Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 220

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06 сарын 09                             Дугаар 220                                        Баруун-Урт

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 3-27 тоотод оршин суух, /ЧЕ 40072013 регистртэй/ Ж.Санжсүрэнгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, 27 айлын орон сууцны 3-6 тоотод оршин суух, /ЛЮ 74012776 регистртэй/ Ц.Батсайханд холбогдох 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Ж.Санжсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2012 онд Нямдаваагаар зуучлан Ц.Батсайхантай танилцсан. Ц.Батсайхан нь 2013 оны 05-р сарын 23-ны өдөр хурдан удмын угшилтай азарга тавих халиун зүсний үрээг надад өгөхөөр, би хоёр сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож наймаа хийсэн. Н.Батсайхан нь манайх байранд орохоор боллоо  та хоёр сая төгрөгөө миний данс руу шилжүүлчих, би үрээг чинь явуулна гэж хэлээд ХААН банкны 5630286065 тоот дансны дугаар өгч, би энэ данс руу нь хоёр сая төгрөгийг бэлнээр ХААН банкны 05057 дугаар салбараар Ц.Батсайхан руу шилжүүлсэн. Үүнээс хойш Ц.Батсайхан нь зүсэлсэн үрээгээ явуулаагүй. Би хоёр удаа хүн явуулсан боловч, адуу Мөнххаан суманд байгаа гэж хэлээд өгч явуулаагүй. Үүнээс хойш би Ц.Батсайхан руу олон удаа утсаар ярьсан боловч адуугаа өгнө гэдэг боловч өгөхгүй байсаар өдийг хүрлээ. Иймд Ц.Батсайханаас 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Санжсүрэнгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2000000 /хоёр сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Санжсүрэн нь Ц.Батсайханд холбогдуулан 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Батсайхан нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Санжсүрэнгийн 2000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46950 төгрөгний тал хувь 23475 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 23475 төгрөгийг хариуцагч Ц.Батсайханаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Санжсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Ж.Санжсүрэнгийн 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Батсайхан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Нэхэмжлэгч Ж.Санжсүрэнгийн 2000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46950 төгрөгний тал хувь 23475 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 23475 төгрөгийг хариуцагч Ц.Батсайханаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Санжсүрэнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА