Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2023/00011

 

 

О.Үгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Хад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01495 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Үгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Хад холбогдох,

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч О.Үгаас 48.074.501 төгрөг гаргуулах, О аймаг Б сумын Ц баг 7-8-... тоот орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч Б.Хын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Б.Х нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэжмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, Б.Б, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О.Ү нь иргэн Б.Хаас 2018 оноос эхлэн мөнгө зээлж эхэлсэн ба нийт цувуулан 282,978,500 төгрөг зээлсэн бөгөөд цувуулан буцааж төлөөд дуусгасан. Хамгийн сүүлд зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгасан боловч зээлийн барьцаанд авсан О аймаг Б сум Ц багийн 7-8-... тоот өөрийн орон сууцыг буцаан авахыг хүсэхэд зээлийн хүүнд тооцож авна, буцаан өгөхгүй гэсэн учир шүүхэд хандаж байна. Анх мөнгө зээлдэх үед ямар ч барьцаагүй байсан ба зээлсэн мөнгөө цувуулан өгч байгаатай холбоотой, сүүлдээ зээлийн хүү төлөх ёстой гэж өмгөөлөгч дүүгээ дагуулан ирж, намайг элдвээр дарамтлан айлгаж байгаад, нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Би өөрийн орон сууцыг худалдаагүй учир дээрх хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд зээлийн барьцаанд байсан орон сууцыг буцаан авах хүсэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 тоот бүртгэлийн дугаартай худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Төлөөлүүлэгч О.Ү нь иргэн Б.Хаас 2018 оноос эхлэн мөнгө зээлж эхэлсэн ба нийт 282.978.500 төгрөгийг цувуулж зээлсэн бөгөөд цувуулан буцаан төлөөд дуусгасан. Хамгийн сүүлд зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгасан. Б.Х өөрийн дүү өмгөөлөгч гэх бүсгүйг дагуулж ирээд зээлсэн мөнгөнд барьцаа авах ёстой гээд, багагүй дарамт шахалт үзүүлээд аргагүйн эрхэнд өөрийн байрыг шилжүүлсэн байдаг. Тухайн байрыг худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй, уг хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл байдаг. Сүүлд өр зээлээ барагдуулаад Ү байраа авъя гэхэд Х хүү төлөх ёстой гэсэн байдаг. Анхнаасаа талуудад хүү төлөх, барьцааны асуудал яригдаагүй учраас байраа буцаан шилжүүлэхийг шаардахад буцаан шилжүүлээгүй учраас шүүхэд хандсан. Иймд зээлийн барьцаанд байсан орон сууцыг буцаан авах хүсэлтэй байх тул 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 тоот бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хариуцагч Үг 203.000.000 төгрөг өгсөн гэх зүйл ярьж байна. Шүүхийн журмаар гаргаж өгсөн нотлох баримтаар Үгаас 287.000.000 төгрөг хариуцагчийн дансанд орсон. Иймд 203.000.000 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Хариуцагч хэлэхдээ бидний хооронд хүүгийн харилцаа үүссэн гэж тайлбарлаж байна. Энэ талаарх чат байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Анхнаасаа хүү барьцааны асуудал байгаагүй, өгч авалцсан мөнгө тоогоо алдсан. Худалдах, худалдан авах харилцаа талуудын хооронд огт үүсээгүй. Харин энэ байрыг чинь авна, чи зээл төлөх ёстой, барьцаа өгөх ёстой гэсэн байдлаар хандсан байдаг. Ингээд барьцаа өгч болно гэсэн асуудал яригдсан болохоос биш талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зүйл байхгүй. Талуудын хооронд бичгээр гэрээ огт байгуулагдаж байгаагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Талуудын хооронд ямар харилцаа үүссэн талаар дүгнэлт хийх нь зүйтэй байна. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх гэж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгө авсан, өгсөн харилцаа байдаг. Зээл эсэхэд эргэлзээтэй. Монгол хэлээр ойлгож уншихад хүндрэлтэй чат байдаг. Уг чат бол хэргийн бүх зүйлийг хэлээд өгч байна. Өдөр тутам мөнгө гаргадаг. Нөгөө нь хүү нэртэй буюу хоногийн 10.000 төгрөг, 20.000 төгрөг, 30.000 төгрөг, 40.000 төгрөг, 100.000 төгрөг гэдэг байдлаар өгдөг харилцаа үүссэн байна. Үүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасантай дөхүүлж ойлгох гээд үзье. Мөнгө өгч авалцсан сонирхол нь үнэндээ мөнгө хүүлэлтийн хэлбэр. Хууль ёсны харилцаа байна уу гэж үзэхээр тийм асуудал байхгүй. Дансаар мөнгө өгч авалцсан харилцааг аваад үзэхээр Иргэний хуулийн 281-т заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө, түүнтэй ижил шинжээр тодорхойлогдох зүйлийг шилжүүлэх гэсэн байна. Зээлийн гэрээний гол ойлголт нь мөнгө өгсөн бол буцааж мөнгө авах ойлголт юм. Уг хүмүүсийн дансаар 317.268.500 төгрөг шилжсэн байна. Давхардаж байгаа зүйлийг тайлбарлах хэрэгтэй. Хуудас дээр тэмдэглэл хийхдээ хоёр нүүр дээр хоёр гурван дансны хуулга ижил мөнгөн дүнг тэмдэглэсэн байдаг. Өөрсдөө ялгаж салгаад өгсөн эсэх талаар мэдэхгүй байна. Бид 268.500.000 төгрөгийг нэг бүрчлэн бичсэн байгаа, гэхдээ нөгөө талаас бичсэн гэж үзээд гаргаж өгөөгүй. Хаана аль хуудсанд ямар мөнгөний хуулга байгаа гэсэн тооцоо байгаа. Харин уг мөнгөн дүнгээс танайд ороогүй байна гэж мэтгэлцэх мэтгэлцээн явахад хүндрэлтэй байгаа. 317.268.500 төгрөгийг зээл гэж хариуцагч зөвшөөрч байна. Гэтэл уг мөнгөнөөс 287.154.600 төгрөгийг төлсөн хуулгыг шараар тодруулж тэмдэглэсэн байгаа, зөрүү нь 29.753.900 төгрөг болж байгаа юм. Үүнээс 26.000.000 төгрөгийг Ү зээлээгүй гэж ярьдаг. Миний байр 26.000.000 төгрөгийн барьцаанд байсан, тэрийг төлөөд миний байрыг авчихсан юм. Тэр мөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох юм бол буцааж өгөх үүрэг надад байгаа, тэр зээлийн харилцаа байгаагүй гэж тайлбарладаг. Нөгөө тал зээлсэн гээд зээлийн үнийн дүнд оруулаад байгаа учраас 317.268.500 төгрөгийн асуудал яриад байгаа юм. Уг 26.000.000 төгрөг дээр одоо хүү тооцоод яриад байдаг. Гэтэл уг мөнгө нь зээл чөлөөлсөн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл 26.000.000 төгрөгийн хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй гэсэн тооцоо байхгүй, 05 дугаар сарын 25-ны өдөр ....000.000 төгрөг зээлсэн асуудал тавьсан байдаг. Уг агуулга нь үндэслэлгүй бөгөөд 05 дугаар сарын 25-ны өдөр эдгээр хүмүүсийн хооронд 26.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Өөр мөнгөн дүн байхгүй буюу ....000.000 төгрөг зээлсэн процесс байхгүй. Худалдах, худалдан авах гэрээний гол шинж нь барааг худалдан аваад худалдан авагч тал үнийг төлөх зохицуулалттай. Ингэж байж худалдах, худалдан авах гэрээг жинхэнэ хүсэл зоригийн илэрхийлэлтэй гэж үздэг байна. Өмнө нь 87.000.000 төгрөгийн өр байсан гэж байгаа байдлаа хариуцагч тал нотлоогүй буюу 87.000.000 төгрөгийн өрнөөс 75.000.000 төгрөгт тооцож авч байгаа гэсэн байдал нотлогдоогүй. Иймд худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хүү тооцсон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Талуудын хооронд маш олон удаагийн гүйлгээгээр мөнгө шилжсэн байдаг. Энэ мөнгө тус бүр дээр хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай вэ гэсэн зүйл байхгүй. Хүүтэй өгсөн гэдгээ нотолж байна гээд чат уншуулж байна. Хүүд нь 40 төгрөг, 60 төгрөг, 100к гэсэн үгийг бичсэн. Энэ нь хэдэн хувийн хүүтэй ямар учиртай мөнгө вэ гэдэг ойлголт авах боломж байхгүй. Жишээ нь 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 26.000.000 төгрөгийг хэдэн хувийн хүүтэй зээлсэн, хэдэн төгрөгийг хэдний өдөр буцааж авахаар тохирсон бэ гэдэг нь байхгүй. Хүүтэй мөнгө зээлсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Өгсөн авсан мөнгөний хувьд 29.126.850 төгрөгийн зөрүү гардаг, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй гэж үзэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч О.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би О.Үд 2012 оноос эхлэн мөнгө зээлж, хугацаандаа буцаан төлдөг байсан. ...2022 онд хэдэн хоногийн зайтай 5,10,15 сая төгрөгөөр ойр ойрхон зээлэхээр удаа дараа надаас гуйгаад шалсан. Би тухайн үед энэ их мөнгийг чи юунд ингэж ашиглаж байгаа талаар удаа дараа асуухад би банкны эдийн засагчтай хамтарч цалингийн зээл хааж, дансны хуулга гаргах, банкны баталгаа гаргах, тэтгэврийн зээл хаах гэх зэргийн ажлыг хийж байгаа гэж надад хэлж итгүүлсэн. О.Үд 2022 онд 43 удаагийн гүйлгээгээр нийт 284.640.000 төгрөгийг зээлүүлсэн. ... О.Үгийн нөхөр болох Эрдэнэсайхан өөрөө надтай утсаар холбогдон эхнэр маань маш их хэмжээний өрөнд орчихсон байна, зөндөө хүмүүст өртэй болсон байна, мөнгө авсан хүмүүстэй нь уулзаж байна, чиний мөнгийг өгч чадахгүй болоод байна, уулзаж ярилцаж шийдэлд хүрье, яаж төлөх боломж байгаа талаар уулзаж ярилцъя" гэж холбогдсон. Манай гэрийн гадаа ирж 284.640.000 төгрөгөөс Үгийн өгсөн зээлийн төлбөрийг хасаж мөн өмнө онд зээлсэн мөнгөний үлдэгдэл зэргийг нэгтгэн нийт надад өгөх мөнгө 113 сая төгрөг болсон гэдгийг хэн аль нь зөвшөөрсөн мэдэж байсан. Ү болон түүний нөхөр Эрдэнэсайхан нар мөнгө зээлж авсан нь үнэн, мөнгөө одоо өгч чадахгүй маш хүнд нөхцөл байдалд орчихлоо, чи ойлгооч, ярилцъя, шийдэлд хүрье, бидэнд байр байгаа байрны зээлийн үлдэгдлээ хаагаад авсан мөнгөндөө байраа шилжүүлэн өгье гэдэг саналыг тавьсан. ...Байрны зээлийн үлдэгдэл 26 сая орчим төгрөг байгаа гэж хэлсэн, үүнийгээ ч сайн ярилцаж би дахин нэмж мөнгө олох арга чарга хайсан. Байрны гэрчилгээг банкны зээлээс чөлөөлөхөд надад 26 сая төгрөг бэлэн байхгүй байсан тул 2022 оны 05 сарын 24-нд өөрийн нөхөр болон Нямсүрэнгээр цалингийн зээл 8.000.000 төгрөг нэмж авахуулсан. Охин Н.Эгийн хадгаламж цуцалж 3.000.000 төгрөг цуглуулж, үлдэгдэл 14 сая төгрөгийг Загдсүрэнгээс хүүтэй мөнгө зээлж авч бүрдүүлэн О.Үд шилжүүлсэн. Өмнөх оны /11 сая+2.1 сая/ 13.1 сая төгрөгийн үлдэгдэл, 2022 оны үлдэгдэл 74 сая төгрөг дээр, байрны зээл хааж байгаа 26.000.000 төгрөг болж байгааг ярилцаж, нийт 113 сая төгрөгөөс, 75 сая төгрөгөнд тухайн байрыг тооцож хасахаар тохирсон. 113сая-75сая=... сая төгрөг үлдсэн. Үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан. ... ....000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 хувийн хүү тооцож байхаар зөвшөөрч О.Үтай бичгээр гэрээ хийсэн. ...татварын 1,5 сая төгрөгийг хувааж төлөхөөр болж гэрээг байгуулсан. Төрийн банкинд 26.000.000 төгрөгийн байрны үлдэгдлийг хааж, баримт бичгээ аваад Оргил супермаркетын байранд байрлаж буй Төрийн банкинд очиж байрны ордерыг хамт очиж авсан. ... О.Үгийн нэхэмжлэлд "намайг элдвээр дарамтлан айлгаж байгаад гэрээ хийсэн гэж дурдсанаар дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, тийм зүйл огт болоогүй. Бид харилцан тохиролцож, зөвшилцөж ярилцаж шийдвэр гаргасны дүнд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г гарын үсэг зурж, тухайн хэлцлийг гэрчлэх хуулиар бүрэн эрх олгогдсон этгээд болох нотариатаар тамга дарж баталгаажуулан байгуулсан, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж харилцан тохиролцсоны дагуу хийгдсэн. Иймд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн байгаа тул О.Үгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч О.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

О.Үд 2022 оны байдлаар 43 удаагийн үйлдлээр 284.640.000 төгрөгийг зээлдэж байсан. О.Ү надад зээлээ боломжоороо төлж байсан ба тооцож үзэхэд 203.100.000 төгрөг өгсөн байсан, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 87.100.000 төгрөгийн үлдэгдэл байсан болохыг түүний нөхөр О.Этай хамт уулзахдаа тооцож гаргасан юм. Би О.Ү, О.Э нартай уулзахад надад 75.000.000 төгрөгт тооцоод Хөүп таун байрны 7-8-... тоот орон сууцаа зарж 87,100,000 төгрөгийн зээлнээс хасна, үлдсэн 12.100.000 төгрөг дээр орон сууцны зээлийн үлдэгдэл 26.000.000 төгрөгийг намайг төлчих, 26.000.000+12.100.000=....000.000 төгрөгөө /100.000 төгрөгийг нь хасаад тоогоо тэгшилье гэж тохиролцсон/ 4 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Би О.Үд өгөх 26.000.000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд нөхөр Г.Нгээр 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 1.3 хувийн хүүтэй 15 сая төгрөгийн цалингийн зээлийг авахуулаад урьд байсан зээлийг нь хаалгаж, охин Н.Эгийн Худалдаа хөгжлийн банкны 466021199 тоот хугацаагүй хадгаламжийг цуцалж 3.485.440 төгрөгийг нэмж аваад, маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г.Нгээс миний Хаан банкны данс руу 11.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн би Д.Згээс 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 14.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж аваад, Г.Нгээс авсан 11.600.000 төгрөг болон надад байсан мөнгөн дээрээ нэмээд О.Үд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 26.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Миний О.Үд шилжүүлж өгсөн 26.000.000 төгрөг нь түүний Хөүптаун байрны 7-8-... тоот орон сууцны зээлийн үлдэгдлийг хаах зорилгоор авсан ба би түүний данс руу шилжүүлээд бид хоёр хамтдаа банкинд очиж зээлийг нь хаасан юм. Би одоо О.Үд зээлүүлсэн 26.000.000 төгрөг дээр урьдны тооцооны үлдэгдэл 12.000.000 төгрөг, нийт ....000.000 төгрөгнөөс О.Ү нэхэмжлэл гаргахаас 4 хоногийн өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн тул 33.000.000 төгрөгийн хүүнд 7.920.000 төгрөг, мөн Г.Нгийн банкинд төлсөн хүүнд Худалдаа хөгжлийн банкинд 122.552 төгрөг, Голомт банкинд 608.349 төгрөг буюу нийт 730.901 төгрөг, Д.Згээс авсан 14.000.000 төгрөгийн хүүнд 3.360.000 төгрөг буюу үндсэн мөнгө 33.000.000 төгрөг дээр хүүнд 12.010.901 төгрөг төлөхөөр байна. Мөн би Г.Агаас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 9.640.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай аваад О.Үд 10.700.000 төгрөг болгон шилжүүлсэн, би Г.Агаас авсан мөнгөний хүүгээ төлөөд явж байгаа ба хүүнд 2.313.600 төгрөгийг төлж байна. Би дээрх зээлийн хүүг одоог хүртэл төлж байгаа цаашид ч хугацаа нь дуустал төлөх тул О.Үгаас үндсэн зээлд 33.000.000 төгрөг бусад хүн, банкинд төлсөн хүүнд нийтдээ 14.324.501 төгрөгийг нэмээд нийтдээ 47.324.501 төгрөгийг шаардах эрх үүсч байгаа юм. Түүнчлэн би О.Үгийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварт 750.000 төгрөгийг өгсөн ба энэ мөнгөө нэмж нэхэмжилнэ. Иймд О.Үгаас үндсэн зээл 33.000.000 төгрөг дээр татварт төлсөн, 750.000 төгрөг, банк болон бусад хувь хүнд төлсөн зээлийн хүүнд 14.324.501 төгрөг, нийт 48.074.501 төгрөгийг гаргуулж, О аймаг Б сум Ц баг 7-8-... тоот орон сууцнаас О.Үг албадан гаргаж, чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Ү сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч хариуцагч бид нар бие биедээ мөнгө өгч авч байсан байдлыг тодорхой бичих нь зүйтэй байх гэж бодлоо. Яагаад гэвэл маш худлаа сөрөг нэхэмжлэлийг бичсэн байна. Би Б.Хаас 2018 оноос 2022 оны хооронд 283.478.500 төгрөгийг авсан ба Х нь надаас 283.613.800 төгрөгийг авч, бидний хооронд бие биедээ ямар нэгэн өр төлбөргүй болсон билээ. Хамгийн сүүлд 2022 оны 05 дугаар сарын 16-нд 18.000.000 төгрөг авсны дараа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг дуудаж, бүх зээлээ төлж дуустал миний орон сууцыг барьцаалмаар байна гэсэн. Уг орон сууц 26.000.000 төгрөгийн барьцаанд байгаа гэтэл түүнийг чөлөөлж, өөрийн нэр дээр барьцаална гэсэн. Ингээд орон сууцны барьцааг Х 26.000.000 төгрөгийг төлж чөлөөлсөн нь үнэн Үүний дараа хэд хонож байхад сүүлд өгсөн мөнгө буюу орон сууц чөлөөлсөн мөнгөнд хүү тооцно гээд 6 сарын хугацаатай 4 хувиар сар бүр хүү төлж, төлбөрийг барагдуулна гэж гарын үсэг зуруулсан. Үүний дараа 3 банкаар өгч авсан мөнгөө би тооцож үзтэл түүнд 5.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Иймээс уг мөнгийг төлөөд орон сууцаа буцаан өг гэтэл өгөхгүй, би чамаас 75.000.000 төгрөгийг хүүнд тооцож авна гэх болсон учир шүүхэд хандсан. Шүүхэд тайлбар гаргахдаа 75.000.000 төгрөгийн өртэй байсан мэт тайлбарлаж, орон сууцыг худалдан авсан гэж байгаа нь ор үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Иймд 48.074.501 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг би худалдаагүй учир албадан гаргах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

Талуудын хооронд Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1.-т худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Нэг талаас биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг шилжүүлэх, нөгөө талаас гэрээгээр харилцан тохиролцсон үнийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээдэг. Энэ утгаар худалдан авагч буюу Х нь харилцан тохиролцсон 75.000.000 төгрөгийг О.Үд төлсөн. Энэ талаар хэрхэн төлсөн нь гэрээний 3.2-т тусгасан. Аливаа гэрээнд төлбөрийг төлөхдөө дансаар эсхүл бэлнээр, бэлэн бусаар, вальютаар төлөх үү гэдгийг харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах санал гарсан. Тухайн саналыг Х хүлээн авч гэрээ байгуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгч дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулсан гэх зүйл ярьж байна, гэрээнд яг одоо гарын үсэг зур, ингэ тэнгэ гэж дарамталсан зүйл байхгүй. Энэ нь 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд яригдаж байгаа процесстой асуудал. 05 дугаар сарын 23-ны өдөр Ү санал гаргаад энэ талаар талууд бодолцоод маргааш нь ярилцъя гэсэн. Ү мөн зээлийн төлбөр 26.000.000 төгрөгийг судлаад хариу өгье гэдэг байдлаар маргааш нь худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэж зөвшилцсөний үндэс дээр хоёр хоногийн дараа 05 дугаар сарын 25-нд нотариат уулзаж, уг гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-т талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан. Гэрээ байгуулах явцад гэрчлэх эрх бүхий этгээд нотариатч нь энэхүү гэрээний үр дагаврыг тайлбарлаж, тодруулсны үндэс дээр талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх процессын хувьд уг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зүгээр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай. Тухайн гэрээг байгуулснаар өмчлөх эрх шууд шилжиж байгаа тохиолдол биш. Нотариатаар гэрчлүүлж байгаа, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байгаа бүх процесс дэс дарааллын хүрээнд явж байсан. Өмнө нь уулзаад нотариат дээр очиж, гэрээ байгуулж, татварын хэлтэс дээр очиж төлбөрөө судалж, нотариат дээр очиж байна, улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаад хэд хоногийн дараа гэрчилгээгээ авч байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч Ү гэрээ хэлцэл хийх санал санаачилгыг гаргаад гэрээ хэлцэл байгуулсан. Тухайн үед ямар нэгэн дарамт шахалтад орсон, гэрээний үр дагаврыг ойлгоогүй бол процесс ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байсан. Иймд уг хэлцлийн учир холбогдлыг ойлгож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэдэг нь харагдаж байна. Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгч Хад үүсэж, Үгийн өмчлөх эрх дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгчийн тайлбар дээр барьцааны талаар дурдаж байна, нэхэмжлэгч нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн гэрээний барьцаанд тавьсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон буюу барьцааны зүйлийг барьцаанд тавьсан талаарх холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар барьцааны гэрээ бичгээр хийгдсэн байхыг шаарддаг. Бичгээр хийсний дараах холбогдох эрх бүхий байгууллага буюу барьцааны эрсдэлийн санд бүртгүүлэх юм. Ингэж байж уг гэрээ хүчин төгөлдөр байна, эдгээр шаардлагыг хангаагүй бол барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Ү 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ анх зээл авах үед барьцаа байгаагүй талаар бичсэн. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дарамт шахалт хүч хэрэглэсэн гэж тайлбарлаад нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүр үзүүлсэн хэлцэл гэж үзээд байна. Ямарваа нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн, айгаад заналхийлэлд өртсөн учраас уг гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Тийм бол хэрхэн яаж хүч хэрэглэсэн бэ? бие махбодид шууд халдсан уу? гэр бүлийн гишүүдийг заналхийлсэн үү? Үд гэм хор учруулсан уу? бодит аюул учирсан уу? гэдэгт шүүх анхаарал хандуулах нь зүйтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь шаардлага болон татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., ... дугаар зүйлийн ....1.-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн гэж үзэж байна. Энэ талаар хавтаст хэрэгт О.Үгийн гараар бичиж өгсөн хүсэлтээр, эрх бүхий байгууллагад очиж уулзаж, хөөцөлдөж байгаагаар илэрч байна. Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэдэг нь бичгээр хийгдсэн, гэрчлүүлэх эрх бүхий байгууллагаар гэрчлүүлсэн, бүртгүүлбэл зохиох байгууллагад бүртгүүлсэн гэж үзээд маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Х нь нэхэмжлэгчээс 48.074.501 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь Үд зээлсэн зээл болон зээлийн хүү, Үд мөнгө зээлэхийн тулд бусдаас зээлсэн мөнгөний хүү, татварын албанд тушаасан хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой зардлууд байгаа юм. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч Ү нь эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэхүү гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл буюу 5 сарын хугацаанд биелүүлээгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгч буюу Хад үүссэн, өмнөх өмчлөгчийн эрх дууссан учраас маргаан бүхий байрнаас О.Үг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Үгийн нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2018 оноос мөнгө зээлж эхэлсэн ба Ц багийн 7-8-... тоот орон сууцыг зээлийн хүүд тооцно гээд өгөхгүй байна гэсэн байдаг. Мөн уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, энэ талаар нотлох баримт байхгүй. Мөн айлгаж дарамталсан гэж байгаа боловч энэ талаар зохих байгууллагад хандаж шалгуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Ү нөхөр Эрдэнэсайханы хамт очоод Хаас өөрөө хүсэж 87.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, бичиг хийж өгч, 87.000.000 төгрөгийн 75.000.000 төгрөгт нь орон сууцаа худалдаж, үлдсэн 12.000.000 төгрөгийн зээлийг хүүтэй төлөхөөр тохирсон. Уг байрыг авахад Х банкнаас болон нөхөр, хүүхдийнхээ хадгаламжийн дэвтэр, Загдсүрэнгээс зээлийн гэрээ байгуулж мөнгө авч, 26.000.000 төгрөгийг бүрдүүлж, уг орон сууцын зээлийг хаасан. 87,000,000 төгрөг дээр 26.000.000 төгрөгийг нэмэхээр 105.000.000 төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. Урьд үүссэн буюу 2018 оноос 2012 оноос эхэлж эдгээр хүмүүсийн хоорондох харилцаа үүссэн. Худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч талаас дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж тайлбарлаж байна. Худалдах, худалдан авах гэрээг татвараас зайлсхийх, татварын мөнгийг төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ байгуулах буюу үнэгүй шилжүүлсэн байдлаар хийсэн гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж ярьдаг. Түүнээс биш мөнгөө төлөөд авах ёстой мөнгөнийхөө 75.000.000 төгрөгт тааруулж байрыг авсан асуудлыг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Нэхэмжлэгч тал байрыг худалдаж авахдаа мөнгө шилжүүлээгүй гэдэг нь уг үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа юм. Ямар нэгэн зүйл худалдаж авахдаа заавал мөнгө өгдөггүй, хүн өрөндөө орон сууц, машин, гар утас зэргийг суутгаад худалдаж авах хэлбэр байдаг. ... ....000.000 төгрөг яаж гараад байгаа талаар нэхэмжлэгч тал ойлгохгүй байх шиг байна. 87.000.000 төгрөгийн өр зээлтэй байсан гэдгээ Ү хүлээн зөвшөөрч нөхрийн хамт ирээд хавтаст хэргийн 80 дугаар талаас 81 дүгээр талд авагдсан баталгаа, зээлийн гэрээг бичиж өгч, өөрөө гарын үсгээ зурсан. Уг 87.000.000 төгрөгөөс 75.000.000 төгрөгийг хасаад 12.000.000 төгрөг үлддэг. Үүн дээр байрыг худалдаж авахад байрны зээлд төлсөн 26.000.000 төгрөгийг нэмээд ....000.000 төгрөг гарч ирсэн юм. Өргөдөл гарах үедээ 5,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг учраас үүнийг хасаад 33.000.000 төгрөгийг нэхэмжилдэг. Үүнээс харахад Үгийн гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үгаас үндсэн зээл 33.000.000 төгрөг, банк болон хувь хүнд төлсөн хүүнд төлсөнэ 14.324.501 төгрөгийг нэмээд 47.324.501 төгрөгийн шаардах эрх Хад үүссэн. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулахад 750.000 төгрөгийг Х төлсөн. Үүнийг нэмээд 48.074.501 төгрөгийг Үгаас гаргуулах, О аймаг Б сум, Ц баг, 7-8-... тоот Хын өмчлөлийн орон сууцнаас Үг албадан гаргуулжах сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Үгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01495 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан О.Ү, Б.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч О.Үгаас зээлийн үлдэгдэл 61.071.900 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 21.324.501 төгрөг гаргуулах, О аймаг Б сум Ц баг 7-8-... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамж 532.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Үд олгож, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468.522 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Үгаас 442.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлээс “О.Үгаас зээлийн үлдзгдэл 61.071.900 төгрөгийг гаргуулах” хэсгийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг бүрэн судлалгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. А. Хариуцагч 2018 оноос 2022 оны 06 cap хүртэл 321.836.500 төгрөгийг зээлж, буцаан 287.514.600 төгрөгийг авсан гэх маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч 321.836.500 төгрөг өгсөн гэх баримтад дутуу дүгнэлт хийсэн ба талуудын хэрэпг гаргаж өгсөн дансны хуулбар /хавсралт №1/ баримтаар 317.184.500 төгрөг байх тул шүүхээс 321.836.500 төгрөг гэдэг нь тогтоогдож байна гэх үндэслэл нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч өгсөн мөнгөний тооцоогоо буруу гаргасан байна. Б. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 48.074.501 төгрөг байхад нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлсэн 61.071.900 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2.-т заасныг зөрчсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.3., 118.4., 118.5. -т нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр агуулгыг зааж, шийдвэрлэхийг хуульчилсан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зээлийн үлдэгдлийн зөрүү төлбөр 29.670.500 төгрөг үлдсэн байгаа нь /хавсралт №1/ хэрэгт авагдсан баримтаас харагдана. 2. Хариуцагч 321.836.500 төгрөгийг зээлсэн гэх мөнгөндөө Үүрээгийн найз гэх, мөн нөхөр Нямсүрэнгээс шилжүүлсэн гэх /Хавсралт №1 2.100.000 оруулан тооцсныг анхаараагүй. Мөн анхан шатны шүүх зохигчид 26.000.000 төгрөгийг оруулан зээлийн үлдэгдэлд тооцон тайлбар, нотлох баримтаа гаргасан зэргийг анхаарч үзээгүй шийдвэрлэсэн. Учир нь 2022.05.25 -ны өдөр зээлийн барьцаанд орон сууцыг шилжүүлэхдээ 26.000.000 төгрөгний зээл нь нийт зээлж авсан мөнгөндөө тооцож, талууд тайлбараа гаргасныг анхаарч үзээгүй, үндэслэлгүй 26.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл хариуцагчаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 34.321.900 төгрөг, орон сууцны үлдэгдэл 26.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байх тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.09-ний өдрийн 142/Ш32022/01495 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Б.Х би О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 142/Ш32022/01495 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 1. О.Үд би 2012 оноос эхлэн мөнгө төгрөг зээлж эхэлсэн харин О.үүриинтуяа надад мөнгө төгрөг зээлж баигаагүи бөгөөд харин надад зээлсэн мөнгөнийхөө хүүг өөрийнхөө санал болгосны дагуу төлсөөр ирсэн. 2018 онд О.Ү надаас 14.200.000 төгрөг авч 3.683.000 төгрөг өгсөн ба 2019 онд 8.435.000 төгрөг аваад 2018 онд авсан мөнгөнийхөө хүүнд 22.256.600 төгрөгийг төлсөн, 2020 онд 14.309.500 төгрөг аваад 26.604.900 төгрөгийг урд онд авсан мөнгөнийхөө хүүнд төлсөн, 2021 онд 252.000 төгрөг аваад 20.833.000 төгрөгийг урд авсан мөнгөнийхөө хүүг төлсөн. Нэг үгээр хэлбэл О.Ү нь 2018 онд зээлж авсан мөнгөнийхөө хүүг өөрийнхөө санал болгосон үнийн дүнгээр төлж байсан. Энэ нь О.Ү бид хоёрын хооронд цахим хэлбэрээр өөрсдийнхөе саналыг илэрхийлж хүүтэй мөнгө зээлээд тэр хүүгээ төлсөн асуудал бөгөөд энэ харилцаа маань тухайн үедээ 13.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй болоод дууссан. Харин О.Ү, Эрдэнэсайхан бид гурав тооцоо нийлэхдээ 2022 онд надаас О.Ү 2022 оны 04 сарын 07-ны өдөр 12.000.000 төгрөг аваад 2.000.000 төгрөгийг хасалт хийж 10.000.000 төгрөг үлдсэн, 2022 оны 04 сарын 27-нд 5.000.000 төгрөг, 2022 оны 04 сарын 30-нд 15.000.000 төгрөг, 2022 оны 5 сарын 11-нд 16.000.000 төгоөг 2022 оны 05 саоын 12-нд 10.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 16-нд 18.000.000 төгрөг нийтдээ 74.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр, урд оны үлдэгдэл 13.100.000 төгрөгийг нэмээд 87.100.000 төгрөгний өр байгаа болохыг тооцож О.Ү, О.Э нар гарын үсэг зурсан юм. Дээрх тооцооноос харахад О.Ү нь 2018-2021 онд надад төлсөн мөнгө нь хүүгээ төлсөн төлбөр юм, 2018-2021 онд төлсөн төлбөрийг 2022 онд зээлж авсан мөнгөний нийт үнийн дүнгээс хасаж байгаа нь ирээдүйд бий болох харилцааг буюу 2022 онд надаас их хэмжээний мөнгө авна, тэгэхээр урьдчилж төлөөд байя гэж О.Ү урьдчилж мэдээд надад мөнгө төлөөд байсан юм шиг үйлдэл гаргасан болохыг шүүх хурал дээр бид нар тодорхой тайлбарласан боловч анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Ер нь бол О.Ү нь надад өгөх естой 87.000.000 төгрөгөө төлөхөөс зайлсхийж, өөрөө эрх зүйч мэргэжилтэй хуулийн чиглэлийн хүн болохоор намайг хуурч, залилан мэхлэх үйлдэл гаргаж байгаад би гомдолтой байна. 2.Миний хувьд О.Үгаас дүр эсгэж орон сууц худалдаж аваагүй, бидний хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу О.Ү надад өгөх ёстой мөнгөн төлбөрөөс 75.000.000 төгрөгт тооцож худалдсан болохыг шүүх хуралд хариуцагч талаас маш сайн тайлбарласан. Ер нь бол аливаа зүйлийг худалдаж авахдаа өрнөөс хасаж тооцож болохгүй заавал бэлэн мөнгийг нь тэр дор нь өгснөөр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүснэ, ингэсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр байна гэдэг хуулийн заалт зохицуулалт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэхээр байна. 26.000.000 төгрөгийг төлж байгаа нь би тухайн байрны үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлсөн энийг дүр үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрвээ зээлийн гэрээний барьцаа мэтээр тохиролцоо хийгдсэн бол нотариатаар орж олон шат дамжпага дамжиж улсын бүртгэлийн байгууллагаар орж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэхгүй байсан. Хэрвээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн хэлсэн тайлбараар зарах зорилгогүй байсан бол зүгээр л өөрийнхөө гэрчилгээг надад цаасан хэлбэрээр өгөхөд л хангалттай. 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1а.6 дахь хэсэгт “...талуудын хооронд хэзээ, хэдэн төгрөгийг, ямар хугацаагаар, ямар хүүтэйгээр зээлсэн болох нь тодорхойгүй” гэж тусгасан нь үндэслэлгүй. Хариуцагч миний шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу харилцсан чаатанд үзлэг хийн, тэмдэглэлээр баталгаажуулан хавтаст хэрэгт авагдсан. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үзлэг хийгдэх ажиллагаанд болон үзлэгийн тэмдэглэлд тусгуулснаар “О.Ү нь 20 оны  сарын  -ны өдөр _төгрөгийг _ хоногийн хугацаатай авъя.  –ийг өгье” /хх-ийн хуудас/ гэх мэтээр бичсэн мессежээр нотлогдож, энэ нь дансны хуулгатай харьцуулахад яг таг таарч байгаа зэргийг харгалзан үзэж бодит байдлыг тогтоон, нотлох баримтыг үнэлээгүй. 4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...намайг элдвээр дарамтлан айлгаж байгаад, нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн” гэж тусгасан бөгөөд нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, энэхүү үндэслэл нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоох нь үндэслэлгүй. 5. Сөрөг нэхэмжпэлийн хувьд би 48.074.501 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх 26.750.000 төгрөгийг хангасныг зөвшөөрч байна, харин сөрөг нэхэмжлэлийн үлдэх зээлийн төлбөрөөс 7.000.000 төгрөг, хүү 14.324.501 төгрөг нийт 21.324.501 төгрөгийг гаргуулах орон сууцнаас албадан гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь миний хүүнд шаардсан 14.324.501 төгрөгийг би банкнаас авсан зээлийн хүү, хүүхдийн хадгаламжаас олох байсан хүүний орлого, бусад хувь хүнээс О.Үд авч өгсөн мөнгөний зээлийн гэрээ зэргээр хангалттай нотлогдож байна. Мөн О.Үгийн өөрийнх нь бичиж өгсөн баримтаар ....000.000 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тогтоогддог гэтэл үлдэх зээлийн 7.000.000 төгрөг, хүү 14.324.501 төгрөг нийт 21.324.501 төгрөгийг анхан шатны шүүх нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүх нь хавтаст хэрэгт авагдсан О.Үгийн гараар бичсэн өргөдөл, бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээ бусад нотлох баримтууд болон миний шүүхэд гаргасан тайлбар, бусад нотлох баримтыг огт харгалзаж үзээгүй, үнэлээгүй бөгөөд үндэслэлээ шүүхийн шийдвэртээ тусгаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэж заасныг тус тус зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү. 6. Мөн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд О.Үг тус орон сууцнаас албадан гаргах үндэслэл бий болж сөрөг нэхэмжпэл хангагдах байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. 7. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Хаас 321.836.500 төгрөг авсан гэдгийг зөв тооцсон харин О.Үгаас 287.514.600 төгрөг шилжүүлсэн гэж буруу тооцож дүгнэсэн ба О.Ү нь Б.Хад 276.405.500 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ зөрүү нь 11.109.100 төгрөг хасагдаагүй нь буруу тооцоолол болсон гэж үзэхээр байна. Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 142/Ш32022/01495 дугаартай шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, О аймаг Б сум Ц баг 7-8-... тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байсан болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлд дурдсан 48,074,501 төгрөгийг бүрэн хангасан байдлаар өөрчлөлт хийж, О.Үг албадан гаргах тухай сөрөг шаардлагыг хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хурлын товыг мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч О.Ү нь хариуцагч  Б.Хад холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч  О.Үгаас зээлийн гэрээний үүрэгт 48.074.501 төгрөг гаргуулах, О аймаг Б сумын Ц баг 7-8-... тоот орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан О.Ү, Б.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч О.Үгаас зээлийн үлдэгдэл 61.071.900 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 21.324.501 төгрөг гаргуулах, О аймаг Б сум Ц баг 7-8-... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч О.Ү, хариуцагч Б.Х нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр О аймгийн Б сумын 11  дүгээр  баг 7 дугаар хороолол, 8 дугаар  байр, ... тоот 45 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөг худалдахаар тохирч, төлбөрийг 2019-2022 оны хооронд хариуцагч Б.Хын хаан банкны 5217026766 дугаар данс, худалдаа хөгжлийн банкны 407204090 дугаар данснаас О.Үгийн хаан банкны 5094189524 дугаар  данс, худалдаа хөгжлийн банкны 407339489 дугаар дансаар шилжүүлж, бүрэн төлсөн гэж тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, талууд гэрээг нотариатчаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, нэхэмжлэгч О.Үгийн өмчлөх эрх дуусгавар болж, хариуцагч Б.Х өмчлөх эрхийн гэрчилгээг авч өмчлөгч  болжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг “... дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д энэ хуулийн 56.1.-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байх тул байрны үнэ 75.000.000 төгрөгнөөс нэхэмжлэгч  О.Үгийн  хариуцагч Б.Хад  2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өгсөн 5.000.000 төгрөгийг хасч, нэхэмжлэгч  О.Үгаас  70.000.000 төгрөг гаргуулж,  хариуцагч Б.Хад олгож,  хариуцагч Б.Хаас О аймгийн Б сумын 11 дүгээр  баг 7 дугаар хороолол, 8 дугаар  байр, ... тоот 45 м2  талбайтай 2 өрөө орон сууцыг  нэхэмжлэгч  О.Үд буцааж өгөх үүрэгтэй болно .

Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн тул хариуцагчийн  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Б.Х нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 463.309 төгрөг, хариуцагч Б.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 404.973 төгрөгийг буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01495 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан О.Ү, Б.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч О.Үгаас зээлийн үлдэгдэл 61.071.900 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 21.324.501 төгрөг гаргуулах, О аймаг Б сум Ц баг 7-8-... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...”,  гэснийг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Ү, хариуцагч Б.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч О.Үгаас байрны үнэ 70.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Үгаас нийт 48.074.501 төгрөгийг гаргуулж, О аймаг Б сум Ц баг 7-8-... тоот орон сууцнаас О.Үг албадан гаргаж, чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч О.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамж 532.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Үд олгож, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468.522 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Үгаас 442.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамж 507.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Үд олгож, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468.582 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй...” гэж,

Шийдвэрийн  3 дугаар заалтанд “... 2022 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн 4059 дугаар захирамжийг хүчингүй болгосугай...” гэж нэмж,

Шийдвэрийн 3 дугаар заалтыг 4 дугаар заалт болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59  дүгээр   зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 463.309 төгрөг, хариуцагч Б.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 404.973 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   С.У

 ШҮҮГЧ                                                                           Б.О

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.Б