Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2023/00009

 

 

Ц.Чын нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/01629 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Чын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,

“Гэрээний төлбөр 15.240.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, Ж.Н, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“....манай Х хамтлаг нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт тоглолт хийхдээ Н ХХК-ний захирал Р.Атай хамтран ажиллах гэрээ-г байгуулж гэрээнд зааснаар тоглолт хийж буй талбайд билетгүй хүнийг нэвтрүүлэхгүй байх, гаднаас архи пиво, бусад хүнсний зүйл оруулахгүй байх, согтуурсан мансуурсан хүнийг оруулахгүй байх үүргээ хангалттай биелүүлсэн. Тоглолтын үйл ажиллагаа сайн явагдаж дууссан ба Н ХХК нь тоглолтын үеэр гэрээний дагуу ганцаараа талбай дотор согтууруулах ундааны зүйл, хүнсний бусад зүйлсийг давуу эрхтэйгээр зарж борлуулан, халуун хоол, вип үйлчилгээ зэргээр үйлчлэн ашигтай ажилласан мөртлөө гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, иймд алданги 240,000 төгрөг, нийт 15,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Х хамтлаг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийсэн. Уг тоглолтыг хийхдээ Н ХХК-тай гэрээ байгуулж, тоглолтын үеэр хоол, уух зүйлийн үйлчилгээг хийлгэхээр тохиролцож, гэрээний үнэ 15,000,000 төгрөгийг 2 хувааж төлөх нөхцөлтэйгөөр тохирсон байдаг. Тоглолтын үеэр харуул хамгаалалтад цагдаагийн газрын 60 албан хаагч, Зэндмэнь хамгаалалтын албаны 40 албан хаагч хяналт тавьж ажилласан, Х хамтлагийн гэрээний үүргээ хангалттай биелүүлж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. ... Хариуцагчаас 13,983,712 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл илүү гарсан хоолны үлдэгдлийг хаясаны бурууг Б.Чаас нэхэмжилж байгаа. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 179 дугаартай тушаалын хавсралтын 7.7-д халуун боловсруулалт хийсэн хоолыг шууд устгаж, устгахдаа тэмдэглэл хөтөлнө, өдөрт хийсэн хоолны бэлтгэсэн байдал, илүү хийсэн хоолыг хаясан талаарх бүртгэлийг бүртгэх талаар журмаар заасан байдаг. Миний өмнө ярьсан стандартад заасны дагуу хоол үйлдвэрлэлийг хариуцсан гадаад орчин буюу катерингийн үйлчилгээ явуулж байгаа компани бол ямар хэмжээний бэлдэцийг бэлтгэх үү, хэдий хэмжээний бэлдэцийг боловсруулалтад оруулах вэ гэж тооцоолж хэрэглэгч захиалга өгсөн тохиолдолд хоолыг бэлдэж, үлдсэн бэлдэцээ хөргөгчиндөө хадгалах нь компаний хувийн зохион байгуулалтын асуудал юм. Өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг Б.Ч хариуцах үндэслэл байхгүй. Мөн хариуцагчаас 13 сая төгрөгийн хохирол учирсан болохоо баримтаар нотлоогүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Задгай талбайд оройн цагаар хүмүүс тэнд хоол идэх гэж очих уу, тоглолт үзэж пиво, согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэж очих уу? гэх тооцоог Н ХХК өөрсдөө сайн тооцоолох ёстой юм. Н ХХК-ний өөрсдийнх нь бизнесийн зохион байгуулалтгүй байдлыг бусад хүмүүс хариуцах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

