Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 223

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06-р сарын 14                  Дугаар 223                                           Баруун-Урт                    

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16-р хороо Хилийн 0288 дугаар ангийн нэхэмжлэлтэй,      

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт оршин суух Дагва овогтой Энхтүвшинд холбогдох

 

“Хүнсний ногооны үнэ 2 105 500 төгрөг болон бусад зардалд 174 200 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хилийн 0288-р анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхтүвшин нь манай ангиас өөрийн төрсөн дүү Д.Эрдэнэбилэгээрээ дамжуулан 2014 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,1 сая төгрөгийн төмс, хүнсний ногоо аваад одоо болтол мөнгийг нь төлөөгүй. Энэ хугацаанд ангийн төлөөлөл 2 удаа очиж уулзсан, мөн албан бичиг хүргүүлж, өр зээлээ барагдуулах талаар шаардахад би төлнөө гээд сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Иймд Д.Энхтүвшинээс 2 105 500 төгрөг болон бусад зардал 174 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Хилийн 0288-р анги нь 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн 1-12/146 дугаартай албан тоотондоо Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багт оршин суух Давгын Энхтүвшин нь тус ангиас нэхэмжилсэн 2 105 500 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулсан. Бусад зардал 174 200 төгрөгийг харилцан тохиролцож авахаар шийдвэрлэсэн тул өөр ямар нэг төлбөрийн тооцоогүй болно гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16-р хороо Хилийн 0288 дугаар анги нь Давга овогтой Энхтүвшинээс 2 105 500 төгрөг болон бусад зардалд     174 200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Энхтүвшин нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 105 500 /Хоёр сая нэг зуун таван мянга таван зуу/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба хариуцагчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хилийн 0288-р анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2 105 500 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 48 638 төгрөгний 50 хувь болох 24 319 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Хилийн       0288-р ангийн 2 105 500 төгрөг болон бусад зардалд 174 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Давга овогтй Энхтүвшин нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хилийн 0288-р анги нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 48 638 төгрөгийн 50 хувь буюу 24 319 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