Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2023/00006

 

 

 “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 хариуцагч Х.Дд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/01571 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Дд холбогдох,

“Зээлийн төлбөр 7.046.329 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “зээлийн хүү 4.639.151 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Б нь Т банкны Б тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14,980,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,5 хүүтэй авсан. Зээлдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар 10-ны өдөр нас барсан. Зээлдэгчийг нас барснаас хойш төрөөс 6,000,000 төгрөгийн зээлийг төлсөн. Иргэн Х.Д нь зээлдэгчийн хамтран зээлдэгчээр орж, зээлийн гэрээний 2.3 дахь заалтыг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хамтран зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг төлөхгүй өдий хүрсэн. Хамтран зээлдэгч Х.Дд зээл, хүүгийн төлбөрийг барагдуулах мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 29, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд хүргүүлэн, гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн. Иймд зээлдэгч Д.Б нас барсан тул хамтран зээлдэгч Х.Дгаас үндсэн зээлийн төлбөр 4.422.843 төгрөг, хүүний төлбөр 2.597.312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.174 төгрөг, нийт 7.046.329 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Х.Д би тус банкны Б тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ямар нэгэн зээл аваагүй бөгөөд миний төрсөн эх Д.Б Т банкны Б тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус банкны тооцооны төвтэй тэтгвэрийн зээлийн гэрээ байгуулж 14,980,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Уг зээлийг авахад заавал хамтран зээлдэгч байх учиртай гэсний дагуу би хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний 1.2.1-д Банк зээл эргэн төлөх хуваарийг хугацаанд зээлдэгчийн 340502442820 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл, хүүг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ., 1.3-т 3ээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банкинд хадгалуулна., 2.1.5-д Зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ. , 2.1.6-д 3ээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй. гэжээ. ...Тус банк ээжийг нас барсны дараа сараас эхлээд зээлийн хүү төлөхийг шаардаж байсан учир би 2019 оны 7, 8, 9-р саруудын хүүг төлсөн бөгөөд Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилсан байхад өнөөдрийг хүртэл хууль хэрэгжүүлэхгүй надад эд материалын болон сэтгэл санааны дарамт учруулж байгаад гомдолтой байна. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний өндөр насны тэтгэврийг тухайн хүн өөрөө авахаас түүний өмнөөс хэн нэгэн авах хууль зүйн үндэслэл байхгүй учир Х.Д би банкнаас зээл аваагүй, ээж маань зээл аваад эмчилгээндээ зарцуулдаг байсан бөгөөд би авсан зээлээс нь огт мөнгө авч байгаагүй. Т банк гэрээнд заасан гээд тухайн үед оршуулгын зардал гэж өгсөн 1,000,000 төгрөг, нэг сарын тэтгэвэр гэж өгсөн 542,094 төгрөгийг бүгдийг нь суутгаж авсан. Т банкны надаас нэхэмжилсэн 7,046,329 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Х.Дгийн ээж нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байхад зээлийн хүүг нь огт зогсоохгүй өнөөдрийг хүртэл хүү тооцож Х.Дгаар зээлийн төлбөрийг төлүүлэх гэж шаардлага гаргаж байгаа нь хууль зүйд нийцэхгүй үйлдэл юм. Зээлдэгч Д.Быг нас барах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 10.474.930 төгрөг байсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын зардалд өгсөн 1.0 сая төгрөгийг зээлэнд суутгасан. Мөн 7-р сарын тэтгэврийн 542.000 төгрөгийг зээлд нь суутгаж авсан байх бөгөөд Х.Дгаар З удаа нийт 525,752 төгрөг төлүүлсэн бөгөөд тэтгэврийн зээлийн хөнгөлөлт 6,000,000 төгрөгийг төрөөс нэг удаа төлсөн. Х.Д би банкнаас зээл аваагүй учир зээлийн хүү 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс зогсохгүй, зээлийн төлбөрийг Х.Д хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд Т банкны Орхон аймаг дахь Б тооцооны төвийн шаардлагаас зээлийн хүү тооцсон 4.639.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/01571 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 242 дугаар зүйлийн 242.11.-д заасныг баримтлан хариуцагч Х.Дгаас зээлийн гэрээний үүрэгт 2.195.547,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.850.781,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2.623.486 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2.015.665 төгрөгийн хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.691,26 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 40.227 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч Х.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.177 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т банк” ХХК-аас 56.925 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Дд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н давж заалдсан гомдолдоо:

Т банкны Орхон салбарын харъяа Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй .Дүүрэнзаяад хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг тус шүүх лийдвэрлэхдээ зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүргийг бүрэн хүлээсэн байна гэсэн гнэлтийг хийсэн явдал нь зүйд нийцсэнгүй.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудийг ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасан журмын дагуу хуульд нийцүүлсэн үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй. Хариуцагч Х.Д өөрийн төрсөн эх Д.Бын тэтгэврийн зээлийн Т банкны Б тооцооны товоос 2018-09-03-ны өдөр авсан 14.980.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан явдал нь хууль зүйд хэр нийцэж байгаад дүгнэлт хийх учиртай. Банк Д.Бын зээлийн үлдэгдэл гэж 7.046.329 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Х.Дгийн ээж нь 2019-06-10-ны өдөр 67 настайдаа нас барсан бөгөөд энэ өдрөөс зээлийн хүү зогсох учиртай байсан ч банк зээлийн хүүг огт зогсоогоогүй. Зээлдэгч Д.Быг нас барах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 11.957.189 төгрөг байсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын зардалд өгсөн 1.0 сая төгрөгийг зээлд нь суутгасан.Мөн 7-р сарын тэтгэврийн 542.000 төгрөгийг зээлд нь суутгаж авсан байх бөгөөд Х.Дгаар Зудаа нийт 525.752 төгрөг төлүүлсэн бөгөөд тэтгэврийн зээлийн хөнгөлөлтийг төрөөс нэг удаа төлсөн 6.0 сая төгрөг нийт 8.067.752 төгрөг төлөөд үлдэгдэл нь 3.889.437 төгрөг байхад юуны учир үндсэн зээлийн үлдэгдэл 4.422.843 төгрөг байх билээ. Зээлдэгч нас барчихаад байхад нас барснаас нь хойш зээлийн хүү гэж 533.406 төгрөг тооцож төлүүлнэ вэ. Зээлийн ангилал нь тэтгэврийн зээл бөгөөд тухайн зээлдэгчийн үндсэн эрхтэй салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч өөрөө амьд байсан тохиолдолд барьцаа болох тэтгэвэр олгогдож байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2.-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй,эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон,түүнчлэн нас барсан,нас барсан гэж зарлагдсанмтохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас харахад зээлдэгч Д.Бын тэтгэвэр барьцаалсан зээлийн үүрэг дуусгавар болсон байхад хувь хүний өндөр насны тэтгэвэрийг тухайн хүн өөрөө авахаас түүний өмнөөс хэн нэгэн авах хууль зүйн үндэслэл байхгүй учир Х.Д ээжийнхээ тэтгэврийг барьцаалж банкнаас зээл авах боломжгүй учир ээжийнх нь нас барсан өдөр болох 2019-06- 10-ны өдрөөс зээлийн зогсох,банк зээлээ шаардах эрх нь энэ өдрөөс үүсэх учиртай. Зээлдэгч 2019-06-10-ны өдөр нас барсан байх тул банк Иргэний хуулийн 536-р зүйлийн 536.2-т:мҮүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан,эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилидотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно"гэжээ.Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан энэ хугацаагаа хэтрүүлсэн байхад шүүх хариуцагч Х.Дгийн банканд зээлийн хүү төлсөн өдрөөс гомдлын шаардлага гаргах хугацааг тооцож байгаа явдал нь зүйд нийцэхгүй. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар нэхэмжлэлд хөтлөгдөн шийдвэр гаргаж хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироолоо.Хоёр талын 2018-09-03-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээний 2.3.1-д:Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэсэн агуулгатай заалт нь хамтран зээлдэгчид ямар байдлаар нөлөөлөх болохыг шүүх бодит байдлаар дүгнэлт хийсэнгүй. Дээрх гэрээний зээлийн ангилал нь тэтгэврийн зээл байх бөгөөд Х.Д тэтгэвэр авдагггүй бөгөөд энэхүү зээлийн гэрээний барьцааны зүйл болох тэтгэврийг дан ганц Д.Б авах эрхтэй тийм ч учраас банктай гэрээ байгуулсан.Банк зээлийн гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа зээлийн гэрээний барьцааны зүйл?төлбөр төлөх баталгаа,банкны төлбөрөө барагдуулах боломжууд нь дан ганц тэтгэврийн мөнгө,оршуулгын зардал,төрөөс хөнгөлсөн хөнгөлөлт зэргүүдээр нотлогдож байхад юуны учир хамтран зээлдэгч Тэтгэврийн зээлийн гэрээгээр хариуцлага хүлээх болоод байгаад шүүх бодит дүгнэлт хийсэнгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-11-25-ны өдрийн 142/ШШ2022/01571 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй учир хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Х.Дгаас тэтгэврийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн үлдэгдэл 7.046.329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Х.Д нь би зээл аваагүй, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тэтгэвэрийн зээл нь тухайн хүний ирээдүйд авах тэтгэвэрийг барьцаалж олгогддог тул би хариуцахгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн Орхон салбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээнд үндэслэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд иргэн Д.Б нь Т банкны Б тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан 14.980.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлж авсан байх ба хариуцагч Х.Д тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээлдэгч Д.Б нь түүний ээж бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан, тэтгэвэрийн зээл төлөгдөж дуусаагүй 10.391.095 төгрөгийн үлдэгдэл зээл байснаас Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч 4.391.095 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр оршуулгын тэтгэмж 1.000.000 төгрөг түүний дансанд орсон болон нас барсны дараа олгодог 1 сарын тэтгэвэр 566.094 төгрөгийг зээлд нь банк суутган авсан, хариуцагч Х.Д нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 210.800 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 159.150 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 153.316 төгрөг төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн Орхон салбар нь зээлийн тооцооллыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүйгээс зээлийн графикийн дагуу үндсэн зээл, хүүнд хэдэн төгрөг төлсөн болох, үндсэн зээлийн үлдэгдэл хэд байсан, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэдий хугацаагаар яаж тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд тэрхүү үүргээ биелүүлээгүй, /хэрэгт зээл эргэн төлөлтийн график, зээлдэгчийн дансны хуулга зэрэг нотлох баримтыг гаргасан байгаа/ давж заалдах шатны шүүх бодит байдалд нийцсэн тооцооллыг хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/01571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.О

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.Б

                                                    ШҮҮГЧ                                           С.У