Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00714

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00024 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2017/00004 дүгээр магадлалтай,

Б.Батболдын нэхэмжлэлтэй,

“Саруул цонх” ХХК-д холбогдох,

Ажилгүйдлийн тэтгэмж 483.000 төгрөг болон 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 111 дүгээр тушаал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунтогос, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Б.Батболд, Б.Дагийнамжил, хариуцагчийн төлөөлөгч Н.Буянбат, өмгөөлөгч Н.Ууганцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн “Саруул цонх” ХХК-д эсгэгч, наагчаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа гарах тухайгаа захирал Н.Буянбатад уламжилсан боловч бүтэн сар ямар нэгэн хариу өгөөгүй болно. Ингээд 30 хоногийн дараа захиралтай уулзахад Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр халагдсан тухай 111 дугаартай тушаал өгсөн ба нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр халагдсан гэж он сарыг зөрүүтэй бичилт хийж, тамга дарж өгсөн. Ажлаас халагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зөрүүтэй бичсэн захирал Н.Буянбатын буруугаас болж, ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна. Нийгмийн даатгалын байгууллагад ажилгүйдлийн тэтгэмж авах тухай хүсэлт гаргахад тушаалын он, сар, өдөр нь нийгмийн даатгалын дэвтрийн он, сар, өдөр 2 зөрсөн бөгөөд энэ талаар  “Саруул цонх” ХХК-аас холбогдох тайлбар бичсэн албан бичиг гаргуулж авчирсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг олгож болно гэсэн хариу өгсөн. Гэвч захирал Н.Буянбат тийм албан бичиг гаргаж өгөхгүй байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж 483.000 төгрөг болон 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 111 дүгээр тушаалыг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Буянбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батболд нь манай компанид  2014 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2016 оны 9-н сарын 03-аас хойш ирэлгүй ажил тасалсан. Ингээд 2016 оны 09-р сарын 12-ны өглөө ирээд ажлаас халагдах тухай амаар хэлсэн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө албан ёсоор бичгээр өгөөгүй байж 30 хоногийн дараа ирж халагдсан тушаалаа авна гэхээр 2016 оны 10-р сарын 13-нд тушаал гаргасан. Б.Батболд 2016 оны 09-р сарын 12-наас хойш ажиллаагүй учир нийгмийн даатгалын дэвтрийг мөн өдрөөр хаасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 46-р зүйлийн 46.1-д заасны дагуу Б.Батболд нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй учир цалин хөлс аваагүй юм. Иймд манай компаний зүгээс Б.Батболдыг 30 хоног хүлээсэн бөгөөд энэ хугацаанд тэрээр ажилдаа ирээгүй учир хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцалсан. Б.Батболд нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө албан ёсоор бичгээр өгөөгүй тийм учир хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлгүй байсан тул тушаал гаргаагүй хүлээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00024 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Саруул цонх ХХК-аас 254720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батболдод олгож, үлдэх 228 280 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дугаартай тушаалыг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батболд нь улсын тэмдэгтийн хураамж 15140 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 8292 төгрөгийг хариуцагч Саруул цонх ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2017/00004 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00024 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.3, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батболдын ажилгүйдлийн тэтгэмж 483000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунтогос, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2017/00004 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг буруу хэрэглэсэн.

Нэхэмжлэгч Б.Батболд нь “Саруул цонх” ХХК-нд “ эсгэгч, наагчаар 2014 оноос хойш ажилласан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 12-д ажлаасаа гарах тухай захирал Н.Буянбатад мэдэгдээд тушаалаа авах гэхэд өгөхгүй байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 13-нд 111 дугаар тушаалыг гарсан. Нийгмийн даатгалын дэвтэр дээр 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн мэтээр бөглөж өгсөн. Б.Батболдын нийгмийн даатгалын дэвтэр дээр тушаал нь он сар өдрийг илт зөрүүтэй бичилт хийж өгснөөр Б.Батболдод НДС-аас тэтгэмж олгох эрх зүйн үндэслэлгүй болж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Мөн ажил олгогч “Саруул цонх “ ХХК-ны захирал Н.Буянбат нь 600.000 төгрөгний цалин, түүнтэй адилтгах орлого Батболдод олгодог. Гэтэл сарын цалинг 300.000 төгрөг олгодог мэтээр хууль зөрчсөн үйлдлийг санаатай хийсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй байна. Эдгээр нь иргэн Б.Батболдын Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болгосон санаатай үйлдэл юм. Энэ захирлын хууль бус үйлдлээс Б.Батболд авах ёстой тэтгэмжээ авч чадахгүй хохирсон болохыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1-д заасныг үндэслэн “ бусдын эрхэд... хууль бусаар санаатай ... гэм хор учруулсан этгээд ... гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой маргаан ... ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа хангахгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “...бусдын эрхийг зөрчсөнөөс учирсан хохирол...” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа ажлаас халсан тушаалын сар өдөр нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнтэй тохирохгүй байгаагаас нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, ажил олгогч тушаалаа зөвтгөх арга хэмжээ авахгүй байгаа талаар дурдаад “...ажилгүйдлийн тэтгэмж 483.000 төгрөг болон 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 111 дүгээр тушаалыг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Б.Батболд нь “Саруул цонх” ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 25-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна /хэргийн 4-5 дугаар тал/.

Харин ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг түүний халагдсан өдрөөс хойш гаргасан нь маргааны зүйл болжээ.

Дээр дурдсанаас үзвэл Б.Батболд нь “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын сар өдрийг зөвтгөх” нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй” гэж заасан.  

Б.Батболд 2014 оны 9 сараас 2016 оны 7 сарыг дуустал хугацаанд шимтгэл төлсөн нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ба тэрээр 2016 оны 8 дугаар сард 500.000 төгрөгийн цалин авсан байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ажилгүй болохоосоо өмнө шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлсөн байх тул түүнд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 3-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй бөгөөд 9 дүгээр сарын 12-ний өдөр ажлаас гарах тухайгаа ажил олгогчид мэдэгдсэн, “Саруул цонх” ХХК-ийн захирал Н.Буянбат  2016 оны 10 дугаар сарын 13-ний өдөр 111 дүгээр тушаал гаргаж Б.Батболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халсан огноог “2016 оны 9 дүгээр сарын 12” гэж тэмдэглэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нь огт байхгүй тушаалыг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнээс нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн гэж үзсэн нь зөв боловч гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хариуцагчаас 254.720 төгрөг гаргуулахдаа ажилгүй байсан хугацааг 40 хоногоор тооцсон нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. Энэхүү зохицуулалтаар ажилтан ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд өргөдлөө өгснөөс хойш хуульд заасан хугацаа өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Харин хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны санаачлага нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд Б.Батболд ажлаас гарах тухайгаа мэдэгдсэнээс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй энэ тохиолдолд ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг заавал 30 хоногийн дараа цуцлах шаардлагагүй юм.  

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан бол энэ өдрийг нийгмийн даатгалын дэвтэрт бичих шаардлагатай юм. 

Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэмж олгохоос татгалзахдаа “Саруул цонх” ХХК-ийн захирлын тушаалд заасан ажлаас чөлөөлсөн огноо тушаал гаргасан хугацаатай тохирохгүй байна гэсэн үндэслэл дурдаж, ажил олгогчоос тушаал сарын дараа гарсан шалтгааныг тодруулж, энэ тухайгаа албан бичгээр ирүүлэх хэрэгтэй гэжээ /хэргийн 21 дүгээр тал/.

Гэвч хариуцагч  тушаалаа зөвтгөөгүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 5.7-д “ажилгүй болсон даатгуулагч  хүндэтгэн үзэх шалтгаан (даатгуулагч  хүндээр өвчилж  асруулж байсан, мөн өвчтэй хүн асарсан,  хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон,  ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн  лавлагааг хугацаанд бүрдүүлээгүй, гадаад улсад зорчсон)-ны  улмаас энэ журмын 5.2-д заасан хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргаагүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын  дотор гарган Нийгмийн даатгалын байгууллагад  бүртгүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн  тэтгэмжийн тухай  хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.     

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 202/МА2017/00004 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 136/ШШ2017/00024 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батболдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалын огноог 2016 оны 9 дүгээр сарын 12” гэж зөвтгөхийг хариуцагч “Саруул цонх” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь нэхэмжлэгч Б.Батболдод ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу тооцон олгосугай” гэсэн 2 дах заалт нэмж, 2, 3, 4 дэх заалтыг 3, 4, 5 гэж дугаарлан шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 8.292 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