| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0019/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/24 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аимаг дахь сум дундын эрүүгиин хэргиин анхан шатны шүүхиин шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Л-ид холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Л-,
Шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн - сумын 3 дугаар багт иргэн Д.Б-ын толгойн дух хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь дух болон ухархайн дээд хананы шугаман хугарал, духанд шарх, нэг шүдний булгарал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үөдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт хохирогч Д.Б-ын толгойн дух хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь дух болон ухархайн дээд хананы шугаман хугарал, духанд шарх, нэг шүдний булгарал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн орой 23 цагийн үед би найз Жадамбынхаа гэрт байж байгаад Мөрөн сумын 2 дугаар багаас эгчийнхээ гэрлүү уруудаад явж байсан юм...Тэгээд явж байх замдаа эгчийнхээ гудамжнаас 2 гудамжны хойно Баагий гэх залуутай таарсан. Тухайн үед Баагий улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль түрчихсэн явж байсан... Тэгэхээр нь би “танайх хол юм бол ойрхоноор нь манай хашаанд оруулаад тавьчихгүй юу даа” гэж хэлээд мотоциклийг нь хамт түрэлцээд эгчийнхээ хашаа руу дагуулаад явсан ... Гадаа гараад гудамжныхаа үзүүрт Баагийтай хамт тамхилах гээд зогсож байхад бид хоёрын өөдөөс гурван залуу ирж явсан ... Тэгэхэд танихгүй нэг залуу /сүүлд нэрийг нь мэдсэн Батмөнх/ нь шууд Баагий руу “мотоцикль хааччихсан юм бэ” гэж хэлснээ, над руу хандаж “чи юу юм бэ, ганц тамхилчих” гэж хэлсэн. Би уурлаад “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү, мотоцикпь чинь ойрхон хашаанд байгаа” гэж хэлсэн.Тэгсэн чинь тэр залуу миний урдаас “чи зүгээр байгаарай” гээд томроод унасан, Би түүнийг томроод байхаар нь зүүн гараараа мангасдаад түлхсэн. Тэгэхэд тэр залуу газарт унаад босож ирсэн. Тэгж байх хооронд түүнтэй хамт явсан нэг залуу нь миний духны зүүн хэсэгт том чулуугаар нэг удаа цохисон. Тэгж цохиулахад би шууд газарт унасан. ...Тэгээд би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд шууд Цагдаагийн газрын 7038102 дугаарын утсанд дуудлага өгч тэмдэглүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21-р тал/
Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байх үед найз Д.Л-, Батмөнх, Баяраа, Сэдэд нартайгаа хамт Хүслэн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа нэрт архи аваад Хүслэн дэлгүүрийн урд талын гудамжинд орж уусан. Архиа ууж дуусчихаад би Д.Л-гийн мотоциклийг түрээд билъярд руу явж байх замдаа Бат- Оршихтой таарсан Тухайн үед Д.Б- намайг таниад надтай уулзсан. Уулзаж байхдаа "хоёулаа Гэрэлтэй цонх орж ганц шил юм хувааж ууя” гэсэн. Би тухайн үед би энэ хүмүүстэй яваа гэж хэлсэн. Тэгэхэд Батмөнх Д.Б-той маргалдсан. Маргалдаад байж байхад Д.Б- Батмөнхийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Батмөнх цохиулангуутаа шууд нүүрээ дараад суусан. Д.Л- Батмөнхийг өмөөрөөд Д.Б- руу очиход Д.Б- Д.Л-г мангасдаж түлхэж холдуулсан. Тэгэхэд Д.Л- уурандаа газарт байсан том чулууг аваад Д.Б-ын дух хавьцаа нэг удаа цохисон. Тэгж цохиулахад түүний толгойноос цус гараад унасан ” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24-р тал/
Гэрч А.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баагий мотоциклийг нь айлын хашаанд оруулчихаад гарч ирэхдээ нэгтанихгүй залуутай гарч ирсэн. Тэр залуу нь Баагийтай цуг бид нар луу ирж яваад намайг үг дуугүй цохисон. Тэгэж цохиулах үед миний хамарнаас цус гарсан. Би тэр залууд /Д.Б-/ цохиулсаныхаа дараа цусаа гоожуулаад сууж байхад Д.Л- тэр танихгүй залуутай мотоцикльноос болж маргалдсан. Тэгэж маргалдаж байхад Д.Л- газраас чулуу аваад тэр залууг цохичихсон юм шиг байсан. Тэр залуу чулуугаар цохиулсаныхаа дараа улам л Д.Л- руу дайраад байх шиг байсан. Тэгж байхад тэнд байсан хүмүүсээс хэн нэг нь цагдаа дуудсан байсан. Цагдаа дуудах хооронд Д.Л- зугтаагаад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/
Шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Хохирогч Д. Д.Б-ын биед үүссэн духны шарх болон 1 ширхэг шүдний сулрал нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна. Зүүн мөрөнд үүссэн цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Духны хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.2.1 дэх хэсэгг зааснаар хүнд гэмтэлд хамаарна... Хохирогч Д.Б- нь дээрх гэмтлийнхээ улмаас хэрэв нас барсан ч гэмтлийн зэрэг хүнд, хэд ч хоногийн дараагаас ажлаа хийгээд явж байсан ч гэмтлийн зэрэг хүнд хэвээрээ байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/
Шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: 2018 оны 5 дугаар сарын эхээр байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна./ Би найз Баяраа, Батмөнх, Баагий нарын хамтаар оройн 23 цагийн үед байхаа /яг цагийг нь сайн мэдэхгүй байна/ Хүслэн нэртэй дэлгүүрийн урд талын гудамжинд 1 шил архи уусан. Архийг уугаад дуусахад Баагий миний мотоциклийг Тосон биллъярдны хашаанд аваачиж хийчихээд ирье гээд явсан... Тэгээд би Тосон биллъярдаас гарахад Хүслэнт дэлгүүрийн урд талын хар зам дээр Батмөнх хүнд зодуулчихсан байдалтай байсан. Би Батмөнхийг хараад зогсож байхад Батмөнхийг зодсон залуу над дээр үсэрч ирээд шууд намайг цохиод өшиглөөд унагаасан. Би унасан байхдаа гараараа ийш тийш тэмтэрч байгаад газраас чулуу авсан. Намайг чулуу аваад босоод зогсоход нөгөө залуу над руу дахиад дайрсан. Тэр үед би барьж байсан чулуугаа түүний өөдөөс шидчихээд хойшоогоо зам дагаж зугтаасан...Миний шидсэн чулуу тэр залуугийн хаана нь оносныг мэдэхгүй байна. Тэр залуу намайг чулуу шидсэний дараа тонгойсон. Тонгойсон байхдаа “яая, муу пизда чинь яаж байнаа” гэж хэлээд намайг араас хөөсөн. ... Би хохирогчид 2.000.000 төгрөг өгч хохирлыг нь бүрэн барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 54-55-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаартай: Д.Б-ын биед дух болон ухархайн дээд хананд хугарал духанд шарх, 1,0 ширхэг шүдэнд сулралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Д.Б-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4 дугаартай: Д.Б-ын биед дух болон ухархайн дээд хананы шугаман хугарал, духанд шарх, нэг шүдний булгарал, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч М.Батмөнхийн 2018.05.08-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэнд гэмтлийн зэрэг тоггоох 3.2.1 гэж бичигдсэн нь 3.1.2 дахь заалтаар гэмтлийн хүнд зэрэг болно ...” гэх дүгнэлт / хх-ийн 43-44 -р тал/ гэх дүгнэлт,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8- 10-р тал/,
Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 11-12-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.Л- нь 2018 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үөдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт хохирогч Д.Б-ын толгойн дух хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь дух болон ухархайн дээд хананы шугаман хугарал, духанд шарх, нэг шүдний булгарал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.Б-, гэрч С.Бат-Ерөөлт, А.Батмөнх нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Л-ийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Л- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч Д.Л-ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.
Хохирогч Д.Б-, шүүгдэгч Д.Л- нар нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба хохирогч нь “...Миний бие сайжирч байгаа. Д.Л-оос эмчилгээний зардлаа төлүүлсэн. Цаашид нэхэмжпэх зүйлгүй, гомдолгүй болно” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8x4 см хэмжээтэй 30 см урттай чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн - дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Л-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай анги йн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1838003730415 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8x4 см хэмжээтэй 30 см урттай чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн 1838003730415 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР