| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0216/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/26 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 21.2.1., 21.5.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгиин хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгч Б.Мягмарсүрэн
Шүүгдэгч М.Б-, Ч.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ж-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л овогт М.Б-,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Ч.Ж-,
Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн - сумын - багийн нутаг Бэрхийн гозгор гэх газраас иргэн Ч.Ж-ийн 7 тооны ямаа, 45 тооны хонь, мөн 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн - сумын - багийн нутгаас иргэн Ч.Ж-ийн 1 тооны үхэр болох олон тооны мал хулгайлж иргэн Ч.Ж-ийн эд хөрөнгөд 4.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн яллагдагч М.Б-д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Ч.Ж-ийг хулгайд алдсан малаасаа 15 хонийг буцааж олж авсан хэмээн зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд,
Шүүгдэгч Ч.Ж- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн яллагдагч М.Б-д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хулгайд алдсан 45 тооны хониноос 15 хонийг нь олж авсан гэж Шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн - сумын - багийн нутаг Бэрхийн гозгор гэх газраас хохирогч Ч.Ж-ийн 7 тооны ямаа, 45 тооны хонь, мөн 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн - сумын - багийн нутгаас иргэн Ч.Ж-ийн 1 тооны үхэр хулгайлж, бусдын олон тооны малыг хулгайлж, иргэн Ч.Ж-ийн эд хөрөнгөд 4.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогч Ч.Ж-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
Шүүгдэгч Ч.Ж- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:


Хохирогч Ч.Ж-ийн мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: “...Аймгийн төвд 10 гаруй хоноод очоод хонио тоолтол манай хониноос эхлээд 7 ямаа, 26 хонь дутсан. Дараа нь 10 гаруй хоногийн дараа хонио тоолоход 11 хонь дутсан байсан. Дараа нь нэг их удалгүй хоёроос гурав хоногийн дараа хонио тоолоод үзэхэд 8 хонь дутсан байсан. Нийт манай хониноос 45 хонь, 7 ямаа хулгайд алдагдсан. Манай хулгайд алдагдсан 7 ямаа, 45 хониноос 6 ширхэг хонийг Түнэл сумын 4 дүгээр багийн иргэн Пүрэвдорж гэх айлд аваачиж өгсөн байсан. Бас 7 ширхэг хонь одоо М.Б-ий хонинд байгаа, тэр хонинуудыг өөрийнхөө хонины тэмдгээр тэмдэглэсэн байгаа. ... Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 10 цагийн үед босоод үхрээ тоолсон чинь манай үхрээс 6 үхэр алга болсон байсан. Тухайн үед би Түнэл сумын 5 дугаар багийн нутгаар үхрээ хайж бэдэрсэн боловч олдоогүй. 6 тооны үхэр алдагдахад цуг байсан бор сарлагийн үнээг М.Б- энэ өвлийн идшиндээ идсэн байсан. Тэр талаар өөрөө надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 24-27,120-122-р тал/,
Гэрч Д.П-н мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: “...Манай нутгийн М.Б- гээд залуу надаас 2017 оны 10 дугаар сард дараа мөнгийг нь өгье гээд 2 ширхэг шар хээтэй авдар авсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр санаж байна, над руу залгаад би 2 авдарныхаа өлтгөнд хонь өгье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “чи тэгвэл хонио туугаад аваад ир” гэж хэлсэн чинь “би тууж очих зав алга, Өлзийцэцэг гэдэг ахаар ачуулаад хүргүүлье” гэж надад хэлсэн. Тэгээд би гэртээ байж байтал Өлзийцэцэг өөрийн эзэмшлийн цагаан өнгийн пургон автомашинаар манайд 6 ширхэг хонь авчирсан. Түүнээс хойш манай нутгийн мянгат малчин Ч.Ж- манайд ирээд хонь шүүж үзэхэд М.Б-ий надад өгсөн 6 ширхэг хонь Ч.Ж-ийн хонь болох нь тодорхой болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн:Би энэ хэргийн талаар ямар ч зүйл мэдэхгүй. Би 2017 оны өвөл 12 дугаар сарын сүүлээр санаад байна. Түнэл сумын 5-р багийн нутаг “Бэрхийн даваа” гэдэг газар байх ээж Хөхрийгийндөө очиж гэрийг нь харангаа малаа харж 7 хоног хэртэй болоод буцсан. Манай дүү М.Б- Ч.Ж- гэдэг айлын нэг үхрийг алж идсэн талаар сураг сонссон. Би М.Б-ийг хулгай хийсэн талаар огт мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34-35- р тал/,
Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн:"... Би 2017 оны 11 сард Түнэл сумын 4 дүгээр багийн Жаймаа ахынд сарын 250.000 төгрөгөөр малыг нь харж өгөхөөр болсон. Намайг мал харж байх үед хонь ямаа дутсан байсан. Тэгтэл Жаймаа ахын ойролцоо байх М.Б- гэдэг залуу хонь, ямаа авсан байсан. Би хэдэн хонь ямаа алга болсон талаар мэдээгүй. Мөн хэзээ хэдэн хонь, ямаа алдагдсан талаар нь мэдээгүй. Би малаа тоолдоггүй байсан. Би малыг нь хөдөө гэрт нь ганцаараа харж байсан. Надад малаа тоолж хүлээлгэж өгөөгүй. Надад малынхаа тоог хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
Гэрч Н.Э-йн мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: “...Манай хонинд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр дөрвөн тооны хонь нийлсэн байсан. Эдгээр хонийг манай ойролцоо байх М.Б- манай хонь байна би тэгж байгаад авнаа гэж байсан. Тэгээд он гараад удаагүй байхад манай нутгийн Өлзий гэдэг хүнтэй М.Б- цуг ирээд нөгөө дөрвөн хониныхоо гурвыг нь Өлзий гэдэг хүний цагаан саарал өнгийн пургон машинд ачаад явуулсан. М.Б- надад хааш нь явуулж байгаа талаараа хэлээгүй. Үлдсэн нэг хонийг нь М.Б- намайг та наад хонио авбал авахгүй юу гэхээр нь би чиний хониор яах вэ хонио аваарай гэж хэлсэн. Тэр нь жижигхэн хар хүзүүтэй хурга байсан. Сүүлд нь тэр хургыг Ч.Ж- манай хурга байна гээд аваад явсан. Би М.Б-ий хурга л гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,
Гэрч Ч.Ө-йн мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: “...Би Пүрэвдорж гэдэг айлын хажуугаас мөс ачихаар машинаараа явах гэтэл тэр багийн М.Б- гэдэг залуу намайг тэднийх рүү явах гэж байгааг мэдээд би Пүрэвдорж ахад хонь өгөх ёстой юмаа та дөхүүлээд өгчихөөч гэхээр нь хонийг нь дөхүүлж өгөөд мөс ачиж ирсэн. Ойролцоо байх Мөнхөө гэдэг айлын хониноос бага шиг хонь ачуулж явуулсан. Тэнд хурга, төлөгнүүд байсан зүсийг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,
Гэрч Я.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:: ...Би нөхөр Ч.Ж-ийн хамт гэртээ байхад манайхаас хонь, ямаа, хулгай хийсэн М.Б- гэх залуу манай гэрт ирээд манай нөхөртэй уулзаад “Өнөөдөр 14 цагаас шүүх хурал болно. Та шүүх хуралд суугаад өгөөч” гэж гуйгаад ... Мөрөн лүү явсан. Тэгээд буцаж ирэхдээ “М.Б- надаар шүүх хурал дээр худлаа мэдүүлэг өгүүлээд хэрэг нь задарчихлаа” гэсээр ирсэн. Тэгэхээр нь би нөхрөөсөө “юу гэж хэлсэн юм бэ” гэж асуухад “М.Б- надаас гуйгаад 24 богоос дээш мал хулгай хийсэн гээд шоронд явчих гээд байна.Та зарим малаа айлын хониноос олж авсан гээд хэлээд өгөөч” гэхээр нь тэгээд хэлчихсэн чинь хэрэг нь задарчихлаа” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р тал/,
Шүүгдэгч М.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “..”хх-ийн 63-65, 136-138-р тал/,
Шүүгдэгч Ч.Ж-ийн мөрдөн шалгах ажилллагааны явцад яллагдагчаар өгсөн: “..”/ хх-ийн 130-131-р тал/,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2018.09.13-ны өдрийн 456 дугаартай тэмдэглэл /хх-ийн 103-110-р тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-р тал/ Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 10-11-р тал/
Эд мөрийн баримтхураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 46, 52-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн - сумын - багийн нутаг Бэрхийн гозгор гэх газраас хохирогч Ч.Ж-ийн 7 тооны ямаа, 45 тооны хонь, мөн 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн - сумын - багийн нутгаас иргэн Ч.Ж-ийн 1 тооны үхэр хулгайлж, бусдын олон тооны малыг хулгайлж, хохирогч Ч.Ж-ийн эд хөрөнгөд 4.205.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогч Ч.Ж-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
Шүүгдэгч Ч.Ж- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч М.Б-ийг мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны малыг хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Шүүгдэгч Ч.Ж-ийг хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч М.Б-, Ч.Ж- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Б-ий гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид оногдуулах торгох, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б-, хохирогч Ч.Ж- нар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба хохирогч нь нэхэмжпэх зүйлгүй гэх тул шүүгдэгч М.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн - дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-г мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны малыг хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Ч.Ж-г хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Ч.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ сараар хасаж, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-й Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-, Ч.Ж- нарт мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн 1838002600189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Ч.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэ эг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР