Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд, Л.Цогтбаяр

Шүүгдэгч Б.Г-, Б.П-, Б.Б-, Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Болд-Эрдэнийн Б.Б-, Баттөрийн Б.П-, Батаажийгийн Б.Г-, Баттөрийн Б.Л- нарт холбогдох эрүүгийн  хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Б.Г-, 

Монгол Улсын иргэн, Ч овогт Б.П-, 

Монгол Улсын иргэн, Ш овогт Б.Б-, 

Монгол Улсын иргэн, Ч овогт Б.Л-, 

Шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн А сумын - дүгээр багийн нутаг -гэх газраас иргэн Ж.Ц-ын 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан 10.300.000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн А сумын - дүгээр багийн нутаг -гэх газраас хохирогч Ж.Ц-ын 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан 10.300.000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн А сумын  Эрхэл нуурын урд талд байрлах Царын үзүүр гэх газарт өөрийн адуучин Амарбатын Б.Г-ийнд байж байтал тэр нутгийн Шагай гэж дууддаг хүн ирээд “айлын хашаан дээр шувуу үймээд байхаар нь очсон чинь 3 тооны адуу нядалсан байна. Танай адуу мөн юм шиг байна” гэхээр нь. Эрхэл нуурын ард талын уулын ард байх Отгон гэж айлын эзэмшлийн хаваржаан дээр яваад очсон чинь тэр хаваржаан дээр 1 тооны хонгор, 1 тооны хүрэн гүү, 1 тооны улаан буурал адуу нядлаад арьс шир, толгой, шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан. Хрээ шувуу үймсэн байдалтай байсан. Тэгээд би тэр адууны толгой, арьс ширийг нь хараад өөрийн адуу мөн болохыг нь таниад энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч Сэнгэравданд гар утсаар мэдэгдсэн. …Тэгээд би Цагдаагийн байгууллага дээр ирээд Очирхуяг дэд хурандаатай яваад мах зарсан Энхболд /Шонхоо/ гэдэг ченжийнд очиход тэр ченж “би тэр адууны махыг Б.П- гэдэг залуугаас худалдаж авсан. Очоод гэрийг нь заагаад өгье” гэж хэлээд тэр айлаа зааж өгсөн. ...Тэдний гэрээс цустай сүх, цустай цагаан өнгийн мяндсан олс, хар өнгийн гар станц, цустай пүүз зэрэг эд зүйл хурааж авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-31-р тал/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баттөрийн Б.П- гэж хүн танина. Б.П-ын ах нь миний төрсөн дүү Оюунгэрэлийн нөхөр бөгөөд би Б.П-тай худ ургийн харилцаатай. ... Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гадуур явж байтал манай эхнэр Адилбишдоржсүрэн над руу залгаад “Б.П- мах авчирлаа, нэг адууны мах байна авах юм уу” гээд надаас асуухаар нь би “ав, ав” гэж хэлээд гэртээ яваад очтол Б.П- 1 тооны адууны мах саарал өнгөтэй жижиг автомашин дээр ачаад ирчихсэн байсан. Тэгээд тэр адууны махыг жинлэж үзэхэд 220 кг гаруй жинтэй болж байсан бөгөөд 1 кг-ийг нь 3500 төгрөгөөр бодож Б.П-аас худалдаж авсан. Б.П-ын надад зарсан адууны мах нойтон мах байсан. Худалдаж авсан тэр адууны мах нь хаа гуя, өвчүү, хүзүү байсан бөгөөд арьс шир, шийр толгой, арьс үгүй байсан. Би тэр адууны махыг худалдаж авахдаа гарал үүслийн бичгийг асуухад “гарал үүслийн бичиг авч чадаагүй” гэсэн бөгөөд Б.П- надад зарахдаа “Улаан-Уулаас аавынхаасаа очиж нэг адуу авлаа” гэж ярьж байсан. Би Б.П-аас 320.000 төгрөгөө нэхэмжпэх саналтай байна. Би тэр мөнгөө авчихвал надад өөр гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-37-р тал/,

Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Нарангэрэлийн Энхболд гэдэг хүнийг Шонхоо гэдэг нэрээр нь танина. Би Н.Э-той наймаа хийж явахдаа одоогоос 2-3 жилийн өмнө тааралдаж танилцсан. Н.Э- надад хааяа нэг мал мах зардаг. ... Би өнөөдөр Н.Э- /Шонхоо/-оос нэг адууны мах худалдаж авсан. Өнөөдөр намайг Далай ээж зах дээр байж байтал Н.Э-ын эхнэр нь гэх нэг эмэгтэй 89616633 тоот дугаараас над руу залгаад “адууны мах байна, авах уу” гэхээр нь би гэрийнх нь хаягаар очоод нэг адууны мах худалдаж авсан. Миний худалдаж авсан тэр адууны мах нь хоёр гуя, хоёр хаа, нэг өвчүү, нэг хүзүү зэрэг мах байсан бөгөөд нийт 227 кг жинтэй мах байсан. Би тэр адууны махыг 1кг- ийг нь 3700 төгрөгөөр бодож авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 32-34-р тал/,

