Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2023/00046

 

 “Э”

ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“Хв” ХХК-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/00375 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Э” ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хв” ХХК-д холбогдох,

“Цахилгаан, дулаан, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулсны төлбөр 6.328,329,69 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ОНӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

...Х ХХК нь Г багт байрлан гурил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 11 сараас эхлэн хэрэглээний төлбөрөө төлөлгүй удаа дараа шаардсан боловч 2021 оны 02 дугаар сарын 16-ны байдлаар дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр 4.409.703,69 төгрөг, алданги 1.918.626 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаас ирүүлсэн хэмжилт хийсэн баримтанд заасан 416 м3 гэдгийг буруу ойлгоод байх шиг байна, энэ талбай нь 416 м3 дулаан хэрэглэж байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Хариуцагч талаас 201 м3 дулаан хэрэглэж байна гэдэг. Хариуцагч үйлдвэрийнхээ хэсгүүдийн боох боолтыг хийгээгүй. Дулааныг хаагаад шугамыг боох ажиллагааг ерөөсөө хийгээгүй. Үүнийг боох юм бол 215 м3 хасна гэдэг байдлаар протоколд бичсэн байгаа. 2018 он хүртэл 301 м3 дулаан хэрэглэж байсан гэх баримт нь байна, 2015 оны 10 сараас 501 м3 болсон. 2015 оны 09 сараас өмнө 303 м3-ээр хэрэглэж байсан, талбай нь буруу хэмжилттэй, үйлдвэрийн хэсэг ороогүй талбай, талбайдаа дулаан авч байгаа юм чинь энэ талбайн хэмжээг 501 м3 байх нь зөв гэж дулааны цахилгаан станцаас очиж хэмжилт хийгээд 2015 оны 09 сараас хойш дулааны төлбөр авч байсан баримт нь байна. 2018 он хүртэл 501 м3-ээр өөрсдөө төлбөрөө төлөөд явж байсан гэсэн үг. 2020 оны 09 сарын 13-ны өдөр төлбөр их хэмжээгээр хуримтлагдаад өр барагдуулахаар дулааны албаныхан борлуулалтын албатай хамтраад очиж үзлэг хийхэд 501 м3 талбайд ямар ч дулаалга хийгээгүй байсан. Тэр талбай тэр чигтээ дулаан хэрэглэж байсан гэсэн зураг нь байгаа. Дулаан цахилгаан станцтай 12 сарын 23-ны өдөр очиход боолт хийсэн байсан. Хариуцагч талын хэлж байгаа 201 м3 гээд байгаа хэсэгт дулаан авч байсан, 215 м3 дулаан аваагүй гэсэн, 85 м3 буюу дамжих шугамаа дулаалсан гэдгээ мэдэгдсэн, 215 тоот өрөөний хэсгээ дулаалж, боогоод манай байгууллагад мэдэгдэх юм бол үүнээс хойш дулааны төлбөрөөс 215 метр кубыг нь хасна гэж тухайн үед тайлбарлаж хэлсэн. Төлбөрийн баримт программаас гарч ирдэг, программ дээр 215 м3 , 501 м3 гэсэн хэмжээтэй баримтууд байгаа... гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийг гардан авч, шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч ЭЭ ОНӨХК нь дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны, төлбөр 4.409.703,69 төгрөг, алданги 1.918.626 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн дүнгийн тооцоолол буруу байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК Г багт байрлах гурилын үйлдвэрийн байранд 2 өрөөнд дулаан авч байсан. 2018 оны 11 сараас 201,43 м3 талбайд дулаан авч төлбөрийн төлдөг байсан. 2018 оны 11 сараас эхлээд м3-ын хэмжээ нэмэгдэж, талуудын хооронд маргаан үүсээд хамтарсан баг ажиллаад 303 м3 талбай гэж хэмжсэн. Үүний учир холбогдлыг тогтооно гэж байгаад сүүлдээ шүүхэд 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 2 дугаар сарын 26-ны байдлаарх өр төлбөрийг нэхэмжилсэн. Дулаан авч байгаа талбай нь 201,43 м3 талбай, энэ нь үзлэгээр тогтоогдсон. Талуудын маргаад байгаа ганцхан зүйл үйлдвэрийн хэсэг буюу 215 тоот өрөөний хэсэг дээр маргадаг, 215 тоот өрөөний хэсэгт нь дулаан өгдөггүй маш хүйтэн өрөө байгаа. Тэр өрөөгөөр 2 өрөөнд нийлүүлж байгаа дулааныг татах нарийн шугам явдаг. Нарийн шугамны доод хэсгийн дулааныг хаасан, дээд талын буюу хүн хүрэхээргүй таазанд байрлах 2 шугам байдаг өрөөний талбай 215-ыг нэмж оруулсан байдаг. Тэр шугамыг та нар гаднаас нь боолт хийх үүрэгтэй гэж хэлдэг. Тэр өндөрт байгаа шугамын талбайн боолтыг мэргэжлийн хүмүүс биш учраас хийх боломжгүй. 201 м3 дулаан авч байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэхэмжлэгч үнийн дүнг хэрхэн яаж тооцоолж байгаа тооцооллын баримт нь тодорхойгүй, 4,4,97,369 төгрөгийг 502 м3 гэж нэхэмжилсэн, үзлэгээр ийм хэмжээнд хүрэхгүй. Алдангийн тухайд хэрэглэгчээс шалтгаалаагүй, зориуд төлөрөө төлөхгүй байгаа бол хэрэглэгчээс шалтгаална, гэтэл талууд дулаан авч байгаа талбайн хэмжээн дээр маргаантай байгаагаас төлбөрөө төлөөгүй. Анх талбайн хэмжээг 201 гэж тогтоож байснаас гэнэт өөрсдөө сайн дураараа өөрчлөөд 505 болгосон учраас энэ үндэслэлгүй байна. Тэгэхээр ямар хууль тогтоож эрх зүйн актаар тэр үйлдвэрийн хэсгийн нарын шугамуудын хоолойгоор явж байгаа хэсгийг хааж байж дулааныг хасна гэж байгаа, үүнийг ямар эрх зүйн актанд үндэслээд мөнгийг авах эрхтэй гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч тал нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЭЭ ОНӨХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан дулаан, цахилгаан, дулаан, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулсны төлбөр 6,328,329.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ЭЭ ОНӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            ... Анхан шатны шүүх нь Э ОНӨХК нь хэрэглэгчийг ус дулаанаар хангах эрх бүхий байгууллага атлаа нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн ямар хэмжээтэй талбайд үйлчилгээ үзүүлсэнгээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” , “40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” Заалтыг тус тус баримтлаагүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Хв ХХК, ЭЭ ОНӨХК-тай Цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан ба жил бүр гэрээг сунгаж ирсэн. Мөн жил бүр тооцоо нийлсэн акт үйлдэж дулаан авах талбай , дулаан авах үнэ, цэвэр бохир усны үнэ төлбөрийг тохиролцож ирсэн. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаар 2 тал гэрээний үүргийг хүлээж гэрээний дагуу Э ОНӨХК нь Хв ХХК-г цэвэр усаар хангах бохир ус татан зайлуулах, дулаанаар хангах үүргийг биелүүлсээр ирсэн. Харин Хв ХХК нь гэрээний үүргийг биелүүлэлгүй өөрийн хэрэглээний төлбөрийг төлөөгүй тул шүүхээр нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцоолол буруу гэж дулааны төлбөр тооцох талбайн хэмжээ дээр маргасан байдаг. Гэвч жил бүр хэрэглээний төлбөр тооцоо болон талбайн хэмжээг тохирсон акт үйлдэж 2 тал хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байтал одоог хүртэл өөрийн хэрэглээг төлөхгүй зайлсхийж хангагч байгууллагыг алдагдалд оруулж байна. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Нэхэмжлэлийг гаргахдаа Хариуцагчтай байгуулсан гэрээний хуулбар /ХХ-н 5-8-р хуудас/, cap бүр хэрэглэж байсан хэрэглээний төлбөр тооцооны дэлгэрэнгүй /ХХ-ын 9-р хуудас/, мөн хэрэглэгчтэй жил бүр тооцоо нийлсэн буюу дулаанаар хангуулах м3-ийг тохиролцож гарын үсэг зурсан аж ахуй нэгжийн тооцооны хуудас /ХХ-27-30-р хуудас/ зэрэг хангалттай нотлох баримтыг бүрдүүлсэн байтал нотлох баримтаар нотолж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай байгууллага хэрэглэгчидтэй Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйл, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийг тус тус үндэслэн гэрээ байгуулсны үндсэн дээр айл өрх, ААНБ-уудаас дулаан, усны төлбөрийг авдаг. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн ЗИ.Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф /Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тариф/, гэрээний үнийн дагуу тооцно. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 215 дугаар тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан ‘Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф”-аар төлбөр тооцоог бодож авч байсан. Харин цэвэр бохир усны төлбөр тооцоог Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 95, 2019 оны 50, 2020 оны 39 дүгээр тогтоолоор төлбөр тооцоог бодсон. Цэвэр бохир усны хэрэглээ нь хариуцагчийн өөрийн хэмжих хэрэглэлээр тооцож авч байсан ба байгууллагын талбайн хэмжээтэй огт хамааралгүй тул өөрийн хэрэглээний төлбөрийг гэрээний дагуу төлөх үүрэгтэй юм. Гэтэл Анхан шатны шүүх нь ямар хэмжээтэй талбайд үйлчилгээ үзүүлсэнгээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг бүрэн судлаагүй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/00375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардпагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

           1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

          2.Нэхэмжлэгч “ЭЭ” ОНӨХК шүүхэд “...2018 оны 11 сараас 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хэрэглэсэн дулаан, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны төлбөр, алданги-6.328.329,69 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...дүнгийн тооцоолол буруу байна. “...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх тайлбар гаргаж маргасан байна.

         3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         4.Нэхэмжлэгч ЭЭ” ОНӨХК хариуцагч “Х” ХХК нарын хооронд “Цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах” гэрээ анх 2014 оны 12 сарын 3-ны өдөр байгуулагдсан, гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгасан болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

           5.Талуудын хооронд байгуулагдсан тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь цахилгаан, ус, дулааны эрчим хүчээр хангах, цэвэр бохир усыг татан зайлуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хэрэглэгч буюу хариуцагч тал гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу цахилгаан, цэвэр ус, дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө тухайн сард багтаан компанийн тооцооны касс болон холбогдох банкинд тушаана” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

         6.Нэхэмжлэгч “ЭЭ” ОНӨХК-аас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж шүүхэд гаргасан “Аж ахуйн нэгжийн тооцоо”- ны К-2169 дугаар бүхий 2015.10.01-ний өдрийн баримтанд эзэлхүүний хэмжээ 303.1, нэгж дулааны үнэ 503.8 төгрөг, нийт дулааны төлбөр-252.516 төгрөг гэж тооцогдсон, 2016 оноос 2019 оны 5 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд хэрэглэгчийн хэрэглэсэн дулааны задгай тооцоо буюу 2 талын байгууллагын Аж ахуй нэгжийн тооцоонд тухайн байрны эзэлхүүний хэмжээ, төлбөрийн үнэ, тариф тодорхой бичигдсэн байна.

         7.Тухайлбал хэрэглэгчийн ашигласан дулаан, цэвэр бохир ус зайлуулсны төлбөрийн үнэ, тариф өөрчлөгдсөн эсхүл төлбөл зохих хэмжээ жил бүр нэмэгдсэн байдлаар бичигдээгүй болох нь хэрэгт авагдсан Аж ахуй нэгжийн тооцооны баримт, “Х” ХХК-ийн төлөх төлбөрийн талаарх дэлгэрэнгүй баримтаар нотлогдож байхад шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх-ийн 27-30,9-р тал /

         8.Хариуцагч “Х” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.8-д “Хангагчтай холбогдолтой санал хүсэлт, гомдлоо цаг хугацаанд нь гаргах”, 4.2-д “Үнэ тарифийн өөрчлөлтийн талаар хэрэглэгчид мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаанд гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж зааснаар өөрийн эзэмшлийн байрны эзэлхүүний хэмжээнд өөрчлөлт оруулах, төлбөл зохих үнэ, тарифыг өөрчлүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй тул дулаан, цэвэр бохир ус татан зайлуулсны төлбөрийг сард тооцсон үнийн хэмжээгээр төлөх үүрэгтэй.

        9.Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан алданги 1.918.626 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар хариуцагч байгууллагатай хийсэн Аж ахуйн нэгжийн тооцооны баримтанд тусгаагүй, тухай бүрт алдангийг хэрхэн тооцсон талаар хэрэглэгч талд мэдэгдээгүй, хэрэглэгч байгууллага гэрээний үүргээ зөрчсөн байхад гэрээг цуцлах санал гаргаагүй тул алдангийг хэрэглэгч буюу хариуцагч төлөх үндэслэлгүй болно.

        10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хгийн гаргасан “...төлбөр тооцоог Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 95, 2019 оны 50, 2020 оны 39 дүгээр тогтоолоор бодсон. ... шүүх ямар хэмжээтэй талбайд үйлчилгээ үзүүлсэнээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг бүрэн судлаагүй гэж үзэж байна, ...жил бүр хэрэглээний төлбөр тооцоо болон талбайн хэмжээг тохирсон акт үйлдэж 2 тал хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зурсан байхад хангагч байгууллагыг алдагдалд оруулж байна...” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2., 232.6. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/00375 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2.-д зааснаар хариуцагч “Хв” ХХК-иас 4.409.703 төгрөг гаргуулж “ЭЭ” ОНӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.918.626 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...116.203 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэсний дараа хариуцагч “Х” ХХК-иас 85.505 төгрөг гаргуулж “ЭЭ” ОНӨХК-д олгосугай” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116.203 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.Б

       ШҮҮГЧИД                                             С.У

Б.О.