“...манайх Х хамтлагийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тоглолтод давуу эрхтэй борлуулалт хийх эрхийг авч борлуулалт хийснээрээ ашигтай ажиллаж тодорхой мөнгөн дүн бүхий урамшуулал төлөх үүргийг хүлээсэн байна. Гэрээгээр манайх ганцаараа давуу эрхтэйгээр алкоголь зарах боломжийг олгох/ тохиролцсон хугацаанд өөр бусад ямар ч газар алкоголь зарахгүй байх/ үүргийг нэхэмжлэгч хүлээсэн хэдий ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тоглолтын үед стадионд нэвтрэх хүн бүрийг алкоголийн бүтээгдэхүүн авч оруулахгүй байх харуул хамгаалалтаар хяналтыг хийж хангаж ажиллах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн ч энэ үүргээ зохих ёсоор мөн биелүүлээгүй бөгөөд үзэгчид гаднаас ундаа, пиво, хоол зэрэг манай зарж байгаатай ижил зүйлүүдийг оруулж ирж байсан учир борлуулалт хоёр талын тохиролцсон ёсоор хийгдээгүй, тоглолтын үед стадион дотор зөвхөн Модерн Н ресторан ганцаар байрлан борлуулалт хийх зэрэг үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн хэдий ч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээнд бичээгүй ч амаар 6000-10000 хүн ирж үйлчлүүлнэ гэсэн тохиролцоог хийсэн хэдий ч хоёр мянга хүрэхгүй үзэгчид ирсэн зэргээс шалтгаалж хүссэн борлуулалтаа хийж чадаагүйг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Харин бид 13,983,712 төгрөгийн алдагдалтай ажилласан. Анх гэрээ хийхдээ борлуулалтын орлого олох тооцоог ойролцоогоор 6,000 хүн*25.000 төгрөг=150.0 сая төгрөг гэж тооцсон. Нэг хүн тус бүрийг 25,000 төгрөгийн худалдан авалт хийнэ гэсэн тооцоог гаргаад хоёр тал амаараа 150,000,000 төгрөгийн 10 хувь 15,000,000 төгрөг гэж тохирсон. Гэтэл 37,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Нэхэмжлэгч Ч.Чулуунбатын амласан ёсоор вип суудалд 300.000 үзэгч сууна гэсэн хэдий ч 40-өөд үзэгч ирсэн, 6,000-10,000 үзэгчид ирнэ гэсэн нь хоёр мянга орчим үзэгчид тоглолтыг үзэж ихэнх хүмүүс гаднаас идэх болон уух зүйлүүдээ тор тороор нь барьж стадионд оруулж ирж байсан болох нь камерын бичлэг болон зургуудаар нотлогдох юм. Захиалагч Ц.Ч ажил дээр маань 6 удаа ирж уулзах болгондоо 6,000-10,000 хүн оролцох болно гээд Эрдэнэт үйлдвэрт 3000 билет зарсан гэж удаа дараа ярьж хэлж байсан учир итгээд /ойролцоогоор 6,000 хүн ирэх юм байна гэж тооцоод /1 хүнийг 25,000 төгрөгийн худалдан авалт хийнэ гэж гэрээ хийсэн. Тэгээд ч захиалагч тал гэрээний 2.4-т.заасан үүргээ хагас биелүүлсэн. 6,000 үзэгчид бус 2,000 орчим үзэгчид ирсэн. Мөн Вип хэсэгт 300,000 үзэгчид бус 40 орчим үзэгчид ирсэн учир хэн хэн маань алдагдалд орсон. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Н ХХК нь 13.983.712 төгрөгийн алдагдалтай ажилласан болох нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа учир энэ хохирлоо гэрээ ёсоор шаардах эрхтэй байна. Хоёр талын амаар хийсэн тооцоо гэвэл /6,000 хүн*25.000 төгрөг=150.000.000 төгрөг гэж тооцсон юм/ Нэг хүн тус бүрийг 25.000 төгрөгийн худалдан авалт хийнэ гэсэн тооцоог гаргаад хоёр тал амаараа 150.000.000 төгрөгийн борлуулалтын орлого олж үүний 10 хувь 15.000.000 төгрөгийг захиалагчид өгөхөөр тохирсон. Гэтэл гүйцэтгэгч 37.000.000 төгрөгийн борлуулалт хийгдэж 13.983.712 төгрөгийн бэлдэц болгосон хоолоо устгаж бодит хохирол хүлээсэн. Хоёр талын гэрээний 6.2.-т талууд хариуцсан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан нөгөө талд хохирол учруулбал буруутай тал бүрэн хариуцаж хохирлыг барагдуулна гэжээ. Иймд Х хамтлагийн ахлагч Ц.Чаас 13.983.712 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Нэг нь тоглолт хийнэ, нөгөө нь тоглолтын үеэр үзэгчдэд зориулсан хоол ундыг бэлтгэх үүргийг хүлээсэн. Тоглолт хийж байгаа нэхэмжлэгч тал тоглолтод оролцож байгаа үзэгчдийг цуглуулах үүрэгтэй болохоос хариуцагч тал хоолны борлуулалт хийх талаараа сурталчлах үүрэггүй. Гэрчүүдийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэлээр тоглолтын үеэр VIP-д 58 хүн тоглолт үзсэн, нийт 65.701.000 төгрөгийн билет зарагдсан буюу нийт 2.248 билет зарагдаж, мөн тооны хүн тоглолт үзсэн байна. Н ХХК 37 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Хариуцагчийн нэр хүндийг өсгөж давуу байдал олгосон гэж 15.000.000 төгрөгийг авах ёстой мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрчийн мэдүүлэг, дансны хуулгаар бүх зүйл нотлогддог...” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/01629 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 478 дугаар зүйлийн 478.11.-д зааснаар хариуцагч “Н” ХХК /РД:2737329/-аас 7.500.000 /долоон сая таван зуу мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Чад олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.740.000 /долоон сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Н” ХХК-ийн нэхэмжлэгч Ц.Чаас 13.983.712 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.150 /хоёр зуун гучин мянга төгрөг нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 134.950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуу тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чад олгож, “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.869 /хоёр зуун хорин долоо мянга найман зуун жаран есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н давж заалдсан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаараа Ц.Чын нэхэмжлэлтэй "Н” ХХК-д хариуцагдах хамтран ажиллах гэрээний төлбөрт 15.240.000 төгрөг гаргуулах шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчлөө гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 7.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хоёр талын хамтран ажиллах гэрээний холбогдох заалтуудад хууль зүйн дагуу бодит дүгнэлт хийсэнгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 478-р зүйлийн 478.11. дэх заалтыг үндэслээд нэхэмжпэгч тал амалсан ёсоороо 6000 үзэгчдийг цуглуулсан гэсэн дүгнэлтийг хийлээ. Хуулийн дээрх зохицуулалт нь хоёр талын гэрээний алдагдлыг талууд хамтран хариуцах үүрэгтэй зохицуулалт байх бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч алдагдалд огт ороогүй, харин хариуцагч 13.0 сая гаруй төгрөгийн үнэ бүхий хоолны бэлдэцээ устгаж алдагдалд орсон байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг алдагдалд тооцлоо. Нэхэмжлэгч хариуцагч нар Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1.-д заасан гэрээг байгуулсан. Харин хоёр талын гэрээндээ мөн хуулийн 476-р зүйлийн 476.3.5. дахь заалтыг нарийвчлан тусгаагүй учир өнөөдрийн маргаан гарсан. Хоёр талын гэрээнээс харахад нэхэмжлэгч талын хүлээх үүр хариуцлагын талаар тодорхой зохицуулалт байхгүйн дээр нэхэмжлэгч "Үйлчилгээ үзүүлэх байдлаар хамтран ажилласан байх бөгөөд 6000-аас 10.000 үзэгчид талбайд цуглах бөгөөд вип хэсэгт 300 хүн үйлчлүүлнэ гэсэн тохироог амаар хийсэн гэдэгт талууд маргадаггүй бөгөөд "Х” хамтлагийн тоглолтын гол зохион байгуулагч гэх Г.Ганболдын тэмдэглэлийн дэвтрээс харахад ВИП өрөөнд 58 үзэгч, задгай талбайд 2190 үзэгчид билет зарагдсан тооцоо байгаа бөгөөд бартер болон урилга тараасан гэдэг ч хэдэн хүнд тараасан нь тодорхой биш байхад шүүх хийсвэр дүгнэлтийг хийлээ. Хуульд заасан журмын дагуу шүүх бичгийн нотлох баримтад л үндэслэж дүгнэлт хийх учиртай. Орхон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ИЛТГЭХ ХУУДАС-ны хянасан: Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Э гарын үсэг зурсан үзгээрээ 6000 орчим иргэн цугалсан гэж бичсэн хууль бус бичвэрийг шүүх үнэллээ. Тухайн оройн тоглолтыг Б.Э үзсэн эсэх нь тодорхой бус байхад, мөн билет зарсан гэж гэрчээр шүүх хуралд оролцсон Дашдэлэг /би нэг талын хаалган дээр нь машинтайгаа зогсож байсан эгч маань хуушуур зарж байсан их л хуушуур зарагдсан гэж ярьсан гэдэг. Энэ гэрчийн мэдүүлгээс харахад хаалгаар орохдоо хуушуур аваад орж ирж байгаа хүн дотогшоо ороод хариуцагчийн бэлдэж ирсэн бэлдэцээс худалдан авалт хийхгүй шүү дээ. Энэ мэтээр нэхэмжлэгч Ц.Ч хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн Иргэний хуулийн 478-р зүйлийн 478.8.-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна". Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон нотлох баримтуудаар 3.0 сая төгрөгийн ашигтай ажилласан гэдэг. Харин гэрээний үнэ гэх 15.0 сая төгрөг бол ашиг биш юм. Шүүх хуралд оролцсон хариуцагчийн ня-бо ажилтай Ц.Б 150.0 сая төгрөгийн борлуулалтын орлого хийгээд 15.0 сая төгрөгийг нь нэхэмжлэгчид өгөхөөр тохирсон гэж тайлбарлаад 37.0 сая төгрөгийн борлуулалт хийсэн болохоо тайлбарладаг. 37.0 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн гэдэгт нэхэмжлэгч тал маргадаггүй. Шүүх энэ дүнгээс тооцож төлбөр тооцоог гаргуулах боломжтой байсан. Иргэний хуулийн 480-р зүйлийн 480.1.1.-д заасанчлан 2022 оны 06 дугаар сарын 11-ний оройн 19 цагаас 12-ны шөнийн 00 цаг хүртэл үргэлжлээд хоёр талын гэрээний хугацаа дууссан. Мөн хуулийн 480-р зүйлийн 480.1.4.-т заасанчлан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлж 6000-10.000.000 үзэгчид цуглаж хариуагч 150.0 сая төгрөгийн борлуулалт хийх боломжгүй болсон гэдэгт шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/01629 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн судлан үзэж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Ц.Ч нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 15.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хоолны бэлдэц устгагдаж 13.983.712 төгрөгийн хохирол учирсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Чаас 13.983.712 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай Х хамтлаг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймагт тоглолт хийхдээ “Н” ХХК-ийн захирал Р.Атай хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, тоглолтын үеэр хоол унд, согтууруулах ундаагаар үйлчлэх манай талаас билетгүй хүнийг талбайд нэвтрүүлэхгүй байх, гаднаас архи, пиво, хоол унд оруулахгүй, согтуурсан, мансуурсан хүнийг оруулахгүй байх үүрэг хүлээсэн. Хариуцагч“Н” ХХК нь тоглолтын үеэр гэрээний дагуу ганцаараа талбай дотор согтууруулах ундааны болон хүнсний зүйлийг давуу эрхтэйгээр худалдан борлуулах, халуун хоол, вип үйлчилгээ зэргээр үйлчлэн ажилласан мөртлөө гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг хугацаандаа төлөхгүй байгаа тул алданги тооцож нийт 15.240.000 гаргуулна гэсэн шаардлагаа 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хамтран ажиллах тухай гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “манайх Х хамтлагийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тоглолтонд давуу эрхтэй борлуулалт хийх эрхийг авч хоол, уух зүйлийн үйлчилгээ явуулж, борлуулалт хийх, Х хамтлаг тоглолтын үед стадионд нэвтрэх хүмүүсийг архи, согтууруулах ундааны зүйл авч ороход хяналт тавих, тоглолтыг 6000-10.000 хүн үзнэ гэж төлөвлөсөн боловч 2000 хүн үзэж хүссэн борлуулалтын орлогоо хийж чадаагүй өөрт хохирол учирсан. Х хамтлаг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11.-т зааснаар тухайн өдөр Х хамтлагийн хэлсэн тооны буюу 6000 хүн үзээгүйгээс хариуцагч тал 37.817.500 төгрөгийн орлого олж, тооцоолсон хэмжээний орлого олж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон, их хэмжээний хоол бэлтгэж бизнесийн эрсдэлээ тооцоолоогүйгээс 13.983.712 төгрөгийн хоолны бэлдэц устгасанд хариуцагч өөрөө буруутай гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар багасгаж хариуцагч“Н” ХХК-иас 7.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чад олгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах тухай гэрээ байгуулж хариуцагч “Н” ХХК Х хамтлагийн задгай шоу арга хэмжээнд давуу эрхтэй борлуулалт хийхээр холбогдох журам, стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд үзүүлэх хоол, уух зүйлийг амт чанар сайтай, эрүүл ахуйн шаардлага хангасан зүйлсээр шинээр бэлтгэж, тоглолтонд үйлчилгээ үзүүлэхээр, харин нэхэмжлэгч тал нь Модерн Н ресторан ганцаар давуу эрхтэй алкоголь зарах боломжийг олгох, стадионд ганцаар байрлаж борлуулалт хийх, цахилгаанаар хангах, тоглолтын үеэр стадионд нэвтрэх хүн бүрийг алкоголийн бүтээгдэхүүн авч оруулахгүй, харуул хамгаалалтаар хангах зэрэг боломжоор хангах үүргийг тус тус хүлээсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээгээр гэрээний үнийн дүн 15.000.000 төгрөг байх, урьдчилгаа төлбөр гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 7.500.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлөх, талууд хариуцсан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан нөгөө талд хохирол учруулбал буруутай тал бүрэн хариуцаж хохирлыг барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талд учирсан нэмэлт зардал, илүү төлбөр, гарахгүй байсан зардал гэх мэтийг хохиролд тооцохоор тохиролцсон байна.

Талууд тоглолт 6000 хүн үзэхэд 1 хүн 25.000 төгрөгийн зүйл худалдан авна гэж тооцоолж, нийт 150.000.000 төгрөгийн борлуулалтын орлого олно, үүний 10 хувь 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгөхөөр амаар тохиролцсон гэх ба тоглолтыг талуудын тооцоолсон хэмжээний үзэгч үзээгүйгээс борлуулалтаар 37.817.500 төгрөгийн орлого орсон ба тооцоолсон хоолны зарим бэлдэц борлуулагдаагүй үлдсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн гэрээний үнийн дүнг төлөөгүй зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хамтран ажиллах гэрээний талууд нь хамтын үйл ажиллагаа явуулснаар гэрээний зорилго биелэх ба хамтран ажиллах гэрээний талууд хамтын үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаа хэрхэн хуваарилах талаар тохиролцох нь тухайн гэрээний гол нөхцөл байсан байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тооцоолсон хэмжээний хүмүүс үзэж, хоол, согтууруулах ундаа борлогдоогүйгээс хоолны бэлдэц устгагдаж хохирол /13.983.712 төгрөг/ учирсан гэж нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчийг хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй, гэрээнд тоглолтыг хэдэн хүн үзэх, катеринг үйлчилгээг хэдэн хүн авах талаар тодорхой заагаагүй, амаар ярилцаж тохиролцсон гэх боловч тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч талын гэрээнд заасан хяналт хамгаалалт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь Цагдаагийн газрын илтгэх хуудас, Зэндмэнэ хамгаалалтын албаны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүхийн тухайн тоглолтын билетийг худалдаж авсан хүн бүр хоол идэж, согтууруулах ундааны зүйл худалдаж авна гэж тооцоолж их хэмжээний хоол бэлдэж бизнесийн эрсдэлээ тооцоолоогүй, 13.893.712 төгрөгийн хоолны бэлдэц устгасанд хариуцагч өөрөө буруутай гэж дүгнэж учирсан хохирлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хариуцагч тал 37.817.500 төгрөгийн борлуулалтын орлого олж тооцоолсон хэмжээний орлого олоогүй нөхцөл байдлыг харгалзан гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 7.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдсан гомдол нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/01629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.О

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.Б

                                                    ШҮҮГЧ                                           С.У