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний дүү Б.Г- ширүүн түргэн ууртай хүн, архи дарс нэг их хэрэглэдэггүй, гэхдээ хааяа нэг найз нөхөдтэйгээ архи дарс уух тохиолдол байдаг. Миниий мэдэхээр урьд өмнө нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан тохиолдол байхгүй. Б.Г- хувьдаа хэдэн малтай... Би өдрийг нь сайн санахгүй байна. 11 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Миний төрсөн дүү Б.Г- нь манайд өөрийн Стана маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр шөнө 02:00 цагийн үед өөрийн найз Лхагва залуутай идэш хийнэ гэж ирсэн...Оройны 17 цаг өнгөрч байхад арьс шир, махыг нь өөрийн машиндаа ачаад явсан...Б.Г- манайд нэг их юм ярих зав болоогүй...Надад өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/

Гэрч М.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Жүгдэрийн Цогт нь надтай ахаараа дамжуулан 2014 онд танилцан утсаар холбогдоод надаас буурал зүсмийн даага 5.000.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Тухайн үед буурал даага хөндөлтэй бууль тамгатай байсан. Цогт гэх хүн аваад ямар им тамга дарсаныг мэдэхгүй байна. Уг буурал даага нь Пегас нэртэй Араб болон Дони цэвэр цусны азарганы төл ба буурал дааганы эх нь Монгол адуу байсан юм...Цогтоо надаас нутаг усандаа хурдан удмын бий болгох үржлийн зорилгоор худалдан авч “адуундаа азарга тавина” гээд явж байсан юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Мөрөн сумын 14 дүгээр хороонд байх гэртээ байж байтал манайд Б.П- орж ирээд “гадаа хүн ирчихсэн, чамтай уулзъя гэнээ” гэхээр нь гартал Б.Г- /Зоёо/ машинтайгаа ирчихсэн байсан. Б.Г- ах надад “хүнсэнд явах гэж байна, хамт явалцаад өгөөч” гэхээр нь би “за тэгье” гэж хэлчихээд Б.П-тай цуг гэрт нь очсон. Тэгээд Б.Г- ах Б.Л- /Б.П-ын ах/-тай гадаа уулзчихаад явсан. Тэгээд байж байтал Б.Г- ах мотоциклио аччихсан Стана маркийн автомашинтайгаа ирсэн.... Бид нар Хужиртын даваан дээр пиво ууж байгаад “ганц үхэр цохиё” гэж ярьцгаагаад цаашаа хөдөлсөн. Тэгээд мотоциклио буулгаж аваад Б.П- бид хоёр мотоцикльтойгоо явж байтал нуурын урд талд адуу байсан. Бид хоёр тэр адуунаас нэгийг бариад авъя гэсэн чинь баригдахгүй байхаар нь цааш тууж айлын эзгүй өвөлжөөний хашаа руу аваачсан...Бид нар гурван адуу нядалсан бөгөөд эхний барьж авсан буурал адууг Б.П- бид хоёр нядалсан. Дээвэртэй хашаан дотор унагасан нэг гүүг Б.Г- ах, Б.Л- ах хоёр янзалсан. Тэгээд үлдсэн нэг гүүний арьсыг нь хуулаад эхэлчихсэн байсан...Тэгэхэд цаг хэд болж байсныг мэдэхгүй 23:00 юм уу 00:00 цаг болж байсан байх, гадаа сартай байсан... Би өөрийн үлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р тал/

Шүүгдэгч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Г-ийн идшийг хийлцэхээр Б.Г- /Зоёо/, Б.Б-, өөрийн ах Б.Л- нарын хамт явсан...Тэгээд Эрхэл нуурын урд талын асгатай ууланд 20-иод тооны адуу байхаар нь тууж эзэнгүй өвөлжөөний хашаанд хашаад гурван тооны адууг бугуйлдан авч хашаан дотор нядалсан...Тэр махыг ачиж оруулж ирээд Б.Г-ийн дүүгийн хашаанд 1 дүгээр хороонд хураасан байсан. Би маргааш өглөө нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өглөө Б.Г-ийн дүүгийн хашаанаас очиж нэг адууны махыг нь аваад Шонхоо гээд ченжид 750.000 төгрөгөөр зарсан. Би Шонхоо гэх ченжид 120.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд тэр мөнгөө суутгасан. Тэгээд мөнгөө дөрвүүлээ тэнцүү хуваасан бөгөөд нэг хүнд 150.000 орчим төгрөг оногдсон...Би ашиг олох зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Яагаад гэвэл би Шонхоо гэх ченжид өртэй байсан бөгөөд охин маань хатгаа авсан эмнэлэгээр явж байсан болохоор надад мөнгө хэрэгтэй болсон...”гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р тал/

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдрөө бид гурав идшинд явахаар тохироод би харьчихаад явахдаа ирээд авъя гэсэн чинь Б.П- миний араас гарч ирээд машин дотор суугаад “таны идшээ хийх далимаар ирэх замаараа ганц нэг мал төхөөрөөд аваад ирэх боломж байна уу” гэхээр нь би “харан байж болъё” гэж хэлсэн...Нядлаад янзалж байхдаа Б.П-, Б.Б- нар “азарга байсан байна” гэж ярьж байхыг нь би сонссон. ... би машин тэрэгнийхээ түлшний мөнгийг олох санаа байсны хар гайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн. Надад санал хүсэлт байхгүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би хохирлыг бүрэн төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг / хх-ийн 89-90-р тал/,

Шүүгдэгч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Замдаа Хужиртын даваан дээр гараад пиво ууцгааж байгаад тэр гурав “энд хэдэн адуу явж байна, эндээс хүнсээ авчихъя л даа Б.Г- ах” гэж ярьцгаасан.Б.П-, Б.Б- хоёр 30-аад тооны адуу мотоцикльтой тууж ирсэн. Тэр адууг бид нар хаваржааны хашаанд хашаад эхлээд өндөр буурал морийг Б.П- бугуйлдаж барьж аваад Б.П- сүхээр цохиж унагаасан, дараа нь нэг хүрэн байдас барьж аваад сүхээр цохисон, тэр байдсаа унагаагаад бас нэг хул байдас унагаагаад сүхээр цохиж унагаасан байсан. Би тухайн үед айгаад сандраад нэг их дөхөөгүй...Маргааш нь Б.П- бид хоёр нөгөө гурван адууныхаа том адууны махыг нь Мөрөн сумын 14 дүгээр хороонд байдаг Энхболд гэдэг ченжид  770.000 төгрөгөөр зараад надад 200.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь Б.П- аваад явсан...Би тэр адууг хэний адуу гэдгийг нь мэдээгүй...Би тухайн үедээ л гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн..Би тэр адууг нядлаад зараад хэдэн төгрөгтэй болчихъё гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р тал/

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р тал/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 50-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нар нь бүлэглэж,  2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн А сумын - дүгээр багийн нутаг -гэх газраас хохирогч Ж.Ц-ын 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан 10.300.000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.

      Шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх 9.760.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус   тооцлоо.

    Шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос шүүгдэгч Б.Г- нь 2.575.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Б.Баасанүрэн нь 900.000 төгрөгийн хохирлыг төлж,1.675.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  шүүгдэгч Б.П- нь 2.575.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Б.Л- нь 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж,1.575.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал зэргийг хараглзан үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

              Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.  

              Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1838008660420 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, цагаан өнгийн мяндсан олс 1 ширхэг зэргийг устгаж, радио долгионы станц 1 ширхэгийг шүүгдэгч Б.П-т буцаан олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

              Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх шүүгдэгч Б.Г-ийн зээмшлийн - улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн автомашин, улсын дугааргүй, гэрчилгээгүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг шүүгдэгч Б.Г-т буцаан олгож шийдвэрлэсэн болно.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараах байдлаар шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй. Үүнд: Шүүгдэгч Б.П-аас 2.575.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-гээс 1.675.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Л-аас 1.575.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Ц-од, шүүгдэгч Б.П-аас 160.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Л-аас 160.000 төгрөгийг тус, тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Э-од олгох нь зүйтэй.

              Мөн шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г- нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ШүүгдэгчБ.Г-, Б.П-, Б.Б-, Б.Л нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 1838008660420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүх 1 ширхэг, цагаан өнгийн мяндсан олс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, радио долгионы станц 1 ширхэгийг шүүгдэгч Б.П-т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх шүүгдэгч Б.Ганзоригийн зээмшлийн ... улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн автомашин, улсын дугааргүй, гэрчилгээгүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг шүүгдэгч Б.Г-т буцаан олгосугай.

8. Эрүүгийн 1838008660420 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г- нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.П-с 2.575.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-с 1.675.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Л-с 1.575.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Ц-д, шүүгдэгч Б.П-с 160.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Л-с 160.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Э-д олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Б.П-, Б.Г-, Б.Л- нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР