10 дугаар талд 2 300 000 төгрөгийг хүлээн авсан баримт авагдсан байх тул бодитойгоор хүлээн авсан 2 300 000 төгрөгт тохирсон хүү, алдангийг төлөх үүрэгтэй байна.

           

Иймд шүүх хариуцагчийг 2015 оны 7-р сарын 19-ний өдөр 300 000 төгрөг, 2015 оны 8-р сарын 14-ний өдөр 50 000 төгрөг, 2015 оны 9-р сарын 11-ний өдөр 200 000 төгрөг, 2015 оны 10-р сарын 11-ний өдөр 200 000 төгрөг, нийт 750 000 төгрөг төлсөн, гүйцэтгээгүй үүрэг нь 3 390 000 төгрөг гэж үзэж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 2 өдрийн алдангид 33 900 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Хариуцагч ХХийн “зээлийн хүүд 750 000 төгрөг илүү төлсөн” гэх тайлбар  хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байхын зэрэгцээ хариуцагч нь өөрийн гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг, зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүлйинй 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцжээ.

 

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 724 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ 

           

                              ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                                         

                                                                                     А.МӨНХЗУЛ