Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн - дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Д-, 

Шүүгдэгч Д.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Хөвсгөл аймгийн У сумын төвд эмнэлгийн хашаанд иргэн Д.Б-тай “бусдыг хүндэлж золгосонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, зодолдон түүний эрүүл мэндэд “баруун эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн ил хугарал баруун 1 дүгээр хуруунд шарх, баруун зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 25-нь өдөр Хөвсгөл аймгийн У сумын төвд хохирогч Д.Б-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр найз Зоригхүүгийнд золгуут хийхээр очоод 1 литр монгол архи уусан. Зоригхүүгийнхээс гараад Дамбий гэдэг эмчийнд золгуут хийхээр очсон. Намайг очиход Д.Д-, Очирбат, Цогхүү нар золгуут хийгээд сууж байсан. Би эхлээд Должмаа багштай золгоход Д.Д- “чи хэвтэрт байгаа бие муу хүнтэй эхлээд золгохгүй яасан юм” гэхээр нь би мэдсэнгүй, хэвтэж байсныг анзаарсангүй гэж хэлээд үүнээс үүдэлтэй маргалдаад Д.Д-, Очирбат, Цогхүү бид нар зэрэгцээд айлаас гарцгаасан. Бид нар Цогхүүгийн машин дотор суугаад Д.Д- бид хоёр хойд талын суудал дээр суугаад маргалдаж барилцаж авсан.Машинаас буугаад би Д.Д-ыг унагаагаад дээрээс нь заамдахад Д.Д- миний баруун талын гарны эрхий хуруунаас хазсан. Ингэж хазаж байх үед Очирбат ирээд миний араас хувцаснаас татахад миний хоолой боогдсон. Ингэж амь тэмцэж байхдаа Д.Д-ын нүдрүү гараа хийсэн байх. Миний толгой өвдөөд, мөн 2 нүдэнд цус хурсан. 2 нүдний дээд, доод зовхи улайж, хөхөрсөн. Баруун гарын эрхийг хурууг тас хазсаны улмаас яаралтай Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. …Би Д.Д-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул цаашид гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18, 48-р тал/

Гэрч Ө.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр өдөр би орой 22 цагийн орчимд Цогхүү, Д.Д- нарын хамтаар ахмад эмч Дамбий эмчийнд золгохоор очсон.Тэгэ байтал гаднаас тэднийд Д.Б- гэх манай нутгийн зүс мэдэх хүн согтуу орж ирсэн. Д.Д- Д.Б-д “Дамбий эмч Должмаа эгч хоёрт золгооч” гэхэд Д.Б- нь золгох үгүйгээ чам шиг юмаар заалгахгүй” гээд Д.Б-, Д.Д- хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд бид нар ч цайллагаа өндөрлөж явах болж Дамбий эмчийн гэрээс гарсан. Гэрээс гараад хамт явсан Цогхүү ахын машинд суугаад явах гэтэл араас Д.Б- гарч ирээд бид нарын машинд сууж явна гэсэн. Д.Д- Д.Б-г машинд суулгахгүй гэж хаалгаа хаагаад бид нар машинтайгаа хөдлөөд явсан. Хөдөлж яваад доод гудамжаар эргээд эмнэлгийн хашаанд явж ирээд Цогхүү ах машинаа тавихаар зогссон. Би жорлон орж хөнгөрчөөд буцаад иртэл Д.Б- бид нарын араас ирчихсэн Д.Д-ыг газар унагаасан дээр нь мордчихсон газар мөргүүлж байсан. Би Д.Б-гийн мөрөн дээрээс гараараа барьж байгаад тэр хоёрыг салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орчим намайг ээлжинд ажил дээрээ хонож ажиллаж байхад шөнийн 03 цагийн орчимд Д.Б- гэх хүн эмнэлэг дээр согтуу ирээд “хүнд зодууллаа, гараа хазууллаа, эмч, цагдаагаа дууд, хурдал, түргэл” гээд нэлээд ширүүн догшин орж ирсэн... Д.Б- нь хүнд зодууллаа, Дашзэвгийн хүүд зодууллаа гэж байсан. Хаана зодуулсанаа яриагүй... Д.Б- гэх хүн баруун нүд нь хавдсан, зүүн нүд нь хөхөрсөн, баруун талын эрхий хуруугаа хүнд хазуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

Гэрч Ш.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн орчимд Очирбат, Д.Д- хоёр ажил дээр ирээд ахмад эмч Дамбий эмчийнд очиж золгоё гээд бид гурав хамтдаа миний жижиг машинаар Дамбий эмчийнд очсон. ... Ингээд явах гэж байхад Дамбий эмчийнд Д.Б- гэх манай нутгийн залуу согтуу орж ирсэн...Настай хүмүүстэй золгосонгүй гэснээс болж Д.Б- нь “та нараар заалгахгүй” гэж маргаан эхэлсэн. Тэгээд хоорондоо үг сөргөж, маргалдаж эхэлсэн. ...Би хэн нь хэрхэн нэгнийгээ яаж зодсон гэдгийг хараагүй. Д.Б- нь Дамбий эмчийн гаднаас бид нартай хамт явах гэж машинд суух гэж зүтгэж байсныг нь тэнд нь хаяад явсан.. ..Д.Д- нь архи дарс уугаад байдаггүй, гайгүй л зан ааштай хүн юм. Ажил төрлөө сайн хийдэг залуу юм..” .гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн оройны 23 цагийн үед миний талийгаач нөхөр Дамбийнямтай эмнэлэгийн жолооч Очирбат, галч Цогхүү, нярав Далай нар золгохоор ирсэн. ...Гаднаас Д.Б- ганцаараа нэлээд согтуу байдалтай орж ирсэн. Д.Б- нөхөртэй маань золгочихоод надтай золголгүй шууд суучихсан. Тэр үед Д.Д- “Д.Б- чи багшид золгооч” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Б- босч ирэнгүүтээ “чи усчин Дашзэвгийн хүүхэд байна” гээд хуруугаараа заагаад байсан.Тэгэхэд Д.Д- “ер нь яриа тохирохгүй юм байна. Хэдүүлээ явж амръя” гээд бүгдээрээ хамт гараад явцгаасан. ...Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрийг шилжих шөнө У сумын төвд Дамбийням эмчийнд сар шинэ тэмдэглээд Цогхүү, Очирбат бид гурав сууж байтал гаднаас Д.Б- гуай орж ирсэн. Тухайн үед Д.Б- гуай бид нарыг овог, нэрээр минь дуудаад “муусайн гоожуурууд” гээд агсраад байхаар нь “бид нар хоорондоо ойлголцохгүй юм байна” гээд гараад явцгаасан. ...Эмнэлгийн хашаан дотор зогсож байтал Д.Б- гуай араас ирээд шууд намайг боомилоод нүүр лүү мангасдах үед нь Д.Б-гийн хуруу зүүн нүд рүү орсон байсан. Би тухайн үед нь ухаан алдаад ар гэдэргээ савж газар унасанаас хойш болсон зүйлийг санахгүй байгаа. ...Миний биед хөнгөн гэмтэл учирсан байсан. Би бусдын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Мөн хохирогч Д.Б- бид нар хоорондоо эвлэрсэн. Бид хоёрын дунд гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 2-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 138 дугаартай: Д.Б-гийн биед баруун эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн ил хугарал баруун 1 дүгээр хуруунд шарх баруун зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн У сумын төвд хохирогч Д.Б-г зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Д.Б-тай харилцан тохиролцож уучлалт гуйж эвлэрсэн тухай бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 48-р тал/,

Эрүүгийн - дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838001870025 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР