Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч Х.Н-,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш овогт Б.Э-, 

Шүүгдэгч Б Б.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 01 дүгээр
сарын 03-ны орой М сумын - тоот хашааны гадаа эхнэр
Х.Н-ийг хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн тохой, шилбэнд цус хуралт, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн бугуй
шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд
холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын ... тоотод эхнэр Х.Н-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

ХохирогчХ.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Би Б.Э гэдэг хүнтэй амьдраад 7 жил болж байна Бид хоёр гэр бүл
болсноос хойш манай нөхөр намайг байнга хардаж зовоодог байсан.  Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байхад Цалгиун дэлгүүрийн худалдагч Хандаа над руу залгаад “чи манайд хүрээд ирээч танайхаас авсан хэрчсэн гурилын тоног төхөөрөмжөөс болж нөхөр бид хоёрын дунд маргаан гараад байна” гэхээр нь би гэрт нь очсон. Намайг дөнгөж гэрт нь ороод байж байтал манай нөхөр над руу залгаад “чи хаана байна” гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн. Тэгтэл Б.Э “хүүхэдтэйгээ ярья” гэхээр нь би за гэж хэлчихээд утсаа салгаад Хандаад би “гэртээ харьчихаад ирье, Б.Э залгаад байна” гэж хэлчихээд гэр лүүгээ такси аваад явсан. Би тэр таксийг “та эргээд зогсож байгаарай, би буцаад явна шүү” гэж хэлчихээд гэр лүүгээ орох гэтэл манай нөхрийн цүнх нь гэрийн үүдэнд байсан. Би Б.Эыг “ирчихсэн байгаа юм байна” гэж бодоод “одоо намайг хардаад дахиад зодох байх” гээд буцаж гараад нөгөө таксиндаа суугаад Хандаагийнд очсон. Хандааг эгчийг нь дагуулаад Хандаагийн машинаар гэртээ иртэл Б.Э хашааны үүдэнд хагалсан түлээ бариад зогсож байснаа ирж машины хаалга татаад “ална муу гичийг” гээд машин дотор орж ирээд толгой тархигүй нүдсэн...машинаас чирч буулгаад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн…Одоо миний хамрын зүүн хэсэгт бага зэргийн лугшиж өвдөж байгаа. Өөр бэртэл гэмтэл байхгүй...Өмнө нь 2018 оны 01 дүгээр сард байх аа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ нөхөр маань намайг хардалтын улмаас зодож байсан... Би нөхрийгөө жаахан хашрааж айлгах гэж л цагдаад хандсан. Миний зүгээс гомдол санал байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 11-12, 15-16-р тал/

Гэрч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн оройны 21 цаг өнгөрч байх үед намайг өөрийн дэлгүүртээ сууж байхад миний танил /найз/ Х.Н- манай дэлгүүрт орж ирсэн...Явчихаад удалгүй 5-10 минутын дараа буцаж гүйж орж ирсэнээ “нөхөр маань хөдөөнөөс гэртээ ирчихсэн байна, аягүй бол намайг буруугаар ойлгох байх, чи найзыгаа гэрт маань хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд түүнтэй хамт явсан...Х.Н-ийн нөхөр Б.Э нь нарийхан түлээ барьсаар гарч ирсэн. Х.Н- машины хойд талд сууж явж байсан болохоор айсандаа машины хаалгыг түгжчих шиг болсон. Тэгэхэд Б.Э маашины урд талын хаалгаар ороод Х.Н-ийг “чи муу хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гараад ир” гээд хэрүүл маргаан үүсгээд цохиод байх шиг байсан. Машинаас буулгачихсан хашааныхаа тэнд авчирсан барилцаад авчихсан маргалдаж байхаар нь би дундуур нь орж салгаад Б.Эыг хашаа руу нь оруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

Шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би эхнэр Х.Н-ийгээ хардсаны улмаас зодож, түүнд гар хүрсэн нь үнэн болохоор түүнээс уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай: Х.Н-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн тохой, шилбэнд цус хуралт, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн бугуй шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Х.Н-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Х.Н-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Х.Н-, гэрч С.Рэнчинханд нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.         

Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Х.Н-тэй харилцан тохиролцож, уучлалт гуйж эвлэрсэн тухай 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн эвлэрлийн гэрээ, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. /хх-ийн 45 дугаар тал/,

Эрүүгийн - дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1938000310013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР